2005-01-01

4. Овог, ургийн бичгийн тухай

“Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно санагдаж өөрийн эрхгүй түүний зүг намайг хөтөллөө. Өвгөний мэнд усыг мэдэж танилцахад шинэ үеийн “зантай” хөгшчүүл лав биш гэдгийг би мэдэв…
Би ярианыхаа завсраар "Түүхээ мэдэхийн ач тусын тухай" асуувал өвгөний нүд сэргээд явчихлаа.  
  - Байлгүй яахав дээ хүүхээ гэж хэлээд нилээн тухалж суугаад яриагаа ийнхүү эхлэв 
Эртхэндээ намайг бага байхад манай голд Цэрмаа гэж сайхан охинтой баян Доржийнх гэж айл урд голоос нүүж ирсэн юм. Би эгчгүй байсан болоод ч тэрүү ийм эгчтэй болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Манай голд Ноорхой Сангийн ач Баатар гэж яг л баатар баймаар чийрэг өсгөлүүн биетэй ах байсныг би одоо ч тод санадаг юм. Нилээн хэдэн сар өнгөрсөний дараа намайг Хүрээ яваад ирэхэд манай голын хэдэн айлын дунд Ноорхой Сангийн Баатар, баян Доржийн Цэрмаатай суух гэж байгаа гэнэ гэсэн яриа дэгдсэн байлаа. Удсан ч үгүй манай голд нижгэр найр болох ч өдөр ирлээ. Тэр өдрийн сайхныг ч үгээр ч хэлэхийн аргагүй байв. Яг “ хөшиг тайлах” үеэр… Би өвгөний яриаг тасалж “Хөшиг тайлах” гэж яг юу гэсэн үг вэ? гэхэд  өвгөн над руу нэг сүрхий харснаа: -Манай нутагт хуримлах ёсыг тэгэж нэрлэдэг юм л даа! гээд цааш яриагаа үргэлжлүүлэн Хүрээ талаас морьтон айсуу гэсэн чимээнээр бүгд гэрээс гарч тэр зүг харлаа. Тэдгээр хүмүүс бараг морьтойгоо гэрт тулж ирээд их л эрэмгий мориноосоо могойд хатгуулсан аятай огло үсрэн бууж шууд гэрт дайран орж хойморт очиж “Хөшиг тайлахаа зогсоох! Баатрыг хүрээнээ даруй ирүүл! “Худ, худгуй” бологсодыг 9 малаар торгох! Найрыг даруй тараах” тухай зар бичиг уншив. Мэл гайхаж цэл хөхрөгсөд Баатар, Цэрмаа хоёрыг эгч дүү болохыг мэдэж ихэд цочирдсон Цэрмаагийн аав, ээж яах ч учраа олохгүй дэмий л ийш тийшээ сандран гүйж  байлаа. Тэр цагаас хойш Баатар ямар ч хэл сураггүй алга болсон юм даа. Хожим бид учрыг нь сонсохноо Баатарын ээж Цэрмааг төрүүлчихээд Хятадын пүүсний эзэн Данжаадаас зугатааж явахдаа охиноо Доржид өргүүлсэн юм байна лээ. Дараа нь энэ бүгдийн ярьж чадалгүй өөд болжээ. Харин учрыг мэдэх хүн үүнийг нь мэдсний ачаар манай нутаг хошуу аймшигтай, гутамшигтай зүйлийг үзээгүй юм даа гээд өвгөн яриагаа өндөрлөөд алсыг ширтлээ…”  /1997 онд. П.Х. 1в Ч. Эрдэнэцэцэгийн зохион бичлэгээс/
 Ийм үйл явдал хүний амьдралд бишгүй сонсогдож дуулддаг ч бид өнөө үед бараг цочирдохоо больжээ. Энэ ч аргагүй юм. Учир нь бид барагийн юманд цочирдохооргүй болтлоо сайн сайхан, муу муухай зүйлийг сонсож, үзэж мэдэрсээр “хогийн сав” шиг болж дээ!  Жишээлбэл  ДОХ. Түүнийг бид эхлээд маш их цочирдон хүлээн авсан. Энэ нь аяндаа намжиж байтал хаанаас ч юм хоёр хүн ДОХ-той боллоо гэхэд Монгол даяар “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой” гээд бөөн бөөн сенсаци, мэдэгдэл, заримдаа ч бүр улс төрийн шинж чанартай онигоо ч хүртэл гарч байгаад дахиад л намжлаа. Гэтэл ДОХ-оос дутахгүй өөр нэг аймшигт зүйл байгаа нь “Монголчуудын цус ойртолт”. Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монголд 1000 хүн тутамд 9,7 (11) хувь нь оюун ухааны хомсдолтой гэж гарсан. Аливаа үндэстэн, угсаатан 4 саяас дээш байж хүн ам зүй, эрүүл мэнд, нийгэм-эдийн засаг, улс төрийн талаар ямар ч улсаас хамааралгүй, аюулгүй хөгжих боломжтой гэж судлаачид үздэг. 2,7 сая хүнтэй Монгол улсын 1.100.000 шахам нь зөвхөн Улаанбаатарт, үлдсэн нь 1,2 сая км2 нутагт тархан суусан нөхцөлд магадлалын онолоор бол дээрх тоо бараг геометр прогрессоор өсвөл бид яах вэ?  Иймд овог, ургийн бичгийн тухай уламжлалт мэдлэгээ нэн даруй сэргээх нь бидний өмнө тавигдаж буй чухал асуудлын нэг.
 Овог гэдэг нь нэгэн өвөг дээдсээс угсаалж, элгэн садны холбоотойгоор шүтэлцсэн бүлэг хүмүүсийн нэгдлийг хэлдэг байна. Овгийг хүн төрөлхтний хувьд “зохион байгуулагдсан хамгийн анхны нийгэм” гэдгийг урьд нь бид үзсэн билээ. Хүн төрөлхтөн бүгд овгийн хамаарлаар зохион байгуулагдаж цаашдаа иргэнших явцдаа өөр өөрсдийн соёл иргэншлийн онцлогоороо ялгарч иржээ. Гэхдээ соёл иргэншлийн хоёр ерөнхий хэв шинжээр угсаатан бүрэлдэх процесс явагджээ. Суурьшмал иргэд ихэвлэн эрхлэх аж ахуй, оршин буй газар нутгаараа холбогдон овог-аймаг-фратрийн дээд шат болох Угсаатан болж хөгжсөн юм. Жишээ нь, Дундад зууны Европт Франц, Испани, Славян, Викингүүд гэх мэт угсаатны хэв шинж III-IY зуунд тодорхой нэг бүс нутагт бүрэлджээ. Ийм процесс дорно дахины суурьшмал иргэншилтэй Хятад, Солонгос, Япон, Энэтхэгт ч адилхан явагджээ. Харин нүүдэлчин ард түмэн өөрсдийн аж төрөх ёс, ахуйн онцлогоосоо болж удам гарал, овог аймгаараа холбогдон угсаатан болж хөгжсөн байна. Иймээс ямар ч нүүдэлчин угсаатнууд нүүдлийн иргэншил, угсаатны хөгжлөөсөө шалтгаалан нэгдүгээрт: Хүн амын хувьд цөөхөн, Хоёрдугаарт Овгийн маш хатуу дэг жаягтай, түүнийгээсайн мэддэг, зөрчсөн хүмүүнийг хатуу цээрлэдэг байна.  Өнөөгийн Монгол угсаатны эх үндэс YII зууны үед Төв Азийн нутагт нүүдэллэн амьдардаг байсныг гэрчилдэг хамгийн эртний, эмх цэгцтэй, дэлгэрэнгүй бичгийн эх сурвалжууд болох 1240 оны “Монголын нууц товчоо”, 1310 оны Рашид-ад-Дины “Судрын чуулган” зохиолууд юм. “Монголын нууц товчоо”-нд 30-аад овог тэмдэглэгдснээс ихэнх нь Нирун-Дарлигин гэсэн Монгол угсаатны гол мөхлөг болсон овгууд юм. Эдгээр овгуудын ихэнх нь яс, цусан төрлийн холбоотой буюу ургууд хэмээн өөрсдийг тооцож, үүсэл гарал, нийгэмд эзлэх байр сууриараа зэрэг дэв, хэмжээ хязгаартай байжээ. 
  “Монголын нууц товчоо”-нд Бодончар 3 овгийн төрхөмтэй байснаас Жадаран, Баарин, Жаурдай гэсэн шинэ овгууд үүсч хожим эхийн талыг харгалзан “Хэвэл нэгтэй, хэлхээ холбоотой нэг овгууд” хэмээн ярилцаж харилцан дотносдог байсныг онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ ёс улам өргөжсөөр одоо Монголын бүх овгуудад уламжлагдан, Харь Жада овог, Яс цусны холбоотой ураг овгууд гэж хоёр хуваагддаг ч дээд үедээ нэг гаралтай “Монгол ахан дүүсүүд” гэж ярилцдагаараа бусад үндэстэнгүүдээс онцгойлон ялгагддаг билээ. Иймээс “Дээд үедээ ураг төрлийн барилдлагаар холбогдсон нэг өвөг дээдэстэй Монгол ахан дүүсүүд цөөхөн ч гэсэн овгуудынхаа хүрээнд харилцан дотносож, өнчин ядуус, ядарсан хүмүүсээ асран тэтгэх, баяр цэнгэл, уй гашуугаа хуваалцдаг олон сайхан заншил, баяр ёслол эрт үеэс бий болж эдүгээг хүртэл уламжлагдан иржээ”
Овог бүр өөрийн гэсэн тодорхой нэр хочтой. Тэр нь уул овогийн эрхийн хэм хэмжээ, хүчин чадал, мандал буурлын баталгаа болдогийг Урианхай, Хиад-Боржигин, Хаучин, Жүрхэн, Торгууд мэт олон овгийн нэрнээс харж болно. Мөн овог бүр өөрсдийн туг сүлд, уриа хашгираа, нийтийн дуу бүжиг, хорио цээртэй, тулж өргөрүүлсэн түүх, удам судраа бичиж үлдээдэг ургийн бичиг, мал сүргээ танидаг им тамгатай байлаа. Иймээс хүн бүр овгоороо эхэлж танилцдаг, овоггүй хүн нэргүй хүнтэй адил байсан үе тун саяхан байсан боловч 1922 оны YI сарын Ардын Засгийн газрын тусгай тогтоолоор хүмүүсийг овгоо хэрэглэхийг хоригложээ 1996 он хүртэлх үе буюу 70 жилийн хугацаанд Монгол угсаатны олон мянган жилийн турш тогтоож байсан нэг тулгуурыг хугалсан байна.
