2010-06-20

Хагийн хар нуур явах

Зуны аялал ДАШТ-аас болоод хойшлогдоод байна. Аялалд явах цаг энэ жил байхгүй байгаа ч та нарыг аялалд өдөж Е-майл бичснээ Эссе болгосноо веб дээрээ тавьж байна.
Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан явган аялалын хамгийн сайхан зам. Тийш явахдаа Мөнгөнморьт Хойд Хайрхан машинаар хаяулаад 2 өдөр алхах зам Явган аялалын спортын 1-р зэрэг авдаг, бартаа ихтэй байхын хирээр үзэсгэлэнт байгалийг харж болдог сайхан зам. Асралт хайрхан руу 6 сардаа багтаад явбал ялаа шумуул багатай, цаг агаар сайхан байдаг. 7 сард бол тийшээ явахын аргагүй ялаа шумуулын хоол болно. Биеэ засахын тулд 2, 3уулаа явахгүй бол амжихгүй ажил байдын байна лээ. Гэхдээ онгон зэрлэг байгалийг тэнд л жинхэнэ утгаар нь хардаг юм даа.

Намар 9 сарын дунд үе, нэг сайхан налгар өдөр Асралт хайрхан явбал ямар сайхан байдаг гээч. Намрын шар нар над дээр чамдээр тусаад, найган ганхах улиралд нь бид бас найгаад л, Хар мод шар шилмүүсээ хаячихсан, ойн нилэнхүйдээ шар өнгөөр хөвдөө хуччихсан, алхахад намуунхан, зөөлөн урьхан салхи хацар илээд л, дээшээ хараад тэрийгээд хэвтэхэд тэнгэр гүн хөх өнгөтэй, ганц 2 сэмжин үүл л гэнэтхэн дэгдэх цасан шамрага сануулах мэт, амарч суухдаа замын айлаас литрийг нь 1500₮-өөр худалдаж авсан хүйтэн айраг залгилаад, энэ тэрийг дурандаж суухад...  Үгээр хэлэхийн аргагүй үнэхээр сайхан шүү. Та нар нэг төсөөлөөд нүдээ аньдаа ....

За за одоо нээ нээ...  Анх удаа алхаж байгаа хүмүүст бол Асралт хайрхан их хэцүү даваа. Тиймээс бэлтгэлээ сайн хангаж байгаад Хагийн хар нуур явахад болно. Тийшээ явахад мориор\түрээсийн морь үнэтэй\, явган гэсэн 2 янз байна. Явган аялах бол Тэрэлжээс цааш нэвтрээд машинаар Дундбаян гэдэг гол хүртэл машинаар хүргүүлнэ. Тэрэлжээс цааш 3 баян гэдэг нэртэй 3 гол байдаг. Сайн машинтай бол Хавиргын даваа хүртэл машинаар хаяулж болно. Энэ нь та нарт сайн, харин машинд муу талтай. Дундбаян голоос алхвал шууд алхаад хурдан бол 4 цаг орчим яваад Хавиргын даваа гэдэг хөндлөн хөх уулсын бэлд очино доо. Тэндээ хоноглосон нь дээр байдаг. Гэхдээ сэрэмжтэй байхгүй бол болохгүй. Араатан байхгүй, нутгийн Индианууд даваан дээр дурандаад сууж байдаг юм. Миний мэдэх хэд хэдэн баг замын хоол хүнс, хэрэглэлээ анхны шөнийн "замын мялаалган"-ы дараа нутгийн индиануудад алдаад буцахаас өөр аргагүй байдалд хүрч байсан юм даг. Тэдний арга нарийсаад уургаар хүртэл авах юмаа майхнаас өлгөөд авчихдаг болсон гэсэн. За тэгээд юмаа алдаагүй, сайхан амарсан бол өглөө эртлэн цайгаа уугаад хөдлөх болно доо.

