2010-10-28

Солонгосын Их Сургууль

Энэхүү нийтлэл зарим хүмүүсийн сонирхолыг татаж болох юм нөгөө талаас Сэрдарам багш зөвлөсөн учраас ийм нэгэн электрон цаасууд аялуулж байвал зүгээр юм гэсэн санаа төрсөн юм. Нийтлэлийн хувьд гол агуулга нь БНСУ дахь жирийн нэг суралцагчийн үүднээс өөрийн сургуулийн амьдралын талаар илэрхийлж бичлээ.  Энэ удаад  их сургуулийн сургалтын ерөнхий орчин, хичээл сонголтын талаар өгүүлэхийг зорилоо.
Сүүлийн үеийн мэдээ, баримтуудаас нь үзэж байхад БНСУ нь боловсролынхоо салбарыг хөгжүүлэх, боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулалт их хийдэг нь харагддаг. Тус салбарт олон улсын төвшинд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилгоор сургалтын техник технологи шинэчлэх, сургалтын орчин, үйлчилгээг сайжруулах, сургалт судалгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлэх санхүүжилт, профессор багш нарын цалин хөлсний систем, сургалтын чанар, үнэлгээ, стандартжуулсан систем зэрэг олон зүйлээс нь үүнийг харж болох юм. Нэг сонирхолтой тал нь гадаадын их дээд сургуулиудын салбар байгуулахыг зөвшөөрдөггүй. Энэ нь бас боловсролын талаар бие даах төрийн бодлого бололтой.

Миний суралцаж байгаа Кёнхи Их Сургууль /Kyunghee University/ нь Сөүл хотод байрлах бөгөөд  дотроо 23 салбар сургуультай, 97 мэргэжлээр сургалт явуулдаг,  20000 гаруй оюутантай үүнээс 10 орчим хувийг нь гадаад оюутнууд эзэлдэг, 3000 гаруй профессор багш нартай солонгосийн томоохон их сургуулиудын нэг юм. kyunghee.edu

Кёнхи их сургууль нь сургалтын талын үндсэн зорилтыг хүний эрх чөлөө, үнэт чанарыг дэмжиж урамшуулсан олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх явдал юм гэж тодорхойлсон байдаг.  Тус сургуулийн нэг онцлог нь гадаад оюутнуудыг суралцуулах, тэднийг татахад чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг. Үүнд тус сургуульд элсэх нөхцөл боломжийн талаархи мэдээлэл,  удирдамжаар хангах,  тодорхой тооны гадаад оюутанд элсэлт бүрд сургалтын төлбөрийн бүрэн болон хэсэгчилэн хөнгөлөлт өгөх, тэтгэлэг олгох, гадаад оюутнуудыг хамруулсан тусгайлсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэх мэт. Гадаад оюутнуудын тоо, тэдний суралцах сонирхолын төвшин нь тухайн сургуулийн нэр хүнд, оюутны тоо, нийгэмд эзлэх байр суурьт  нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. {mosimage}