1994 онд ерөнхийлөгчийн зарлиг гарч овгоо сэргээх, албан хэрэгт түүнийг тэмдэглэх, ургийн бичгээ хөтлөх журам дахин сэргэжээ. Овгоо сэргээж, түүнийг судлах ажил идэвхтэй хийгдэж 5000 овог одоогоор бүртгэгдээд байна. Учир нь Монгол овог гэдэг нь түүхэн үе бүр ясныхаа шинжээр үүсэн гарч байдаг тул овгууд хасагдах, нэмэгдэх зэргээр үргэлж хувирч олон салбар овгууд үүссэн. Хүмүүс архивын баримт сэлт, малын им тамга, өвөг дээдсийн хууч яриа зэргээр өөрийн овгуудаа танин мэдэж сэргээх бололцоотой ч XII-XX зууны эхэн үеийн Монголчууд шиг овгийн түүх, ёс заншил, удам угсаанд хамаарах бүх бүх хүмүүсээ мэдэж сэргээх бололцоогүй нь харамсалтай.
     Ургийн бичиг.  Бидний дээр дурьдсан хүн ам зүйн судалгаан дахь тоо баримтыг хэрхэн устгах вэ? Бид ХХI зуунд хэрхэн хөгжих вэ? 
Бидэнд өнөөдөр бахархал болж үлдсэн хоёрхон тулгуур байна. Нэг нь бүр 800 жилийн өмнө амьдарч байсан Их хаан Чингис, түүний байгуулсан Монгол гүрний гайхамшигт түүх, Хоёрдох нь хэдэн мянган жилийн турш ерөөсөө нэг саяд хүрч байгаагүй бидний нүүдэлчин өвөг дээдсийг уусгаагүй,  “цэвэр” хэвээр нь хадгалсаар ирсэн ургийн бичиг юм.  Үүнийг батлах зүйл нь бүр XIII зууны үеэд “Монголын бүх овог аймаг яруу тодорхой удам угсааны модтой /түүхтэй/. Учир нь Монголчуудын заншил нь өвөг дээдсийнхээ удам угсааг  залган сахиж, төрсөн хүүхэд бүрдээ удам угсаагаа зааж сургадаг. Тийнхүү тэд удам угсааны тухай үгийг хүмүүсийн хүртээл болгодог учраас тэдний дунд яс угсаа, овог аймгаа мэдэхгүй хүн нэг ч байхгүй” гэж Рашид-ад-Дин бахархан бичсэн байдаг.
Харин яг тэр үеэс одоог хүртэл хөтлөгдөн ирсэн ургийн бичгүүд хадгалагдан үлдсэнгүй, түүний хуулбаруудыг 1725 онд Манжийн хаан Энх-Амгалан Монголын бүх тайж язгууртай хүмүүсийн ургийн бичгийг Бээжинд хэвлүүлнэ гэдэг нэрийдлээр хураан аваад шатаачихжээ.  Үүний дараа дахин шинээр ургийн бичгүүдийг хөтлүүлсэн ч зэрэг хэргэм, хөрөнгө мөнгө залгамжлуулах гол баримт бичиг гэдэг утгатай болгосон юм. Эдгээр олон ургийн бичгүүдийг нягтлан үзвэл түүхчлэн бичих, хүснэгтлэн зурах гэсэн хоёр аргатай байна. Хүснэгтлэн зурахдаа шулуун шугам, модны цагираг, модны мөчир мэт салбарлуулах гэсэн гурван аргаар бичигддэг байв. Эдгээрээс 1905 онд хийгдсэн Цэцэн хан Шолойн ургийн бичигт 1577-1905 он хүртэлх 328 жилийн дотор төрсөн 11966 хүний нэрийг 5,3 м голчтой даавуун дээр цагираглуулан бичсэн нь түүхэнд үлдсэн хамгийн том ургийн бичиг болжээ. 
Ургийн бичигт олон үеийг бичих боломжтойг ч, голдуу 11, 13 үеийг л бичиж үе дотроо гэрлэхийг хатуу хориглодог байв. Учир нь “Удам холдвол ухаан сайжирна”  “Манцуйтай байхдаа манайх байлаа Магнагаа өмсөхөөр хүнийх болдог” гэж ярилцан хүү, охидоо багад нь ураг хол, угсаа нэг овгуудтай сүй бэлэг тавилцан худ ураг болдог байв. Ураг дотроо эр-эм бололцож гэм алдснаа Их хаан Өгээдэй ч хүлээн зөвшөөрч онцгойлон гэмшиж байсан нь ердийн зүйл биш ажээ.
“Хусавч үл арилах эцгийн ясан төрөл, Шавхавч үл ширгэх эхийн цусан төрөл” хэмээн бэлэгдэн ярилцдаг монголчууд авга, нагацын ураг төрлөө 12 үеэ (Холбоо-Хуланц өвөг-Хуланц-Элэнц өвөг-Элэнц-Өндөр өвөг-Өвөг эцэг-Эцэг-Би-Хүү-Ач(Зээ)-Гуч(Зээлэх төрөл)-Жич(Зээнцэр)-Ачинчар-Гучинчар-Жичэнцэр-Жилүүхүй) мэдэж 13 дахь үедээ яс хагалах гэдэг ёс үйлддэг байсны учир нь “Эмэгтэй хүний улаан шингэн, эрэгтэй хүний цагаан шингэнтэй сүлэлдэн хүн бий болдог. Иймээс эхийн тал нь хүний мах, цусыг бүрдүүлдэг, Эцгийн тал нь ясыг нь бүрдүүлдэг тул эхийн үе 5 дахь үедээ, Эцгийн үе 9, 11 дэх үеүүддээ мултрана”,   “Ээжийн бүх ах дүүс, тэдний дараагийн үеүдийг Нагац-Нагацлах төрөл, Эцгийн талын бүх ах дүүс, тэдний дараагийн үеүдийг Үеэл-Хаяал, Эгч дүү эмэгтэйчүүдийн хүүхдүүд, тэдний дараагийн үеүдийг Бөл-Бөлөнцөр-Бөлөөлөн” хэмээн ярилцдаг бичигдээгүй хэв хууль өнөөг хүртэл хадгалагдан ирсэн.

5. Монголчуудын хүчирхэгжилтийн үе


Монгол гэдэг нэрийн тухай: Аливаа улс үндэстний нэр бүхэн цаанаа их нарийн учир утгыг агуулсан, түүхийн урт удаан замыг туулсан байдаг. Жишээлбэл, Хэл шинжлээчид зарим угсаатан үндэстний нэрийг тайлбарлахдаа, немец гэдэг нь Чехүүд германчуудтай нэг дор нутаглаж байхдаа тэднийг “Немой” буюу “Хэлгүй” хүмүүс гэснээс Немцүүд, Христофр Колумб, Америкийн уугуул ард түмнийг Энэтхэгчүүдтэй эндүүрч байснаас Индианчууд гэж нэрлэсэн гэж үздэг. Нэг угсаатан, үндэстэн олон нэртэй байх ч тохиолдол бий. Тухайбал, XII зууны нүүдэлчид Өмнөд хөршөө Нанхиадууд (Өмнө зүгийн хүмүүс), гэж нэрлэж байснаа үндэс угсаа, хэл соёлоо умардсан Хятангуудыг ёгтолж Хятадууд гэж нэрлэжээ, Оросууд Монголчуудаар дамжуулан тэдэнтэй харилцах болсноор Китай гэж тус тус нэрлэх болсон. Хятадууд өөрсдийгөө эрт үеэс ХХ зууныг хүртэл ээлж дараалан оршин тогтнож байсан 24 их гүрнийхээ хамгийн хүчирхэг гүрэн болох Хань улсын нэрээр нэрлэхээс гадна ертөнцийн төв хэмээн Жунь-Го улс гэж нэрлэдэг бол XYII зууны үеийн Манж Дай Чинь улсын нэрээр өрнө дахин тэднийг China гэх болжээ. Энэ мэтээр соёл иргэншилтэй улс үндэстэн зэргэлдээ орших овог аймгуудыг доромжилсон утгаар, мөн өөрсдийн үзэмжээр янз бүрээр нэрлэсэн нь байдаг. Өвөрмонголчууд ч үүнийг тойрон өнгөрсөнгүй. Эртний Хятадууд өөрсдийн түүхэн зохиолуудад Хунну (зэрлэг боолчууд), Гоужун (Нохой эртэн), Дунху (Дорнодын зэрлэгүүд), Жуань жуань (өт хорхой) гэх мэт нэрс олон тэмдэглэгдсэн байдаг.Гэтэл Монгол гэдэг нэр хэдий үеэс гарч ирсэн хаанаас бий болсон ямар утгатай юм бол? Үүнийг тайлбарласан судлаачдын санал хуваагдсан хэвээрээ л байна. Маш их олон санал байдгаас ихэнх судлаачид 3 саналыг нилээд үнэнд ойр хэмээн үзэж шинжилгээ хийж байна. Ямартаа ч Хятадын түүхийн эх сурвалжид монгол гэдэгтэй адил аялгуу ханз үсэг нь Тань улсын үед (618-907) Мэн-У, Мэн-Ва, Мэн-Гу гэсэн янз бүрийн хэлбэрээр бичигдэн үлджээ. Ялангуяа Хуучин Тан-шу сударт “Их Шивэйн олон аймгуудын бүрэлдэхүүнд багтдаг Хянганы уулсын зүүн талаар нутагтай Мэн-У нь Шивэйн аймгуудын зонхилох овог” гэж тэмдэглэгдсэн байна. Энэ мэдээнүүдийг нэрт түүхч Г. Сүхбаатар багш нягтлан үзээд, Монгол гэдэг нэр нь Тоба улсын хаанд баригдсан Мугулюй хэмээх хүний нэрний үндэс байж болох юм гэж үзсэн ч энэ асуудлыг цааш нь нарийвчлан судалсан судлаачид одоогоор алга байна. Ихэнх судлаачид Монголын олон овог аймгуудын нэрийн гарлыг тэдний нутагладаг гол ус, уул нурууны нэрнээс мөшгөн хайх боломжтойг нэгэнт тогтоожээ. Тухайлбал, Улх голоос Улхнууд, Салж голоос Салжууд, Сяньби уулаас Сяньби үүссэн гэдэг. Үүнээс үндэслэн “Мон” гэдэг язгууртай уул усыг судлаачид эрж хайж чамгүй тийм нэр язгууртай уулс усны нэрсийг цуглуулжээ. Үүнд Өвөрмонголд Мана болон Муна уул, Хэнтийд Моен гол гэх мэтийг хэлж болно.   Харин Мон-гол гэдгийг тэр үед “Мон” гэж нэртэй аймаг нь олон овог аймагтнуудыг нэгтгэхэд их үүрэг гүйцэтгэсэн учир “Гол” аймаг-улс гэснээс “Монгол” хэмээх нэр үүссэн гэж ихэнх судлаачид одоогоор тайлбарлаж байна. Үүнийг батлах Монгол маш их түүхэн эх сурвалжууд байдгаас Рашпунцагийн “Болор эрхи” зохиолд “.. Эх улсыг зовон зөхөж зонхилон хураахад хүчээ үлэмж өгсөн Молор эрдэнэ мэт бидний /Бида/ улсад Моен үзтэл зовоход нь ерөнхий гол болсноор хөдлөхийн дээд хөх Монгол  гэв гэж дурьдсан байна. Судлаачид Бида улс гэдгийг Монгол гэдэг нэр болохоос өмнөх овог Монголчуудын өөрсдийнх нь нэр гэж үздэг юм.