Зогсоорой. Өчигдөр нэг юм мартсан юм байна. Дундбаян гол хүргүүлээд алхаж байхдаа цаг зав байвал 8км хазайгаад Гүнжийн сүм орж болно. Их сайхан түүхтэй сүм. Манжийн хаан ЭнхАмгалангийн гүнж, Чахундоржийн хүү Дондовдоржийн эхнэр болон Монголд ирээд Монгол их хайртай болжээ. Манжийн хааны хэд хэдэн туршуулыг илчилсэн учраас аав нь түүнийг хүн явуулж хороолгуулсан гэдэг. Монголчууд түүнд зориулж сүм бариад тахих болсон. 10 жилийн өмнө очсон чинь засварлаад, бас нэг сүм барих гэж байсан. Машин явдаг болохоор машинаар ч очсон болно. Дээр үед тэнд явж байгаад шүдээ хүртэл камераар өвч зэвсэглэсэн нэг гадаадтай таарсан чинь зөвхөн цэцэг, ургамлын зураг авдаг гэж байсан. Тэр үед миний мэдэхгүй хэд хэдэн хэрэгсэл барьчихсан байсан нь ЖиПейЭс байсан байхаа. Олон цэцэг, ургамлын зураг авдаг хүн маань Монголын байгалийг их өвөрмөцөөр тайлбарлаж байлаа. "Танай байгаль бол яг онгон охин шиг үзэсгэлэнтэй. Цэцэг нь 20-оодхон хоног болоод хагдарч өнгө алддаг ч байгаль бүтээж чадах, хаана ч байхгүй тансаг сайхан бүхнийг цогцлоодог. Тийм болохоороо л богино настай, их харам байдаг байх" гээд л байсан. Өөрийнх нь оронд нь сарнай, лиш гээд сайхан цэцэг зөндөө байдаг ч Монголынх шиг сайхан байдаггүй гээд олон юм ярьсныг нь ойлгоод байгаа хэрнээ яг үгээр сайн буулгаж чадахгүй л байна. Хамгийн гол нь Онгон охин – Монголын байгаль 2 адилхан богино настай, сайхан байгаль гэж ойлгож авсан бөгөөд яаж уран гоёоор хэлэхээ одоо ч мэдэхгүй л байна. Мөн маш сайхан тунгалаг Зуугийн рашаан Хавиргын даваа явах замд бий.
За тэгээд Хавиргын даваагаар давна даа. Даваа биш уул л даа. Огцом өгсүүр замтай, жим нь халтиргаатай. Хавиргын даваагаар ороож уулын оройгоор хярлаж алхана. Тэр Алтан-Өлгий уулын хэсэг. Их том уул бөгөөд хайрга, хадан чулуутай гайгүй бэрх зам байгаа. Гэхдээ байгалийн сайхныг өндөр уулнаас харж явахад таатай. Юмыг яаж мэдэх вэ? Даралтаа үзүүлж байх хэрэгтэй шүү. Уул уруудаад Баянгийн хөндийгөөр ороод уулын\нэр нь орж ирдэггүй\ баруун сугаар ороод алдарт Хонгорын голд очно. Их намуун урсгалтай атлаа ачаатай хүн туулахаар хөл алдмаар ширүүн. Хонгорын голд Хавирганы давааны оргилоос алхаж ирэхэд хурдандаа 5 цаг болдог гэдэг. Эндээ үдлээд цай хоолоо хийж идэх хэрэгтэй. Ус нь хачин сайхан тунгалаг. Урсгал дагасан хэд хэдэн булаг бий. Хонгорын голд очоод шууд усанд хөлөө дүрж болохгүй. 1996 онд нэг туршлагатай тамирчин харвалт өгөөд Хонгорын голоос 3 өдөр дамнуургатай авчирч байсан эмгэнэлтэй түүх байдаг. Тиймээс байнга даралтаа үзүүлж, ачаагаа тааруулж байх хэрэгтэй. Хонгорын голд үдлээд цааш хөдлөхөд торлогтой зам угтана. Их хэцүү зам даа. 1998 онд явж байхад 2 жилийн өмнө шатсан нь хэвээрээ хувцас нилдээ хөө болж байсан. Хурдан буудаж алхаад тамирчид л оройдоо очдог болохоор Хагийн нууранд хүрэхгүй арай наана нь үдлээд хонох хэрэгтэй. Өдөрт дунджаар 40-45 км явах хэрэгтэй.