Анх БНСУ-д ирэхэд их сургуулийн орчинг бодож, төсөөлж байснаас нэлээн өөр байсан юм. Хүн ам ихтэй, газар нутаг харьцангуй багатай учраас сургуулиудыг эзлэх талбай бага, шигүү байх гэж төсөөлж байсан боловч харин ч эсрэгээр сургуулиудын хувьд уудам, томоохон талбайг эзлэн байгуулагдсан байх юм. Хаа сайгүй л биеийн тамираар хичээллэх боломжийг хангасан хөлбөмбөг, сагсан бөмбөг болон теннисний талбайнууд байдаг. Ер нь солонгосчууд спортод их дуртай долоо хоног бүр  байнга хичээллэх нь бүр хэвшил, дэглэм болоод тогтсон юм шиг.   Түүнчлэн чөлөөт цагаа өнгөрөөх манайхны хэлдгээр оюутнуудын нарлаж суух, хичээл давтах юмуу элдэв юм ярьж суух ойн төгөл дунд байгуулсан ширээ сандлууд ихтэй. Сургалтын анги танхим бүр интернетэд холбогдсон материаллаг баазаар өвч тоноглогдсон бөгөөд сургуулийн орчин нь сурах хүсэл эрмэлзэлтэй хүн тав тухтай байх нөхцөл боломжоор бүрэн хангагдсан төрөл бүрийн үйлчилгээнүүд байдаг. Ер нь их сургуульд элсэхийн нэг том давуу тал нь сургуулийн системээр дамжуулан мэдээллээ чөлөөтэй олж авах явдал байдаг юм шиг санагдсан. Өрсөлдөөн их хүчтэй учраас ер нь оюутнууд сайн суралцахыг хичээж голцуу номын санд л цагаа өнгөрөөж байгаа харагддаг. Сургалтын төлбөрийн хэмжээ нь монгол мөнгөөр тооцвол жилд дунджаар 10 сая орчим төгрөг байдаг болохоор тийм нөхцөлийг хангах нь Боловсролын системийн гол стандарт байдаг төдийгүй суралцагчдад боломжийг сургуулиас нь тэгш, хангалттай олгож хэр их сурч авч чадах нь оюутны өөрийнх нь хичээл зүтгэлээс хамаарна гэсэн хууль үйлчилнэ.

Сургалтын хөтөлбөр, хичээл сонголтын онцлогийн талаар:Хичээл сонголт нь тухайн оюутны суралцах болон ажиллах чиглэл, эзэмших мэдлэг, чадварыг  тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

Хичээл сонголтын хувьд урьдчилаад оюутнууд интернетээр тухайн семестрт ямар хичээлүүд, ямар ерөнхий агуулга хөтөлбөрөөр орох вэ гэдгийг урьдчилан мэдэх боломжтой бөгөөд сонголтоо урьдчилан хийх боломжтой байдаг. Цахим буюу он лайн сургалтын хэлбэр нь дэлхийн хэмжээний сургуулийн адил бүрэн нэвтэгсэн. Сургалтын хөтөлбөр нь харьцангуй уян хатан, ерөнхий суурь хичээлүүдээс бусад бүх хичээлүүд сонгон  үзэх гэсэн ангилалд ордог бөгөөд орчин үеийн шинэ чиглэлийн хичээлүүд сургалтын төлөвлөгөөнд шууд орж ирэх нь их байдаг. Эдгээр хичээлүүдийн хувьд ихэвчлэн тулгуур сурах бичиг байхгүй боловч тухайн чиглэлээр гарсан эрдэм шинжилгээний өгүүллэгүүд, холбогдох судалгааны ажил, нийтлэлүүдийг сургалтын үндсэн материалуудаа болгодог. Энэ нь өөрөө хичээл үзэх хангалттай материал болдог. Ер нь аль нэг мэргэжлийн нарийвчилсан чиглэлийг баръя гэж үзвэл тэр чиглэлийн дагнасан хичээлүүдийг сонгоод кредитээ цуглуулаад байх боломжтой юм байна. Сургалтын хөтөлбөрийн энэхүү уян хатан байдал нь нэг талаар сургуулиуд өөрсдийн сургалтын хөтөлбөрийг сайжруулан шинэчлэх, оюутнуудыг байнгын шинэ мэдлэг, мэдээллээр хангах, сонирхсон чиглэлээрээ өрсөлдөх чадвартай болгох зорилготой юм болов уу гэж би үздэг. Түүнчлэн хичээлийн хөтөлбөр, сургалтын агуулгын  шинэчлэлтүүд нь тухайн мэргэжлийн чиглэлээр ажилладаг хүмүүсийг боловсролын зэргээ ахиулах болон мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх сонирхолыг нь татахад  түлхэц болж өгдөг.