Түүнчлэн Өрнөдөд биднийг Монгол гэхээсээ илүү Татарууд гэхэд ойлгомжтой байжээ. Учир нь Монгол, Татар хэмээх энэ хоёр нэр нь нэг угсаатны нэрлэсэн хоёр өөр салшгүй нэр юм. Татар гэдэг нэр нь гарлыг Жужан улсын хүчирхэг хаан Датанаас үүссэн Түрэг угсаатан Монголчуудыг уг хааны нэрээр Огуз Датань, Тонуз-Датань гэж нэрлэж байсныг Европууд шууд авч хэрэглэжээ. Ийм тохиолдол ганц бидэнд ч тохиолдоогүй Бирм, Солонгос, Хятадад ч байжээ. 
Image
Монгол угсаатан: XII зууны үед нүүдэлчин Монгол угсаатан гурван хэсэгт хуваагдаж  байв. Дарлигин 18 аймаг, Нирун 19 овогоос бүрдэх Язгуурын монголчууд, Урианхан, Хонгирад-Икирас, Олхунуд, Харануд, Кунгилиут нар салбарлан гарсан. Илжигин, Горлус, Уряут-Хонхтон, Тэлэнгүт, Арулад нар салбарлан гарсан. Үшин, Сүлдүсэн, Ильдуркин, Баяуд, Хингит, Кунжин хэмээх Дарлигин 18 аймаг ойролцоогоор МЭYII зууны төгсгөл үед Бөртэ-чинуагийн удирдлага дор “тэнгис далайг гатлан Бурхан халдун ууланд ирж” нутаглажээ. Бөртэ-чинуагийн удмын 13-р үеийн Бодончарын үр сад Хатагин, Салжиуд, Тайчууд, Хартахан, Сэжүүд, Чинус, Ноёхон, Урууд, Мангууд, Дөрвөд, Баарин, Барулас, Хадархан, Жадаран, Будаат, Дуклад, Бэсүд, Сухан, Кунгият гэсэн 19 Нируны овог болон хичирхэгжээд Дарлигин 18 болон бусад Монгол овгуудыг эрхшээлдээ авчээ. Язгуурын Монголчууд гэгддэг Нирун-Дарлигинчууд нь XIII зуунд Монгол угсаатан бүрэлдэн тогтоходгол мөхлөг (цөм) нь болжээ. Нирун нь 1. Алан-гуагаас Хабул ханы үе буюу Нируны үе (Нируны 19 овог бүрэлдсэн үе)  2.  Хамаг Монголын ханлиг байгуулагдан хүчирхэг болсон Хабулаас Есүхэй баатарын үе буюу Нирун-Хиадын үе,  3. Эсгий туургатныг нэгтгэн Монгол угсаатны Эзэнт гүрэн байгуулагдсан үе буюу Чингис хаан, түүний залгамжлагчдын үе буюу Хиад-Боржигиний үе гэсэн хөгжлийн 3 үеийг туулжээ.  Хамаг Монголтой зэрэгцэн монгол угсааны Татар, Мэргид, Жалайр, Хорь-Түмэд-Барга, Ойн иргэд,  монгол бус угсааны Хэрэйд, Найман, Онгуд гэсэн нийгэм-эдийн засаг, улс төр, өөр өөр хөгжлийн түвшинтэй, өөр өөр шашинтай олон овог, аймгууд Төв азид нутаглаж байлаа.
  Үхрийн бөөр шиг олон зуун овог аймгууд 1206 онд хүн төрөлхтний одоо ч гэсэн хүрээгүй мөрөөдөл болсон жинхэнэ эв нэгдэл, нягтралыг Чингис хааны удирдлага дор хийж чаджээ. “Тэр бүхэн чухам яаж болов оо?” гэж академич Б.В.Владимирцов ХII-ХIII зууны монголчуудын түүхийг судлаад дуу алдсныг дэлхийн бүх Монгол судлаачид давтан хэлсэн байдаг. Юуны ачаар  700000-хан хүн амтай өөр өөр шашин шүтлэгтэй, хөгжлийн түвшин нь ялгаатай, тархай бутархай, барууны зарим судлаачдын бичдгээр арчаагүй, бүдүүлэг дорой, харгис хэрцгийгээрээ алдартай нүүдэлчид эвлэлдэн нэгдэж дэлхийн түүхэнд домог болтлоо мөнхөрсөн юм бол? Үүнд түүхч, судлаач бүр янз бүрийн гэсэн хариу өгдөг. Тэдгээр нүүдэлчдэд нэгдэхийн үндэс болчихоор ямар нэг зүйл нэгээхэн ч байсангүй. Нутаг орон даяар нь сүнс сүүдэр шиг хэрэн хэсүүчилсэн цус урсгасан овог аймаг хоорондын дайн, өс хонзон, зөвхөн өөрсдийнхөө амиа аргацаасан “Хуучин хүү” шиг амьдрал, харанхуй бүдүүлэг ёс, харгис хэрцгий хүчирхийлэл гээд нүүдэлчид ёстой л 10 хар уналын ирмэг дээр нүүдэлчид байв. Гэтэл энэ “Хуучин хүү” чинь зохиол дээрээ сайн тал нь дотроо гэрэлтсэн даахин дор хүлэг, дахан дор эр болсон хүү байдаг шүү дээ!
 Image
Өвөг дээдэс нь үхэж үрэгдэвч тэнгэрт хальсан тэднийхээ сүнсийг хүндэлдэг үр сад нь хэлж ярьсан бүгдийг, мөн байгуулсан гавьяаг нь хойш хойш нь ам дамжуулан ярьдаг, тэрхүү “мэдээлэл нь” гагцхүү ёгт утгатай үнэн байдаг, худал яригсдыг үнэнхүү үзэн яддаг гэх мэт бичигдээгүй хууль буюу хэв хууль ёс олон мянган жилийн турш эдгээр нүүдэлчдэд уламжлагдан иржээ. Тухайлбал Нууц товчооны мэдээллийг монголчууд тэр зохиолыг мэддэггүй байхдаа л бие биендээ уламжлуулж байсан шүү дээ. Хэв хууль гэж юу болохыг ойлгоё гэвэл бид Тэмүүжин намтараас мэдэж болно. Тэмүжин  юунд Бэгтэр түүний ээж Сочигэлээс салах болов? Тэр яагаад урт дурын хүмүүсийг шадар нөхдөө болгов? Тэр юунд Жамух андаасаа салж, хоорондоо тэмцэлдэн дайтаж байсан атлаа яагаад эвлэрэе гэхэд нь Жамух анд нь эрс татгалзсан! Тэмүжин-Жамухын нөхөрлөл, Тэмүжин тийм их суут хүн байтал түүний үр сад яагаад түүн шиг хүмүүжиж, хатаагдаж чадсангүй вэ? гээд л маш олон   асуудлууд эзэн Чингис хааны намтрыг ээдрээтэй болгож байна. Энэ асуудлын хариу нь ердөө ганц юм. Энэ бол нүүдэлчдэд өөр өөрсдөд нь байдаг хэв хуулиудыг нь нэгтгэж нүүдэлчдээр даян дэлхийд нэгдмэл эмх журам, хуулийг тогтоолгосноор Монголчууд хүчирхэгжээ. Монголчуудыг сайн мэдэх Марко Пологоос Генуягийн шоронд түүнтэй хамт хоригдож байсан, зохиолыг нь бичиж өгсөн нөхөр нь Их хааны хүч чадалтай байсны учрыг лавлахад тэр “Яагаад гэвэл Христос, лалын бүх улсад айдас хүйдэс, эзэрхэг ёс, эмх замбараагүй байдал оршиж, амьд явна гэх, эд хөрөнгө нь бүрэн бүтэн, нэр төр нь ариун халдашгүй байна гэх баталгаанууд байхгүй, ер нь аж төрөхөд маш хүнд байдаг. Их хааны улсад бол хууль, эмх журмыг чандлан сахиж байдаг тул гэмт хэрэг үйлдчихгүй л бол туйлын амар тайван сууж болно. Ийм хууль буй газар хөгжил, иргэншил нэгдэл байнагэжээ.
Марко Пологийн тэр эмх журмыг Урт дурын хүмүүс жадны үзүүр, сэлмийн ирээрээ тогтоон Чингис хааныг хаан ширээнд суулган үр ашгийг нь өөрсдөө эдэлсэн гэж хэлж болно.
Үүнийг угсаатны тэсрэлт гэж хэлдэг. Угсаатны тэсрэлт гэж юу вэ? Хүн бол зөвхөн нийгмийн гишүүн бус мөн угсаатан гэдэг байгаль-түүхийн эрч хүчтэй нэгдлийн гишүүн юм. Иймээс хүн, угсаатан-хамт олныхоо хамт шим мандалд хамаардаг тул бүх амьд амьтны хамт хүн байгалийн нэг хэсэг болдог. Шим мандалд угсаатны хийж бүтээснийг нь байгалийн ухаанд хэрэглэдэг аргыг ашиглан илрүүлж болдог онолыг Л.Н. Гумилев, Ж.Б. Вернадский нар анх нээжээ. Түүнийг эрчимт хүчний онол гэдэг. Уг онолын гол агуулга нь дэлхийн угсаатнуудын хөгжилд хэт угсаатнууд голлох үүрэг гүйцэтгэдэг ба тэд байгаль, шим мандалтай холбоотой.Академич Ж. Вернадский “Дараах гурван чиглэлээр амьдралын эрчимт хүчийг хүмүүс олж авч, түүнийхээ хүчээр улс үндэстнээ сэргээн хүчирхэгжүүлж, уг хүч багасахад улс үндэстэн нь доройтож, тэр хүч нь шавхагдахад мөхөл рүүгээ ордог байна. Энэ нь:  1. Дэлхийн цөмийн үйлчлэлээр өөдөө гарч ирдэг атомын, 2. Од гаригаас ирэх сансарын, 3. Нарнаас ирэх цацраг идэвхт эрчим хүч аж.”  Энэ үндэс дээр Л. Гумилевын Эрчимт хүчний онол бий болжээ. Уг онолын гол агуулга нь угсаатнуудын хөгжилд дээр дурьдсан 3 эх булагаас дэлхийд ирдэг эрчимт хүчний гүйцэтгэх үүрэг, түүний үр нөлөө, энэ үр дагаврын хэтийн төлөвийн тухай асуудал болно.