Ингээд өдөр нь ажуу алхаад Хагийн нуурандаа ирнэ дээ. Гэхдээ замд Молиго нууранд хулхидуулаад Хагийн нуур гээд бодох вий? Хагийн хар нууо гэж 6 уулсыг ороосон их сайхан хөх нуур байгаа. 4 газараа элсэнтэй тохойрсон элсэн эрэгтэй. Тохой гэдэгт нь аялагчид буудалладаг. Би 2 удаа 10-аад жилийн өмнө очиж байхад Загас барих ямар ч сонирхолгүй болгодог байсан. Уурга шийдээд 3 тоолоогүй байхад Алгана загас зуучихна. Эргээсээ 80 метрт 180см гүехэн. Хүсснээрээ сэлж болно. Сэлж байхад алгана засаг хөл мөргөөд л. Ус нь 11 цаг гэхэд сайхан бүлээсчихнэ дээ. Ваннад ордог хүмүүс бол "Юун цагаан сар, юун наадам" гэнэ дээ. 2000 онд явахдаа би 68 алгана загас барьж байж арай гэж нэг Линок барьж байлаа. Та нар ирэхдээ буцах өдрийнхөө хоолыг булж Хагийн нууранд тос, хуурай өндөг, давс, улаан вино зэрэгтэй л ирэх хэрэгтэй. Тэгээд 2 хонолоо гэж бодоход загас шарж, Загасны толгой улаан дарстай чанаж\Ухо гэдэг байхаа\ янз бүрийн төрлийн зөвхөн загас орсон хоол идээд явбал сайн. Гэхдээ одоо мах үнэт орсон шиг Хагийн нуурын загас цөөрсөн гэсэн. Ноднин жилийн 7сард гэхэд Хагийн нууранд 100 гаруй хүн, тэдний тал нь Оросууд байна гэсэн. Оросууд энд Соци үеээс л ирдэг байсан. 1987 оны зун дэсэлгээ хийж загас шүүрддэг байгаад онгоцоо унагасан бөгөөд сэг нь тэндээ нилээд удсан гэдэг. Мөн Дорж генералын бариулсан модон байшин тэнд бас бий. Орой майхны үүдэнд галын дэргэд суухдаа энэ байшингийн тухай аймшгийн "онигоо"-г ярьж өгнө дөө. Жилийн өмнө зохиосон онигоо хачирлагдаад эзэндээ яригдаж байхад гайхах юм байхгүй. Өглөө босоод хар нүдний нуух таталгүй майхнаасаа гараад усруу үсрээд орох айдаа мөн ч сайхан шүү.