Магистр, докторын сургалтын хөтөлбөрт тусгагдсан заавал үзэх хичээлүүд нь судалгааны арга зүй эзэмшүүлэх хичээлүүд байх бөгөөд оюутнууд эрдэм шинжилгээний ажил бичих, судалгааны ерөнхий арга зүй, тухайлсан салбарын судалгаа, шинжилгээ хийх арга, статистик болон тоон болон чанарын шинжилгээний хичээлүүд байдаг. Эндээс доктор оюутнууд  3-аас доошгүй мастер оюутнууд 2-оос доошгүй хичээл үзэх ёстой. {mosimage}

Магистр болон докторын сургалтын хичээлүүд нь үндсэндээ ижил буюу нэг багцад байдаг. Цөөн хичээлүүдийн хувьд зөвхөн доктор оюутнууд судлахыг зөвшөөрсөн байх боловч ерөнхийдөө аль ч төвшнийх нь оюутан үзэж кредит цуглуулж болох  юм. Анхандаа надад энэ нь сонин санагддаг байсан ч мэргэжлийн хичээлүүдээс сонгон үзэх боломж өргөн нөгөө талаас тухайн салбарын хичээлийг судалгааны болон арга зүйн төвшинд заавал мастерт үзнэ гэхгүй шууд судалгааны төвшинд авч үзэх нь оюутны тоо болон хичээлийн стандартаар орох боломжоо ч бодсон  амьдралд нэлээн нийцсэн шийдвэр гэдэгтэй санал нэг болсон юм. Мастер болон докторын хичээл сургалтын үндсэн ялгаа нь цуглуулсан кредитийн хэмжээгээр л ялгагдана.  Энэ нь манай их дээд сургуулиудад хэрэгжүүлвэл оновчтой, шаталсан сургалтын системийн чанарт ахиц гарахуйц алхам болж чадах юм шиг санагдана. Хичээлүүд янз бүрийн байдлаар орох боловч нийтлэг төлөв нь 50 хувь нь профессор багшаас лекц орох, үлдэх 50 хувь нь оюутны сургалт, судалгааны чиглэлээр бие даан ажилласан байдал, түүнийгээ танилцуулах илтгэл, хэлэлцүүлэг байдлаар орох нь элбэг. Хаа газрын оюутнуудтай адил ер нь өөрөө хичээлд маш анхааралтай сонсох, хичээлд идэвхитэй оролцох, шаардлагатай зүйлүүдийг тэмдэглэж тогтоох, багш нарын өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлэх, хичээлээс гадуур лаборатори, номын санд сайн сууж мэдлэгээ улам баяжуулах, бататгах, эргэцүүлэл баяжууллаар нэмж байх нь тухайн мэргэжлийг сайн эзэмших үндсэн суурь нөхцөл юм. Үүнийг хэрэгжүүлэхгүйгээр тухайн шинжлэх ухааны салбарын нарийн мэдлэг, чадварыг бодитой эзэмших боломжгүй юм.

Манай сургуулийн хувьд хичээл сонголтын хувьд нийт тавигдсан хичээлийн 30 хувь нь англи хэл дээр үзэж болохуйцаар тавигдсан байдаг. Сүүлийн үед эндхийн томоохон их сургуулиудад англи хэлээр лекц орж чадахгүй багшийг авахаа больж байгаа гэсэн. Гэхдээ  энд нэг анхаарах зүйл нь англи хэл дээр сургалт явуулах нь давуу талууд байдаг хэдий ч өөрсдийн эх хэл дээр хичээл үзэх нь ойлгохын хувьд илүү хурдан, хялбар, цаг хэмнэхээс гадна олж авсан мэдлэгээ эх хэл дээрээ илэрхийлэх, ажлын байран дээрээ ашиглах  чадварыг олж авах зэрэг  давуу талуудыг мартаж болохгүй гэж би боддог. Туйлшрахгүйгээр давхар бодолцож, тунгаах нь хэрэгтэй гэсэн санаа л юм... 
  
Л.Амартүвшин   Kyung Hee University     amartubshin@yahoo.com