  Эрчимт хүчийг өөрсдөө авч аяндаа тэсрэлтэнд орж бусад үндэстэн улсын түүхэнд нөлөөлдөг угсаатныг Л. Гумилев Хэт угсаатан (супер этнос) гэж тодорхойлжээ. Ийм хэт угсаатан түүхийн янз бүрийн үеүдэд хэд хэд байсан юм. Үүнд: Византи /МЭӨII-МЭ ХI/, Исламын ертөнц /ҮII-ХII/, Роман, германы христос мөргөлт ертөнц /IХ-ХҮI/ Эртний талын нүүдэлчид /МЭӨI-ХIII/ Монголчууд /ХII-XIY/. Гумилёв эдгээр бүх угсаатнуудыг балчир-идэр-залуу-доройтлын үеүдээр нь биосфер, нoосферын түвшинд нь судалжээ. Эдгээр үеүд нь эрчимт хийгээд амин ч хүмүүсийн хоорондын зөрчил, тэмцлийн түүх ажээ. Эрчимт хүмүүс гэж байгаль, дэлхийгээс орж ирсэн эрчимт хүч нь байвал зохих хэмжээнээсээ хэтэрч давсан, аминч хүмүүс гэж амьдрах тэрхүү хүч нь байвал зохих хэмжээндээ хүрэхээ больж багассан хүмүүсийг тус тус хэлдэг. Эрчимт хүмүүс нь өөрсдийнх нь хөгжил дэвшилд саад бологч бүхэнтэй хайр найргүй тэмцэлдэж “Эмх журам, амар тайвныг” тогтоох гэдэг. Энэ нь амьдрах тэрхүү эрчимт хүч нь ихдсэнийх бөгөөд түүнийгээ дуусан дуустал маш эрчтэй тэмцлээ үргэлжлүүлдэг. Харин аминч хүмүүс нь мэдээж үүний эсрэг шинж чанартай. Энэ хоёр бүлэг хүмүүсийн тэмцэлд аминч хүмүүс нь зонхилох боловч тэд өөрсдийн эрчимт хүмүүст уусах замаар асуудал шийдвэрлэгддэг байна. Иймээс эрчимт хүч хүний 1-2 үед л давуу байдалтай хадгалагддаг. Жишээ нь Чингис, түүний шадар нөхөд  Хубилайн Их гүрний үеэс огт өөр байна. Өөрөөр хэлбэл эрчимт хүмүүсийн дараагийн үе шат нь тэгш хүмүүс байдаг. Энэ мэтээр газар дэлхийгээс амьдрах эрчимт хүч авсан угсаатнууд дараах 6 шатыг дамждаг. Үүнд: Сэргэлтийн үе-Оргил үе-Тэгш үе-Гуйдалтын үе-Уруудалтын үе-Уналтын үе-Шувтралтын үе гэж байдаг.Image
Гумилевын үзэж байгаагаар эрчимт хүчээ авсан угсаатнууд эдгээр үе шатуудыг дамжин 1200-1500 жилийн түүхэн замыг туулдаг ба шинэ үеэс өмнө нь тодорхой давтамжтай байжээ. Учир нь Вернадский-Гумилёв нарын энэхүү онол нь хүн төрөлхтөнд байгалийн шинж чанар нь илүү ойр ч нийгмийн хөгжлийн нэг түлхэгч хүч үйлдвэрлэлийн харилцаанд техникийн гүйцэтгэх үүрэг байгаа үед үйлчилж байсан юм.  Хүн төрөлхтөнд цөөхөн байсан эдгээр хэт угсаатнууд ээлж дараалан дэлхийн түүхэнд товойн гарч ирж өөрийн эрчимт хүчээ бусад үндэстэн угсаатнуудад түгээж түүхэн эргэлт хийж байлаа. Жишээ нь, ХIII зууны дэлхийн түүх бол Монголчуудынх байв. Монголчуудын түүхэн үйл ажиллагаа нь лан ганц дайн байлдаан юм шиг боловч энэ нь тэр цаг үед эрчимт хүчээ түгээх хамгийн шалгарсан арга байлаа гэж Гумилев Монголчуудын байлдан дагуулалтыг дүгнэсэн байдаг. Үнэхээр энэ онол нь В.Гегелийн хэлсэн “Хүн төрөлхтний түүх дорноос эхлэлтэй, Дорнодод төгсгөл болдог” гэдэг үгийн гол баталгаа болов уу? Иймээс Б.Я.Владимирцовын дээрх асуултанд хариувал түүхэн зүй тогтолт үйл явц угсаатны дэлбэрэлт болжээ  гэмээр байна. Чингис хааны бий болгосон төрийн тогтолцоо үүнийг баталдаг юм. Эзэнт гүрний хаант төрийн засаглалын хэлбэр нь “Давхраат хаант засаглал” байв. Их хаанд төрийн бүх эрх мэдэл байдаггүй, Их хуралдай, Сэцдийн зөвлөлтэй хамтран төрийн бүх хэргийг хэлэлцэн шийдвэрлэдэг журамтай. 1206 онд Дэлүүн болдогт болсон Их хуралдай болоход хүрээний төвд алтан хөвөөтэй, хөх хөлдрөгтэй, цас шиг цагаан өнгөтэй, том монгол гэрийн хэлбэртэй ордон байгуулсан бөгөөд тооныг нь тулсан бат тулгуурыг шижир алтаар цутгасан ба ордны голд 9 цагаан тугийг өндөр мандуулж, эсрэг талд нь дайны догшин хар сүлдийг тахисан байв. Их хаан Чингис өөрийн шадар нөхдийн хүсэл зорилгоор төрийн зохион байгуулалтыг бий болгожээ. Их гүрэнд хамгийн их эрх мэдэл бүхий субъект нь Их Хуралдай. Их хуралдай нь  их хааныг өөрийг нь өргөмжилдөг учир түүнээс ч илүү эрх мэдэлтэй. Их гүрний төрийн дотоод, гадаад бүх эрхийг Эрх мэдэл бүхий албан тушаалтан  эдэлдэг.Тэдгээр хүмүүс өөрсдийн бодлого, үйл ажиллагаа зөвхөн “Их Ясса”-гаар л зохицуулдаг байв. Их Засаг хууль нь тухайн үеийнхээ иргэний, эрүүгийн, цэргийн, гэр бүлийн, байгаль хамгаалах гэх мэт эрх зүйг бүхэлд нь багтаасан төрийн эрх зүйн бүхэл бүтэн цогцолбор шинжтэй юм. Өөрөөр хэлбэл Их засаг бол нүүдэлчдийн бүх хэв хуулийг цэгцлэн тэдэнд эмх журам тогтоосон цорын ганц хууль гэж хэлж бүрэн болно.

6. Монгол угсааны хаант улсууд

Чингис хаан түүний залгамжлагч гурван их хаан Өгөөдэй (1229-1241), Гүюг (1246-1248), Мөнх (1251-1259) нар “Өндөр уулын хөтөл зорь, өргөн далайн олом зорь, хол хэмээн бүү шантар, явбаас хүр юү, Хүнд хэмээн бүү цөх, өргөвөөс дааюу” гэдэг Чингисийн билэг сургаалийн дагуу хүнд хүчир их аян дайнууд хийж Солонгосоос Адриатын тэнгис Альпийн нуруу хүртэлх өргөн уудам нутагт Монголчууд ноёрхож эхэлжээ.            
Нүүдэлчдийн байлдан дагуулалтаар бүрэлдсэн энэ их нутагт дэлхийн хэмжээний  “Эмх цэгц” \PAX MONGOLIСA\-г тогтоосон боловч түүнийгээ яаж сахин хадгалах, харь соёл иргэншилд хэрхэн хандах, өөрсдөөсөө өндөр соёл иргэншилтэй улс гүрэн, угсаатан үндэстнийг нэгэн дор захирах гэх мэт шинэ шинэ олон асуудлууд тэдний өмнө тулгарсан юм. Дайны хөлд өсөж хүмүүжин хатуужсан, өвгөдийн сургаалиа хууль цааз мэт санадаг хан хөвгүүд өөд болж эрх ямбатай залуу танхи хан хөвүүд Их гүрний удирдлагад гарч тэдний эцгүүдийнх нь зөрчил залуу хан хөвгүүдэд үгдэрч зөрчил нь сэдэрлээ. Хан хөвүүдийн зөрчил нь Чингис хааны үед хэл амаар төдий илэрдэг байсан бол Чингис хааны ач нар өөрсдийн тэмцлийг хэл ам, хэрүүл зодооноор, түүний ач нар нь зэвсэгт тулаанаар, түүний хөвүүд нь дайн самуун дэгдээх хүртэл өөрсдийн зөрчлийг шийдвэрлэдэг болсон. Тэд “Мах иддэг шүд аманд ажээ, Хүнд идэх шүд сэтгэлд ажээ. Бие бөх бөгөөс ганцыг ялна. Сэтгэл бөх бөгөөс олныг ялна” гэдэг өвөг эцгийн сургаалиа мартжээ. Мөн үүнд, Их хаадын төрийг хутгагч их хатад, ноёдын үүрэг их байлаа. Ийнхүү 50 шахам үргэлжилсэн их гүрний үе төгсгөл болж 1260-аад оноос хэд хэдэн биеэ даасан Монгол угсааны хаант улсууд оршин тогтножээ.