За одоо хамгийн супер сонин сайхан бол: Анх газарчилж явсан Баатар ах биднийг , цагийн оройн хоолны дараа дагуулж баруун хойд уул өгсөж байгаад цав цагаан хуш мод үзүүлэв. Ямар сонин байсан гээч. Би энэ тухай 2 жилийн турш хачирлаж ярьж ярьж 2000 онд цагаан гацуураа 10 хүний хамт өдөржингөө хайгаад олоогүй юмдаг. Баатар ахаас ирээд асуусан чинь “тэр чинь харагдана гэсэн хүндээ л харагддаг юм. Би ч хүртэл хааяа олдоггүй, заримдаа олчихдог” гэж байсан. Сонин шүү...  Бас нэг зүйл гэвэл өглөө 4 цаг гээд үүр цайна. Баатар ах сэрээгээд нуурлуу заахад сийрийсэн том бие, зэгзгэр уртаа хөлтэй Хандгайг 100м-ээс харсан юм. 30-аад минут усанд шумбаж хөвд, хаг идэж байгаа хандгайны эвэрийг нь одоо ч тод санаж байна. Мань хүн их бэлэгшээж би 2 дахиа харлаа. Жил бүр Хандгай харах гэж ирдэг юм гээд нулимас унагааж билээ. Амаар ан хийдэг анчин шиг би Хагийн нуурын тухай ярихдаа хүн бүрд хандгайг онцолдог юм.
Хагийн нуурийн баруун дээд хэсэгт Сарьдагийн уулс байна. Түүний баруун уулын орйд алдарт Сарьдагийн хийд байдаг. Занабазар энд нямба хийхээр тусгайлан бариулжээ. Энэ аглаг хийдэд арц их байдгийн учир нь Өндөр гэгээн авхуулсан үсээ арц болог гээд цацснаас болсон гэдэг домогтой. Түүхийн хүрээлэнгийн археологич У. Эрдэнэбат энэ хийдийг очиж судалж байсныг эс тооцвол судлаачид, лам нар очоогүй байхаа. Сүмийн гол цогчин дуганг мод ороогоод ургасан нь Анкорбат шиг харагддаг. Цац, арц ихтэй энэ аглаг хийд Ертөнцийн төгсгөлийн сүүлийн орон зай мэт анир чимээгүй дунд хүний бүтээлийн ул мөр нь байгалийн бүтээлтэй холилдон оршиж байгаа нь сүртэй харагдана. Тэр сүмийн зургийг авбал ямар гоё уран сайхны зураг гарах болоо. Хотоор зохиомж хайгаад аппарат үүрсэн залуучуудад Та нар сарьдагийн хэдэд очвол боон олз гэж хэлдийн... за нэг иймэрхүү л байна. баахан юм бичсэн байна ш дээ. Хэрэв байгууллага, хамт олноороо явбал илүү сайхан, бас сонирхолтой байдаг. Бас өөрсдийн болон өрөөлийн хогийг цэвэрлээд явчихбал сайн байдаг юм. Өө тийм уснаас болгоомжтой байгаарай. Энэ уул, ус их догшин 2 жилд нэг хүний амь аваад байдаг гээд нутгийнхан арьдаг юм. Хагийн нуураас Хавиргын даваа, Дундбаян хүртэл айл амьтангүй болохоор их болгоомжтой, бие биентэй дэмтэй явах хэрэгтэй. 7-8 хоногийг онгон байгальд та нар аялана.


За, Хагийн хар нуурын тухай Дарам андын тайлбарыг зургаар баяжуулаадхая.
1. Тэр хамгийн эхлээд давдаг Хавирган даваан дээрээс авсан зураг - http://www.flickr. com/photos/ amarbat/40546422 45/ Бид явахдаа бол Хавирган даваа руу нэлээн ойртож хаяуулж байсан, тэгвэл Хавирган даваанд хонох нэг хоног хэмнэгдэнэ, бороо гайгүй жил бол бэл рүү нь овоо дөхчихнөө, машин замтай, даанч наанаа нэг хэсэг шавартай юм.
2. Хонгорын голын зургууд бий, даанч Flickr рүү оруулаагүй байна. Харин оронд нь Хагийн нуураасаа эх аваад урсаж байдаг Хагийн голын зургийг үзүүлье - http://www.flickr. com/photos/ amarbat/40550217 74, бас нэг зураг - http://www.flickr. com/photos/ amarbat/40542826 09/
3. Замд нь таардаг олон молиго нууруудын нэг - http://www.flickr. com/photos/ amarbat/40546788 49/, бас нэг нь - http://www.flickr. com/photos/ amarbat/40553942 68/
4. Эцэст нь Хагийн Хар Нуур маань өөрөө энэ байж байна даа - http://www.flickr. com/photos/ amarbat/40550300 50/. Тэр алгана гээч загасыг залхтлаа идсэн хэ хэ, Дарам шиг уйгагүй хүн л өөр загас барьдаг байх, алгана бол нээрээ дэгээгээ санаандгүй ус руу унагаачихад л үнхчихдэг юм билээ. Би гэхдээ бариагүй л дээ, хүмүүс л уралдаад бариад байсан.




AMARBAT Pashka

2010-06-14

МОНГОЛЫН ХАМГИЙН ХАМГИЙН...

Би хүн болж төрсөндөө, тэгэхдээ бүүр язгуур түүхтэй Монгол улсад төрсөндөө, энэ улсыг төлөөлөх иргэн хүн болж төрсөндөө бахархдаг. Монгол маань баян сайханг орон боловч одоо бид ядуу байна. Бусад улсад байдаг энгийн юм бидэнд байхгүй ч бид тэдэнд байгаа юмыг одоо байгаагаас нь илүүгээр бүтээх бололцоо, боломж байдаг. Гэхдээ та бидэнд л зөвхөн байдаг, өөр хаана ч байдаггүй тийм ариун нандин, сайхан зүйлүүд бидэнд байдгийг залуу үе та нар маань үргэлж бидэж энэ сайхан улс орноо байгаагаар нь хайрлаж байгаарай. Бидний хамгийн том язгуур эрх ашиг бол Монгол улс, түүний тусгаар тогтнол, хөгжил дэвшил юм. Миний бий болгосон энэ чөлөөт орон зайнаас та бүхэн Монголоор бахархах цөөхөн зүйлийг мэдэж авахаас гадна доор нь коммент хийгээрэй гэж хүсэж байна.

Монголын хамгийн өндөр хүн: Монголын хамгийн өндөр хүн бол Их монгол хэмээн олноо алдаршсан Шаравжамц. "Залуу жанжин" хэмээн алдаршсан Б.Лхагвасүрэн, Улсын баатар Д.Нянтайсүрэн хоёртой авхуулсан зураг дээр тэр 2 бүсэлхийд нь хүрэхгүй зогссон хүүхэд шиг гарсан байдаг. Тэрээр Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Шаравжамц цэрэгт очихдоо 275см байжээ. Жанжин Лхагвасүрэнгийн дэргэд цэргийн алба хааж байгаад буцах замдаа 25 насандаа машины  ослоор нас баржээ. Шаравжамцын араг яс нь Анагаах ухааны дээд сургуулийн анатомийн ангид байдаг.
Ардын хувьсгалын эхэн үед амьдарч байсан өндөр Гонгор бол монголын гайхамшиг болсон өндөр хүн байжээ. Түүний биеийн өндөр нь 264см байжээ. Далай чин вангийн хушуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалан сумын харъяат Пүрэвийн Гонгор 4 хүүхэдтэй байжээ. 1913 онд Ерөнхий сайд Сайн ноён хан Намнасүрэн нь Хаант Орос улсад айлчлахдаа Гонгорт Монгол эр хүний бүрэн гоёл чимэглэлтэй хэт хутга, хувцас хийлгүүлж, өөрийнхөө хиагаар дагуулж явсан нь гадаадын том гүрний дипломатуудыг өөртөө татах нарийн арга байжээ. Оросын хаан өндөр Гонгортой 2 удаа биечлэн уулзаж түүнд гутал хийлгүүлж бэлэглэжээ. Түүний өмсдөг гутлын ул нь 49см байжээ.

Хамгийн өвөрмөц хамгийн үнэтэй хосгүй ном: Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг нь улсын нийтийн номын сангийн "Эрдэнэсийн" өвд хадгалагдаж байгаа "Сундуйн жүд" хэмээх ном юм. "Сундуйн жүд” буюу "Нууцын хураангуй" хэмээх энэ номыг 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй монголын чадварлаг урчууд одоогийн Төв аймагт байдаг Манзширийн хийдэд урлан хийжээ. Уг номыг хийхэд цаас ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай ба номын үсгийг алтаар цутгаж шаржээ. Энэхүү ном нь 10 боть бүхий Төвд-Хятад-Монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг зарим бурхан суваргийн зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэн хийжээ. "Сундуйн жүд" хэмээх энэхүү номыг бүтээхэд 52кг алт, 400кг мөнгө оржээ.

Монгол улсын хамгийн жижиг ном: Ногоон дарь эх, Маш жижиг хэмжээтэй гайхамшигт бүтээл, Монгол улсын хамгийн жижиг ном, Ногоон дарь эх, 5,5х5,5 см

Монголын төдийгүй дэлхийн хамгийн том гэр: Хамгийн том гэрийг 1658 онд Эрдэнэ-зуу хийдийн чуулганд зориулан барьжээ. Бат-Өлзий нэртэй 20м голчтой энэ том гэрийн шал нь одоо Эрдэнэ-зуу хийдийн хэрмийн дунд байдаг.Энэхүү гэр нь 18-20 ханатай, 9 метр орчим өндөр байжээ.