Анх хан хөвгүүдийн зөрчил Сартуул иргэд рүү дайрахаас өмнө хаан ширээгээ хэнд өвлүүлэх вэ? хэмээх асуудлаар Хаан эцэг нь хөвүүдээсээ асуухад сэдэрчээ. Өгэдэйг хаан ширээнд суулгахаар тохирсны дараа Өгэдэйгийн
... Өөхөнд ороовч нохой тоож шиншлэхгүй
Өвсөнд хучивч үхэр тоож үнэрлэхгүй тийм үр хүүхэд төртөл миний үр удам хаан ширээнд суух болно” гэж ах дүүгээсээ андгай тангараг авсан нь хожмын Их хаан ширээний төлөө тэмцэл, тэр нь угжиргч Их Монгол улс задарч Монгол угсааны хаант улсууд болж задрах гол шалтаг болсон байна. Чингис хаан сайн удирдагч байснаас биш сайн сурган хүмүүжүүлэгч байсангүй. Хорезмтай хийсэн аян дайнд түүний залгамжлагч хан хөвүүд Зүчи, Тулуйгийн болон Цагаадай, Өгэдэйн гэсэн зөрчилт бүлэглэлүүд болж хувирсан байлаа. 1205 онд Зүчи Зэбэ ноёнтой хамт Ойн иргэдийг байлдан эзэлснийг нь Чингис хаан их сайшаан “монгол морины туурай хүрсэн баруун зүгийн нутаг чинийх болтугай” гэж зарлиг болгож байсан төдийгүй аливаа санал асуухдаа “...хөвүүдийн ах”-аас хамгийн түрүүнд саналыг нь сонсдог байлаа. Зүчи өөрийн гурван дүүгээсээ “...Барилдаад унавал унасан газраасаа босохгүй, Харвалдаад ялагдвал эрхий хуруугаа тасдах” хэмжээний илүү чадал, авъяаслаг байжээ.
Харин Цагаадай хэдий хан хөвүүдээс хамгийн урт насалсан ч ухаан ахар байжээ. Түүнийг “Судрын чуулган” зохиолд “монгол зантай догшин ширүүн зан авиртай” гэж онцолсныг Зүчийн дүүдээ хандаж хэлсэн “Чи надаас юугаараа илүү юм? Ямаан омогоороо илүү биз...” гэсэн гоморхолын үг баталж байдаг. Хорезмын их аян дайны үед Зүчи өөрийн эзэмшилд хэзээ нэгэн цагт ирэх Самарканд хотыг эвдлэн сүйдлэлгүй эзлэн авах гэсэн бол Цагаадай Хаан эцгийн зарлигийг ямар ч үнээр хамаагүй гүйцэлдүүлэх гэж улам хоорондоо зөрчилдөж байсныг Өгэдэй очиж эвлэрүүлжээ. Хөвүүдийнхээ энэ зөрчлийг өөрийнхөө нүдээр харсан Их хаан Хорезмын аян дайнаар Ертөнцийн дайдыг хэмжиж гадаад ертөнцтэй өөрийн биеэр танилцаж “алд биеэ алжааж” байгуулсан Их улсаа өөрөө мөнхөрч байж хадгалж үлдэж болох шунал нь улам асаж олон удаа шавдуулан байж 1224 онд Чань Чун бумбатай уулзсан байхаа? Түүхэн энэ уулзалтын дараа их улс зүй тогтлын дагуу хэзээ нэгэн цагт бие цогцсын адил урсан алга болох авч бие чадлаар бус билиг авъяас, суу ухаанаар бүтээсэн зүйл мөнх үлдэж болдогийг ухаарч түр боловч амсхийсэн болов уу? Тиймээс Өгэдэй хүүдээ бусдаас илүү найдвараа тавьж байсан байхаа. Харин Өгэдэй эцгийн сургаалийг биелүүлж байсан ч хөвүүдийн зөрчлийг улам хурцатгах зүйл хийжээ. 1234 онд Алтан улсад аян дайн хийж байгаад түүний бие алжаасанд бөө нар төлөглөж үзээд “Их хааны хамгийн дотнын хүнээр хойлогловол Их хааны бие илаар болно” гэжээ. Тэр хүн нь “гол улс”-ыг өмч болгон авсан Тулуй “хаан ахын мартсныг нь сануулж, унтсныг сэргээж байх” тангарагаа санаж хор ууж нас баржээ. Өөрийн өрсөлдөгчөө үгүй хийсэн Өгэдэй хаан дөрвөн сайн, муу зүйлийнхээ алинд нь ч үүнийгээ оруулаагүй нь улс төрийн тэмцлийн зохиомол тэмцэл байсныг нотолж буй хэрэг бизээ. Өгэдэй хаан өөрийгөө залгамжлуулахаар гуравдугаар хүү Хүчүгээ бэлтгэж байсан ч Хүчү эцгээсээ өмнө нас баржээ. Уй гашуудалд баригдсан Өгэдэй төрт ёсоо бодолгүй бор дарсанд толгойгоо улам бүр мэдүүлж эш хатан Туракина, түүний хамсаатан Абдурхман нарыг эрх мэдэлтэй болгоход хүргэжээ. Өгэдэй хааны мэргэн түшмэл Чингай чинсан болд сэлмийг архинд дүрж зэврүүлээд “Архи ган төмрийн ирийг хүртэл ийн мохоож байхад хүний ухаан санааг ч үүн лүгээ адил болгох бизээ” гэж Их хаанаа сэнхрүүлэхэд Өгэдэй мэргэн түшмэлийн үгэнд орж “өдөрт ганц хундага архи ууж байна” амласан боловч тэр хундага өдөр ирэх бүр томорч тогоо чинээ болсон гэсэн яриа байдаг. Өгэдэй хааны энэ муу чанар түүний Гүюг зэрэг залгамжлагч нарт нь даамжирч Монголын бусад ноёдын дэмжлэгийг хүлээж чадалгүй түүний удам угсааны хаанчлал өөрөөр нь дуусгавар болсон ч байж болох талтай.
Эзэн Чингис хааны бага хөвүүн Тулуй нь 3 ахаасаа Зүчийг илүү дотночилж нөхөрлөдөг байжээ. Энэ тухай эх сурвалжуудад тодорхой мэдээ байдаггүй боловч түүний үйл хөдлөл, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хөвүүдээс нь харж болно. 1234 онд Тулуйг нас барсны дараа түүний хөвгүүд Сорхогтан бэхи эхийнхээ нөлөөгөөр Зүчи хааны ахмад хөвүүн Батын өмөг түшигт очив. Ялангуяа 1236-1241 оны ахмад хөвгүүдийн дайнд Бат, Тулуйн ахмад хүү Мөнх нар ихэд ойр дотно болсон байна. Тиймээс 1251 онд Бат цэрэг илгээн “Бэрх, Хубилай нар хишигтний илдний дор Их хуралдайг хуралдуулж” Мөнхийг хаан ширээнд суулгасан түүхтэй. Ийнхүү хан хөвгүүдэд Чингисийн 4 хөвгүүдийн зөрчил тэмцэл хадгалагдан үлдэж эхлээд далд байдлаар үйл хөдлөл, үзэл бодлоороо мэтгэлцэн тэмцэлддэг байсан бол дараа нь харгалдуулсан тэмцэл, дайн тулааны шинжтэй болж даамжиран бие биенээсээ хараат биш эзэмшил Монгол угсааны хаант улсууд болж задарчээ.
                         

1. Цагаадайн хаант улс. Уг улсын түүх 1221 оноос эхэлдэг боловч 1227 он хүртэл Чингис хаанд  итгэгдсэн Махмуд Ялавачи захирч байв. Чингис хааны хийсэн аян дайнуудаас ялах магадлал хамгийн бага, эрсдэл ихтэй дайн бол Сартуул иргэдийг дайлсан Их аян дайн байлаа. 120.000 цэрэг 5000 орчим км бартаат замыг туулж өөрсдөөсөө 100 дахин илүү хүчтэй тулалдана гэдэг бол Чингис хаанд маш хүнд байлаа. Хол замыг туулж их цэрэг Хорезмын нутагт орж ирэхэд Махмуд Ялавачи итгэлт нөхдүүдийг дагуулан Чингис хаанд дагаар оржээ. Энэ бол урвалт биш байлаа. Түүний эцэг, эхийг МАНКУРТ БООЛ болгосон Хорезмын эрхтэн дархтнуудаас өш хонзонгоо авах цагийг хүлээсэн үйлдэл байсан юм. Хорезмд хийсэн дайн амжилттай болоход Махмуд Ялавачи үлэмж чухал үүрэг гүйцэтгэжээ. Өгэдэй эцгийнхээ гэрээс ёсоор Дундад азийн улсуудыг засан тохинуулаж, захирах эрхийг ах Цагаадайдаа өгснөөр түүний нэрээр нэрлэгдсэн улс бий болжээ. Дундад азийн баруун талд худалдаа наймаа хөгжсөн Исламын шашинт хотууд, зүүн талд нь нүүдэлчид хил залгаж эрс тэс ялгаа байсанд оршдог. Ийм байдал энэ бүс нутагт удаан ноёрхож байснаас Хорезмын улс ч, Хар Хятаны хаант улсын гадаа нөхцлийг хүндрүүлж байснаас тэдний ноёрхол удаан хугацаанд оршин байж чадаагүй билээ. Дайны хөлд ихэд сүйтгэгдсэн ч хурдан сэргээгдсэн Бухар, Самарканд зэрэг хот багтсан бүс нутаг Монгол ноёдын эзэн суух сонирхолыг татаж байлаа. Гэвч Зүүн талаар Или гол, Долоон голын тал газар, Тарим голын дагуух баян бүрд нь нүүдлээрээ амьдрах боломжийг бүрдүүлж байсан учир Цагаадай болон түүний залгамжлагч нарын орд өргөө голлон тэнд байрлаж байлаа. Рашид ад Дин, Цагаадайг эзэрхэг догшин, ямаан омогтой монгол зан авиртай гэж цохон тэмдэглэсэн нь “Монголын нууц товчоон”-ы халуун цочмиг гэсэнтэй дүйж байдаг билээ. Цагаадай Өгэдэй их хаантай нягт холбоотой байж түүний зарлигийг нь үг дуугүй дагахын хамтаар өөрийн эзэмшил болсон улс оронд аливаа асуудлыг бие дааж шийддэг байв. Тэрээр Исламын шашинд сүжиглэдэггүй, Христийн болон Буддын шашныг ивээн дэмждэг байлаа. Цагаадай Махмуд Ялавачийг замаасаа зайлуулсан боловч түүний хүү Масудбекийг Уйгараас Хорезм хүртэлх нутаг дахь тариалангийн газруудын захирагч болгосон бөгөөд тэрээр олон хаадын нүүрийг үзэн 1289 он хүртэл уг албыг хашиж байжээ. Цагаадай 1242 онд өөд болж түүний гэрээслэл ёсоор бага хүү Хара Хүлэгү хаан болжээ. Энэ үеэс нүүдэлчид өөрсдийгөө “Цагаадайнхан” гэж нэрлэсэн. Хара Хүлэгүгийн үед буюу 1251 онд Тулуйн хүү Мөнх, Батын шууд тусламжтайгаар Их хаан суусан үеэс эзэнт гүрэнд Цагаадайн улсын байр суурь үлэмж суларч худалдаа, эдийн засгийн томоохон бүс нутаг Мавереннахор муж Алтан ордны улсын мэдэлд шилжив. Энэ улсын дотоод хэрэгт Мөнх хаан болон Алтан ордныхон шууд оролцож Их хаанд таагүй ханддаг бүх жанжин, ноёдыг огцоруулж Хархорум, Бышбаликын хоорондох газарт тэд өөрийн эрх мэдлийг тогтоожээ. Хара Хүлэгү нас барсны дараа тус улс өөрийн гэсэн захирагч хаангүй үлдэв.
Харин Их Хаан Мөнх өөд болсны дараа Цагаадайн улс дахин сэргэх боломж гарлаа. 1260 онд Цагаадайн ач хүү Алгуй Аригбөхтэй тулалдаж, Хубилай хааны дэмжлэгийг авч түүний нөлөөгөөр Алтан ордныхныг хөөж бүх нутгаа чөлөөлөн Дундад ази, Умард Иран, Шинжааныг хамарсан нутгийг захирчээ. Хубилай хаан Алгуйг Цагаадайн улсын эзэн хэмээн хүлээн зөвшөөрсөн боловч түүнийг Монголын зүүн хойд хэсгээр нутаглаж Хубилайн хаанчлалыг үл таашаагч Хайду ноён хамгийн их эсэргүүцэж байв. Мөн өмнөх эзэмшил нутгаа алдсан Алтан Ордны Бэрх хаан Цагаадайн улс лахин сэргэж буйг хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Алгуй 1265 онд өөд болсны дараа Цагаадайн угсаанаас хамгийн түрүүнд Ислам шашинд орсон Мубарек шах гэгч улсын хаан суув. Хаанд өргөмжлөх ёслолыг Хубилай хаанд мэдэгдээгүй сэм хийсэн учир Юань улсаас цэрэг илгээж Мубарекийн орон түүний үеэл Боракыг Хубилай дэмжиж хаан ширээнд суулгажээ. Монголчуудыг Исламын шашинд оруулах, суурин соёл иргэншилд зохицон амьдрах, угсаатны хувьд уусан шингэх үүд хаалга нээгдэж эхэлсэн үед Өгэдэйн удмын Хайду ноён Боракыг ятган сэнхрүүлж өөрийн холбоотон төдий болж ашиглан Хубилай хааны цэргийг бут цохиж 1269 онд Цагаадайн улсын захирагч болов. Тэгээд ч зогссонгүй тэрээр Хубилай, Иль Хаадын улстай, Алтан ордонтой дараалан байлдаж эзэнт гүрнийг улам задлах үр дагаварыг түргэтгэжээ.

       
1290 оноос Цагаадайн удмын Дува гэгч бусдаасаа илүү нэр хүндтэй байсан учраас дэмжлэг авч хаан болж Юань улсад ёс төдий захирагдан вассаль болж дотоодын нэгдлээ хэсэг хугацаанд Чингис хааны нэр алдраар барьж байв. 1305 онд Дундад ази дахь Өгэдэй, Цагаадайн удмын тайж нар буюу Самарканд, Хожент хотын хооронд гарсан мөргөлдөөнийг Дува хаан зогсоож үүний шалтгааныг тодруулахын тулд Ташкентад хөндлөнгийн шүүх хийлгэж байлаа. Дува хааныг түүний хүү Эсэнбөх ор залгамжлах ёстой байсан боловч өөр нэг хүү Кебек (1318-1326) хүч хэрэглэн хаан ширээнд суулаа. Учир нь Хайдугийн булаан авсан газар нутгийг Эсэнбөх эргүүлж авж авсан ч Юань болон Ил хаадын улсуудтай амжилтгүй тэмцэл хийсэ, Эсэнбөхийн хүү Ясавур нь Ил хаадын улсад дагаар орсон зэрэг нь түүний байр суурийг сулруулсанаас болов. Кебек хаан Исламын шашныг улам хүчтэй дэлгэрүүлж, нэгдмэл мөнгөн тэмдэгт гаргаж худалдаа наймааг цэгцлэв. Кебек хаан Ислам шашинд орсон Монголчуудаа илт дэмжих бодлого баримталж байснаас Цагаадайн угсааны Монголчууд үзэл бодлоосоо гадна шашин, амьдрах хэв маягаараа хуваагдан ялгарч эхлэв. Суурин иргэншилтэй Монголчууд бараг ууссан тул тэднийг Түрэг Монгол нүүдлийн иргэншлээ алдаагүй Монголчууд өөрсдийгөө Моголстан гэж тус тус нэрлэх болжээ.
Кебек хаан Монголчуудыг уусахаас болгоомжилж нутагтаа түмтийн зохион байгуулалтын засаг захиргааг хэрэглэсэн боловч тус болсонгүй. Кебек хааныг дүү Тармаширин нь залгамжилж илт Ислам шашинтан Монгол бусчуудыг дэмжиж байсан учраас 1334 онд Монголчууд түүнийг хороосон байна. Кебекийн төрийг залгамжлагч Казан хааныг 1340 онд Маверннахорт хуйвалдаанаар түлхэн унагааж засгийн эрх түрэгжсэн “монголчуудын” гарт шилжиж тус улсын дорнод хэсэгт Түрэгүүд дангаар ноёрхож эхлэв. Иймд Монголчууд 1348 онд Дува хааны ач 18 настай Туглук Төмөрийг хаанаар өргөмжилж Кашгар, Кучи, Долоон ус, Ишиг хөл нуурыг хамарсан Цагаадайн улсын өмнөд хэсгийг эзэмших болов. Ийнхүү Цагаадайн удмын улс XIY зууны дунд үед Баруун хэсэг Мавереннахорт, зүүн хэсэг нь Моголистан гэж 2 хэсэгт хуваагджээ. Гэхдээ Моголстаныхан давуутай байдлаа ашиглаж Маверннахорыг вассалиа болгож алба татварлаж байжээ. Цагаадайн улсад Монголын арулад /Афганы хойд хэсэг/ Жалайр /Сырдаръяа/, Барулас /Кашгар орчим/, Найман-Хаучин /Мавереннахирт/ аймгууд зонхилж их нөлөөтэй байсан ба ХАЗАР МОГОЛ-чууд нь аж төрөх ёс, соёлоо ганцаараа хадгалж үлдэж одоог хүртэл Афганьд амьдарч байна. 
1346 онд Цагаадайн улс задран биеэ даасан жижиг муж улсууд болсон байна. Энэ үеэс Түрэг хэлтэй, узбек, киргиз, туркмен, уйгар гэх мэт бие даасан угсаатан бүрэлджээ. Туглук Төмөрийг нас барсны дараа түүнд алба хашиж агсан Төмөр хүчирхэгжин 1370 онд цэргийнхээ хүчээр Моголстаны баруун хэсгийг таслан авч өөрийн эзэмшил болгожээ. Төмөр бол Барулас овгийн хүн бөгөөд тэр Чингис хаан шиг их хүн байж Их гүрнийг байгуулна хэмээн мөрөөдөж язгуурын Монголчуудтай холбоо тогтоон Хиад-Боржигин овгийн хатан авч байжээ. Тэрээр 1370-1405 онд Төмөр Алтан ордоны улсын хагас, Дундад ази, Иран, Гүрж, Өмнөд оросыг нэгтгэсэн эзэнт гүрнийг дан ганц зэвсгийн хүчээр байгуулжээ. Гэвч 1405 онд Төмөр хааныг нас барахын хамт түүний гүрэн нь задран сарнив. Харин ач хүү Улугбек нь (1394-1449) дайн байлдаанаас татгалзан эрдмийн мөр хөөж од гаригийн хөдөлгөөний том нээлт хийн дэлхийд алдаршсныхаа “шанд” дайнч өвөг эцгийнх нь сүнс шингэсэн  хүүдээ  алагджээ. Энэтхэгт Индуизм үүсч Буддизм шахагдан кастын ёс дахин сэргэж, шашин хоорондын дайн үргэлжилж байсныг ашиглан Төмөрийн угсааны Бабур хаан Умард болон Төв Энэтхэгийг эзлэн авч Их Моголын эзэнт улс”-ыг (1525-1755) байгуулсан нь Төмөрийн Их Моголын үзэл санаа залгамжлагдан байгааг гэрчилж байв. Их Моголын улс Энэтхэгийн хамгийн хүчирхэг улс байсан төдийгүй соёлын үнэт өв олныг бүтээжээ. Агра хотноо Бабурын YI үеийн Шах Жахан (1627-1658) өөрийн хатан Мумтаз Махалынхаа гэгээн дурсгалд зориулж ариун дурлалын бэлэгдэл Таж Махалын бунханг дан цагаан гантиг чулуугаар барьсан нь одоо ч дэлхийн үнэт соёлын өвийн үнэт дурсгал хэвээр байна.


2. Иль хаадын хаант улс. 1253 онд Армяны хаан II Гетум Их хаан Мөнхтэй уулзаж 7 зүйлт гэрээг байгуулжээ. Үүнд: Иракын Багдадын Халифт улсыг бут цохиж Румын туркчуудыг эзлэх, Азербайджан, Иран, Ирак, Дундад ази, Гүржийг өөрийн нууц засаглалдаа авсан онцгой эрх мэдэлтэй Ассасинудын улс буюу манихейн шашинт “Уулын өвгөдийн нийгэмлэг”-ийг\ихэнхдээ ИСМАИЛ-чууд гэдэг байсан\ хүйс тэмтрэх, улмаар Сири Палестинд нэвтрэн ариун газар  Иерусалим /Арабчууд Аль-кудас гэдэг/ хотыг эзлэн авах гэсэн зүйлүүд багтаж байлаа. Үүгээрээ Монголчууд олон жил ялагчгүй үргэлжилсэн загалмайтны дайнд татагдан орж загалмайтнуудын магнайг тэнийлгэх болов. Энэ нь Гетумын христос шаштны өмнө байгуулсан том гавъяа байсан юм. Тэр үед дэлхийн хамгийн баян тансаг хот бол олон зуун жил дайн самууны хөлд өртөөгүй Багдад хот байлаа. Багдад болон тэр хавийн олон хотуудыг Исмаилчууд захирч байв.  Исмаилчууд бол дэлхийн анхны “алтан гурвалжин”-гийн ачаар ихэд хүчирхэг болсон Ислам шашны хөдөлгөөн байлаа. Хамгийн анх Х1 зуунд Иман буюу номлогчоор өргөмжлөгдсөн Хасан Сабах нь одоогийн Ирэн улсад байдаг Аланмут ууланд залуусыг цуглуулан гашиш хэмээх хар тамхинд донтуулж өөрийн ноёрхол, хүсэл сонирхлоо бусдад тулган Исмаилчуудыг бий болгожээ. Тэднийг Ассасин, Уулын өвгөдийн нийгэмлэг гэж янз бүрээр нэрлэдэг байсан бөгөөд орчин цагийн МАФИ-ийн зохион байгуулалттай байсан байна. Тэдний удирдагчийг Иман гэдэг бөгөөд Ислам шашны хуулиар үе улиран залгамжилдаг, нийтдээ 70 гаруй чулуун бэхлэлт хэрэмд суудаг байжээ. Исмаилууд Хорезм, Багдад, Армян, Иран зэрэг олон хаант улсыг өөрийн эрхэндээ байлгаж татвар хураан, сөргөлдөгсдийг “мэслэн алдаг”-аараа алдартай байжээ. Исмаилчууд эхэндээ Монголчуудтай сайн харилцаатай байсан боловч Эрх мэдэл, эд хөрөнгөнд тэмүүлсэн Монголчууд, Несториан шашинт хатадын нөлөөгөөр Армяны хаан Гетумтэй гэрээ байгуулсан байна.