Монголын төдийгүй дэлхийн хамгийн том Угийн бичиг: 1905 онд бүтээгдсэн Цэцэн хан Шолойн ургийн бичигт 1577-1905 он хүртэлх 328 жилийн дотор төрсөн 11966 хүний нэрийг 5,3 м голчтой даавуун дээр цагираглуулан бичснээрээ Дэлхийн түүхэнд тэмдэглэгдэх хамгийн том угийн бичиг болсон байна. Энэ угийн бичиг одоо Үндэсний Түүхийн Архивт хадгалагддаг.

Хамгийн халуун рашаан: Шаргалжуут-Энэ нь хамгийн нєєц ундаргатай, хамгийн олон булагтай юм. Тvvний ихэнх ундрага нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Yе мєч, элэг цєс, архаг vрэвсэл, цусны даралт ихсэс зэрэг євчинд тустай.
Хамгийн том амьтан: Хандгай-Эрийг нь манж, эмийг нь сvндэс, тєлийг нь хотол. 2 настайг нь хохь, 3 настайг нь тозуул гэдэг. Хандгайн биений урт нь 200-300 см. Сэрвээний єндєр 170-230 см. Амьдын жин 300-500 кг. Манж нь олон салаа эвэртэй байдаг. Ихэвчлэн Хєвсгєл аймагт байдаг. Тухайлбал Рэнчинлхvмбэ, Улаан уул, Цагаан vvр, Чандмань-Єндєр сумын нутагт тархсан. Усанд сэлэхдээ маш сайн. Усны ургамал цуглуулан иддэг. Эвэр нь 3 сараас ургаж 7 сарын сvvлээр ясжиж гvйцдэг. Євєл 11, 12 сард унадаг. Ясан эврийн жин нь 10-26 кг байдаг. Сvндэс 8 сар хээлээ тээж 5-6 сард ихэвчлэн ихэр, цєєнх тохиолдолд ганц хєтєл тєрvvлдэг. Ороо нь 9 сард ордог.

Хамгийн хурдан шувуу: Бvргэд, Тэмээн хараацай 2. Бvргэд цагт 190 км хvртэл, Тэмээн хараацай цагт 160 км хvртэл хурдалдаг. Хамгийн ховор шувуу: Цагаан тогоруу-Дэлхийд 250-300хан тоотой.

Монгол орны хамгийн өндөр цэг: Монгол орны хамгийн өндөр цэг нь д.т.д. 4374 м өргөгдсөн Алтай таван богдын "Найрамдал" оргил юм.

Монгол орны хамгийн нам дор газар: Монгол орны хамгийн нам дор газар нь д.т.д. 560 м өргөгдсөн Хөх нуурын эрэг юм.
Монголын хамгийн том говь: Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийн ихэнхийг эзэлдэг Галбын говь юм. 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км2 талбай эзэлнэ.

Хамгийн их элс: Манай улсын хамгийн их талбай эзэлдэг элс нь дээрх Бөөрөгдэлийн элс юм. Энэ элс 45 км өргөн, 180 км урт үргэлжилдэг. Өмнөговь аймгийн Хонгор суманд байдаг. Мөн энд байдаг Хонгорын элс, баянбүрд бол жуулчдын хамгийн их очих дуртай газар.
Дэлхийн мөнх цэвдгийн урд зах: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Дарагт уулын баруун урд хошуу хойд өргөрөгийн 46°17'-д оршдог бөгөөд энэ газрыг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ул хөрсний үргэлжилсэн цэвдгийн хамгийн урд зах гэж газар зүйчид үздэг.