Мөнх хаан Их гүрний 10 хүн тутмын хоёрыг Хүлэгт өгч Хатан Догузаа баруун гар болгож бүх хэргээ зөвлөж яваарай” хэмээн захиж их аян дайнд явууллаа. Догуз Несториан шүтлэгтэй, маш ухаалаг, энэрэнгүй сэтгэлтэй байсан тул Армяны түүхэн сурвалжууд түүнийг Ариун Еленатай зүйрлэн бичсэн байдаг. Хүлэг их цэргээ авч 1256 онд Иранд, 1257 онд Азербайджан, 1257-58 онд Багдадын Халифт, 1259 онд Сирийг тус тус маш амархан эзлэн авахдаа Уулын өвгөдийн нийгэмлэг”-тэй олон жил тулалдан арай чүү устгасан гэдэг. Гэхдээ хил хязгаар гэж байдаггүй, нууц засаглалаар эзэмшлээ захирдаг байсан энэ байгууллагыг бүрэн устгаж чадсандаа Хүлэг эргэлзэж байсан магадгүй. Исмаилуудын 70 гаруй хэрэм цайзуудыг нураан хамгийн сүүлчийн Иман Рукин аль Диныг барьснаар Исмаилууд дэлхийн түүхээс арчигджээ.
Бүх дайснаа дарсан Хүлэг цааш Гетумтай хамтран Иерусалимыг эзлэхээр бэлтгэж байтал Их хаан Мөнх өөд болж ажлаа түр хойш тавин Хар- Хорум луу буцлаа. Хүлэг Монгол руу явахдаа найманы жанжин Христос сүсэгтэн Кит-бухад цэргээ захируулж Иерусалим руу довтлохыг зөвшөөрчээ. Китбуха жанжин тэр үед Египетийн Салах ад Динийг бут цохиод ноёрхолоо тогтоогоод удаагүй байсан мамлюк Кутузад элч илгээн бууж өгөхийг шаардсан байна. Тэр үед Египет нь эргэж алдах эд хөрөнгө, газар нутаггүй Мамлюкуудад захирагдаж байснаа, удалгүй асар их эд баялаг, газар нутгийг захирсан хүчирхэг улс байжээ. Мамлюкууд мөн л Исламын үнэнч сүсэгтнүүд байсан Иерусалим хотыг аминаасаа илүү хамгаалах нь мэдээж билээ. Кутуз нь олон мамлюк дайчны нэг адил түрэг-кипчак хүн байсан учир түүний хамтран зүтгэгчид нь Монголчуудын байлдах арга барилыг сайн мэддэг байсан төдийгүй, Желал-ад Дин тэргүүтэй Хорезмын улсын үлдэгдэл Ислам шашинтнууд тэдэнд туслахаар ирсэн байлаа. Тэд Монголын элч нарыг бүгдийг нь дүүжлэн хороосон учир “Алтан аргамжаа тасдуулсан” монгол цэргүүд дайнд орохоос аргагүй болжээ. Китбухын захирсан түрэгүүд зонхилсон 10.000 гаруй цэрэг 1260 оны 9 сарын 3-нд Сирийн нутагт цөмрөн орж Кутуз түүний уирдсан монгол цэргийнм гол цохилтыг өөрсөд дээрээ авахуулахаар цэргийнхээ багахан хэсгийг Бейбарс жанжиныхаа удирдлаган дор явуулж өөрийнхөө мамлюкуудыг отоонд суулгасан байна. Бейбарсын цэрэг дийлдсэн болж ухаран зугтахад Монголчууд тэднийг мөрдөн хөөсөөр занганд орж мамлюкуудад цохиулав. Монголчууд хэдий бүслэгдсэн ч өгөө аваатай маш эрэлхэг тулалдсан гэдэг. Кутуз Цэргүүдийнхээ урам зоригийг бадраахын тулд Китабухаг олзлон авч цаазаар авчээ. Мамлюкуудыг бут цохиход Бейбарс султан Кутузаас илүү чадварлаг удирдсан учир түүний нэр нөлөө өссөнөө ашиглаж Бейбарс буцах замдаа Кутузыг хороож өөрийгөө султанаар өргөмжилжээ. Түүхэнд энэ хүн Монголчуудын довтолгооныг дарсан гавъяагаараа төдийгүй амьдралынхаа төгсгөлд хийсэн нууцлагдмал алхамаараа ихэд алдаршсан. Түүний байгуулсан Мамлюкын хүчирхэг эзэнт гүрэн Монголчуудын довтолгооныг удаа дараа няцаасаар 1517 он хүртэл буюу Османы туркын эзэнт улсад ялагдах хүртлээ хүчирхэг байдлаа хадгалж байв.
Хүлэг хаан Мамлюкуудад ихэд хорсож байсан ч аргагүйн эрхэнд дотоод асуудалдаа анхаарлаа. Хүлэг суурин иргэншилтэй илүү их танилцсан, юм үзэж нүд тайлсан, алсын санаа бодол нэг байсан Хубилай дүүгээ ихэд дэмжин хаан болоход нь тусалжээ. Хубилай түүний хариуг барьж Хүлэгтээ Иль хаан цол, 30000 торгон цэргээр шагнал барьжээ. Хүлэгийн төр барьж байсан бүхий л хугацаанд Монгол угсааны хөрш улсууд байнга дайсагнадаг байв ийм үед түүний гол түшиг тулгуур нь Хубилай хаан байжээ. Мөнх хаан Кавказыг Зүчийн улсад өгсөн учир Батын залгамжлагч Бэрх энэ хавийн нутгийг өөрийн мэдлийнх гэж үздэг байв. Мөн Бэрх Ислам шүтлэгтэн байсан учир Хүлэг хааны Багдад, Иерусалим хотууд эзлэх гэсэн бодлогод сэтгэл тун дундуур байлаа. Тэдний хооронд зөрчилөөс 1261-1263 онд Бэрх-Хүлэгийн хооронд зэвсэгт мөргөлдөөн болсны дараа Ил хаадын болон Алтан ордны улсын хил Кавказын уулаар зааглан тогтов. Хүлэг хаан хатныхаа нөлөөгөөр Христос шашинд талтай болж хүү Абага энэ шашинд орж Армений хаан III Михаилын охин Мариятай гэр бүл болж, ач хүү Аргун Христос шүтлэгтэн болцгоожээ. Хүлэг хаан Ромын пап, Константинополийн эзэн хаан Михаиль, Гүржийн хаан Давид нартай сайн хөршийн харилцаатай, олон удаа элч солилцож байжээ. Гол аюул баруун талд байсан хэдий ч Азербайджан нь агт морь, нутаг бэлчээр сайтай учир Хүлэг Тебризыг сонгож сайд, түшмэдүүд нь тэнд амьдрах болсон байна. Хүлэг хаан зуны цагт өөрийн ордонг бариулсан Алатаг-т, өвлийн цагт Сирийн талд нүүдэллэн очиж амьдардаг байлаа. Хүлэг 1256 онд 48 насандаа нэгэн найр хуримын дараа гэнэт нас барж Монгол ёсоор түүний хүү Абага (1265-1282) хаан ширээнд өргөмжилөгдөв. Тэр эцгийн бодлогыг үргэлжлүүлж Тебриз хотыг өргөтгөн барилга барьж, эрдэм мэдлэгтнийг үнэлж 23 зөвлөх сайд түшмэдээр өөрийгөө хүрээлүүлж, газар нутгаа тэлж байжээ. Ираны хилийн чанадад Их, Бага Армени, Бага азийн турк сельжукуудын нутаг орон бүгдээрээ Иль Хаадын хараат байдалд орсон бөгөөд Хурилдайгаар өргөмжлөгдсөн Хаан болон дээд зиндааны ноёд төрийн гол эрхүүдийг барьж цэрэг армийн удирдах тушаалуудыг хашдаг байсан бол, орон нутгийн иргэний хэрэг явдлыг Ислам шашинтан, Визир цолтонгууд эрхлэн хөтөлдөг байлаа.
Абага 1277 онд удтал бэлтгэсний эцэст Мамлюкуудтай дайтсан боловч Бейбарс султанд дахин бут цохигдож тэр зүг санаархахаа больжээ. Абага хааны ялагдсны шалтгааныг Бейбарс жанжингийн цэргийн авъяасаас илүү Иль Хаад, Алтан Ордоны хоорондын зөрчилтэй холбож тайлбарладаг. Иль хаадын улс Египетийн Мамлюкуудтай Сири, Иерусалимыг булаалдан хоорондоо дайсагналцаж байснаа Монголчууд Исламын шашинд орсны дараа Египеттэй холбоо тогтоон гадаад бодлогоо өөрчилжээ. Алтан ордоны хаан Ногай Кавказ, Цагаадайн удмын Борак, Хайдуд ялагдан хохирсон хохирлоо нөхөхийн тулд Хорасан луу довтолох зэрэгээр Абага хаанд их зовлон болдог байлаа. Цагаадайн монголчууд Хорасанд довтолсны хариуд Абага хаан 1273 онд Бухар хотыг эвдэн сүйтгэсэн бол 1295 онд үүний хариу болгон Цагаадайн улсын Дува хаан Ираны зүүн талын мужуудад цөмрөн орж их хядлага үйлдэхэд Алтан ордоны Узбек хаан хүртэл оролцсон юм. Ийнхүү Монгол угсааны хаант улсуудын хооронд хямрал дэгдэн гаарч байв. Мамлюкуудын хаан Бейбарс Абага хааныг бут цохиж шашин, үндэс угсаа нэг Румын туркуудыг Монголчуудаас чөлөөлөхийг оролдсон боловч амжилт эс олж Египет рүүгээ буцан тэндээ нас баржээ. Гэхдээ Монголчуудын удаа дараагийн довтолгооныг зогсоож агсан Бейбарс хаан юуны учир хаан ширээнээс сайн дураараа орхиж бадарчлан явсаар нас барсан нь эрдэмтдийг анхаарлыг татсан хэвээрээ байдаг билээ.