Монгол орны хамгийн урт гол: Монгол орны олон гол мөрний хамгийн урт нь Хэрлэн юм. Хэрлэн голын нийт урт 1264 км бөгөөд үүний 1090 км нь Монголын нутаг дээгүүр урсдаг.
Монгол орны хамгийн том мөрөн – Байгал нуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэ мөрөн юм. Нийт уртын 590 гаруй км нь Монгол улсын нутагт байдаг бөгөөд мөрний ус цуглуулах талбай нь 447000 км2 юм. Монгол орны гол мөрний нийт урт 67000 км буюу тус орны хилийн шугамаас 8.2 дахин урт юм.Сэлэнгэ гэдэг үгийн утгыг хэл шинжээчид Төмөрт гол гэсэн утгатай манж, тунгус үг гэж тайлбарладаг. Нүүдэлчид уул усны нэрийг тун онож өгдөгийг Сэлэнгийн бэлчирээр олдоод байгаа төмрийн ордуудаас мэдэж болно.
Монгол орны хамгийн том тогтмол нуур: Увс нуур юм. Усны талбай нь 3350 км2. Үгийн утга нь ӨВСТ гэсэн утгатай түрэг үг ярьдаг.

Монгол орны хамгийн том, урсгал, гүн, цэнгэг нуур: Монгол орны хамгийн том урсгал нуур нь Хөвсгөл нуур\Хөх өвст нуур\. Усны талбай нь 2770 км2. Гүнээрээ Төв Азид хамгийн гүн (267.2 м) нуурт ордог. Нийт 403 цутгалтай Хөвсгөл нуурын усны найрлага Байгал нууртай төстэй, тунгалгаараа дэлхийд гуравдугаарт орно. Монгол орны "Хөх сувд" хэмээн алдаршсан Хөвсгөл нуур уртаашаа 136 км, өргөөшөө 37 км.
Монгол орны хамгийн том гол нь Алтай таван богд уулын Потанины мөсөн гол юм. Урт нь 20 км, өргөн нь 5 км.

Хамгийн өндөр хүрхрээ: Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдаг уулаас эх аван урсдаг Арсайн голд манай улсын хамгийн өндөр хүрхрээ буй. Энэ хүрхрээний ус 70 м өндрөөс буудаг.

Монголын хамгийн том тал: Монгол орны нүд алдам өргөн талуудын дотроос хамгийн том нь 250-иад км2 талбай эзэлдэг Дорнодын тал. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай энэ тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод, гүвээ, хунх нугачаа үл тааралдана. Байгалиас заяасан унаган төрхөөрөө, атар онгон ийм тал дэлхийд ховор.

Монгол орны хамгийн их хур тунадаст нутаг: Хэнтий аймгийн Дадал сум. Энд жилд 387 мм тунадас унана.

Монгол орны хамгийн бага тунадас унадаг газар: Говь-Алтай аймгийн Захуй сумын нутаг. Энд жилд дөнгөж 45-хан мм тунадас унадаг.

Хамгийн ариун агаарын орон: Хүний биед хамгийн тохиромжтой харьцангуй чийглэг 30-70% гэж үздэг. Тэгвэл монгол орны агаарын харьцангуй чийглэгийн жилийн дундаж хэмжээ түүнтэй тохирдог байна. Ийм хуурайшилтай агаарт янз бүрийн бактерийн үржил тун бага байдаг. Энэ нь монгол орны уур амьсгалын нэг сайн тал юм. "Агаарын ариухан нь хөдөө юм аа хө" гэх юмуу “Монголын үнэртэй салхи” нь олон хүний онгодыг хөөрөгддөг.
Монгол улсын хамгийн өндөрт оршдог хот нь д.т.д. 2181 м өргөгдсөн Алтай хот, сумын төв нь д.т.д. 2400 м өргөгдсөн Ховд аймгийн Дуут сум юм. Монгол улсын хамгийн нам дор орших хот, суурин нь д.т.д. 616 м өндөрт оршдог Сүхбаатар хот, сумын төв нь д.т.д. 600 м өндөрт оршдог Дорнод аймгийн Чулуунхороот сумын төв юм.

Үлэг гүрвэлийн хамгийн олон өндөгтөй газар: Дэлхийд хамгийн олон Үлэг гүрвэлийн өндөг олдсон орд бол Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган сумдын нутагт орших Баянзаг, Олгой, Улаанцав, Бугуйн цав зэрэг газар. Эдгээр газраас бараг гэмтээгүй шахам 10-15 см урт чулуужсан өндөг хэдэн зуугаар олджээ. Тэндээс олдсон чулуун өндөг эдүгээ Улаанбаатар, Москва, Варшав, Нью-Иоркийн музейд хадгалагдаж байна.