Иль хаадын улс 100 орчим жил оршин тогтнохдоо Хүлэгү (1256-1265) Абага (1265-1282)Текулар Ахмед (1282-1284), Аргун (1284-1291), Гайхат (1291-1295), Газань (1295-1304), Өлзийт (1304-1316), Абу сайд (1316-1335), Шейх Хасан Хүчү (1335-1343) нарын нийт 9 иль-хаан төр барьснаас Хүлэгү, Аргун, Газан нар алдар хүндтэй нэрээ түүхэнд мөнхөлжээ. Иль хаадууд Ромын пап IY Климент, I Николай, IY Николай нартай, Английн хаан I Эдувард, Францын ван IY Филипп, Византийн хаан Василевс нартай дипломат харилцаа тогтоож олон удаа элч солилцсныг гэрчлэх түүхэн баримт хадгалагджээ. Абагагийн дүү Текулар 1282 онд Иль хааны сэнтийд сууж Ахмед нэрийг өөртөө өгч Исламын шашинд оржээ. Абагагийн хүү Аргун Чингис хааны Их засаг хуулийг цээжээр мэддэг, тэр хуулиар Бурхан, чөтгөр хоёр тэрсэлцэн байдаг лалын ертөнцийг ч захирч болно гэж үздэг байв. 1289 онд Европын христийн шашинтнуудыг талдаа оруулахыг хичээн хэрэв Мамлюкуудын эсрэг дайнд нэгдвээс Иерусалимыг Христ шүтлэгтний мэдэлд өгөхийг санал болгосон захидал Францын хаан Гоо Филиппт явуулж байжээ.
                        
Иль Хаадаас хамгийн хүчтэй нь Газан хаан байлаа. 1295 онд Иль хаан суусан Газан Бага Арменид цөмрөн орсон мамлюкуудыг бутцохиж Гүржийн хаан ҮI Давидийг хаан ширээнээс нь буулгаж Иль Хаадуудад үнэнч Ү Давидыг тавьжээ. Ийнхүү ноёрхлоо тогтоож чадсан боловч түүнд Мамлюкууд Алтан Ордонтой нэгдэж хүчтэй эсэргүүцэл үзүүлсээр байсан. Газан хаан өөрийн хаанчлалын үед эдийн засаг, улс төр, нийгэм-оюун санааны бүх хүрээнд 40 зүйлийн шинэчлэл хийж 1295 онд өөрөө Исламын шашинд орсноор улсаа “Исламын улс” гэх болжээ. Тэрээр Ираны түүхч Рашид-ад-динаар “Судрын чуулган”-ыг бичүүлсэн юм. Газан хааныг Иль Хаадын улсыг үндэслэгч 2 дахь хүн гэж үздэг. Түүний үед эрх баригчид хаанаас хараат биш болсон агаад цаазлах ялыг хатуу чанд хэрэгжүүлдэг байснаар Иргэний дайныг зогсоож чадсан гэж үздэг. Шинэ мөнгө, жин хэмжүүрийн систем, татварын тогтолцоог бий болгож байжээ. Гэвч энэ шинэчлэл нь тэртээ тэргүй аж төрөх ёс, хэв заншлаа алдаж байсан Монголчуудын уусах процессыг улам түргэсгэж Хүлэг хааныг дагаж ирсэн олхунуд, хонгирад аймгийнхан зонхилсон олон Монголчууд уусчээ.
Газан хаан дүү Өлзийт 1304 онд хаан болж Алтан Ордтой найрамдал тогтоож Францын хаан Филипп, Английн хаан Эдуард нарт элч илгээн “Монгол хаад эв найрамдалтай болж Европын эрх баригч нартай найрамдах хүсэлтэй байгаа” тухайгаа илэрхийлсэн. Гэвч Өлзийт хааны Мамлюкуудын эсрэг холбоо байгуулах хүсэл нь талаар болов. Өлзийт хаан Мосул руу цэргээ явуулж дайныг эхлүүлсэн боловч хоол хүнс дутагдаж, өвчинд нэрвэгдсний улмаас аргагүйн эрхэнд буцаж иржээ. Гэхдээ Өлзийт хаан Монгол угсааны улсуудаас өөрийнхөө газар нутгийг хамгаалсан хүчирхэг хаан хэвээрээ үлдсэн юм. Абу Саидыг Алтан ордын Узбек хааны эсрэг дайн хийж яваад 1335 онд нас барсны дараа Иль-хаадын улсад хямрал гарав. Ямар ч чадваргүй төрийн удирдлага, Монгол ноёдууд болон нутгийн уугуул араб визируудын хооронд хямрал улам даамжирсаар 1344 онд буюу сүүлчийн иль-хаан Хасан Хүчүгийн дараа олон жижиг хот улсууд болж задран унажээ. Одоо энэхүү улсыг байгуулсан олон Монголчуудын ул мөр үгүй болж тэдний тухай түүхийг 1301-1310 онд бичигдсэн Рашид-ад-Дины “Судрын чуулган, 1253 онд бичигдэж эхэлсэн Ата Малик Жувейны “Ертөнцийг байлдан дагуулсан түүх зохиолууд л хүүрнэн үлджээ.      
            3. Алтан ордны улс. Чингисийн ахмад хүү Зүчи, түүний хүү Бат нарын хийсэн аян дайнуудыг үр дүнд бий болжээ. Ид мандаж байх үедээ буюу Бат хааны үед Крым, Өмнөд орос, Ар Кавзаз, Ижил мөрөн, Хорезмыг хамарсан өргөн уудам нутагт 200 жил оршин тогтножээ. Бат 1236-1241 онд 11 хан хөвгүүдийг удирдаж Оросын 300 гаруй хот сууринг эзэлж Дорнод европыг довтлохдоо Оросын ванлигуудад дарангуй цэрэг үлдээж өндөр албан татвар оногдуулж байсангүй зөвхөн эд агуурс, үнэт зүйлсийг нь тонон дээрэмдээд л явжээ. Харин дараа нь Монголчуудын бодлого өөрчлөгдөж 1237-1240 онд Оросуудтай холбоо тогтоож, Германы рыцаруудын довтолгооноос хамгаалж өөрсдийн нөлөөндөө авч татвар авах болжээ. 1237 онд Бат Оросын А.Невскийтэй хүж барин найрамдаж цэргийн тусламж үзүүлж байсны ачаар Невский 1240 онд Германы рыцариудыг бут ниргэжээ. Ийнхүү Оросын ард түмний гайхамшигт том олон ялалтуудын анхных нь Монголчуудын ачаар хийгджээ. Гумилёв “Татаруудын ачаар эртний оросуудын “Алтан бүс” Москваг тойрон тогтож одоо болтол хадгалагдан үлдсэн байтал Литва, Польшийн захиргаанд орсон Белорусь, Галицид эртний соёлын ул мөр байхгүй болсон” хэмээн бахархан бичсэн байдаг. Гэвч Монгол-татаруудын харгис хэрцгий дарлал, хүнд хүчир алба татварт нэрвэгдсэн Оросуудад одоо ч хүртэл Монголчуудын дарлалын ул мөр хадгалагдан үлджээ. Татарууд “Хэрвээ татвар өгөх мөнгөгүй бол хүүхдийг нь ав, Хүүхэдгүй бол эхнэрийг нь ав, Эхнэргүй бол толгойг нь ав” гэсэн зарчмыг Оросуудаас алба авахдаа мөрдлөгө болгодог байсан учраас одоо ч гэсэн оросууд “Урилгагүй зочин татараас дор” гэж ярилцдаг байна.
Алтан ордны нийслэл нь Ижил мөрний эрэг дэх Сарай хот бөгөөд Батын үед Их гүрэнтэй нягт холбоотой байснаа Бэрхийн үед биеэ даах бодлого явуулж эхэлжээ. 1255 онд Их гүрний хамгийн нөлөө бүхий хүн Бат хаан нас барж түүний хүү Сартак залгамжлах болов. Тэр Новогородын ван А. Невскийтэй анд бололцож Христос шашинтан болсон тул Монголчууд дургүй байв. Үүнийг Их хаан Мөнх ашиглаж Сартакийг хорлож Батын дүү 1256 онд Бэрхийг хаан ширээнд суухад нь нөлөөлсөн гэдэг. Бэрх хаан дорнод европтой хийх худалдаагаа өргөжүүлж, Мамлюкийн Египеттэй холбоо тогтоон Иль-хаадын улстай Азербайджаны Тебризын төлөө удаан хугацаагаар тулалджээ. Бэрх Кавказад болсон дайнд 1266 онд алагдан түүнийг Мөнхтөмөр (1266-1280) залгамжлав. Түүний бодлогын гол төвд нь Европ, Константинополь хот байж түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Крымд шинэ хот суурин байгуулж тэнд Монгол, түрэг нүүдэлчдийг олноор нь суурьшуулах болжээ. Мөнхтөмөрийн үеэс төрийн хуйвалдаан, хямрал эхэлж Тудамөнх (1280-1287), Тулабуга (1287-1291)-ын үед хамгийн хүчтэй байлаа. 1284 онд Чингисийн угсааны нэг ноён Ногай Тогтохыг хаан ширээнд өргөмжилж удаан тэмцэлдсний эцэст Алтан ордоныхноор хүлээн зөвшөөрүүлэв. Ногай бол Их хаан Чингисийг амьд сэрүүнд нь харсан, нөлөө бүхий ноён байсан ба түүний цэргүүд нь Монголын Мангууд овгийн туршлагатай эрс байжээ. Гэвч Тогтох, Ногай нар эвдрэлцэж Тогтохын их цэрэг Ногай цэргийг Оросын нутгийн гүн рүү шахаж Ногай Оросуудад алагдаж түүний цэргүүд Кавказад суурьшжээ. Тогтох (1291-1312) хааны үе хүртэл үргэлжилж Тогтох хаан намжааж дахин хүчирхэг болгож чаджээ. Тоготохын хүү Елбамыш хаан болох гэж байхад нь түүний анд, ойрын хамаатан Узбек хуйвалдаанаар Елбамышийг алж өөрөө хаан болов. Узбек Исламын шашинд үнэнч сүсэгтэн байсан учир Монголын хаадын шашинг ялгаварладаггүй байсан бодлогыг зогсоож бүх монгол угсаатнуудыг Ислам мөргөлтөн, Алтан Ордонг исламын улс болгож шашин, төрийг хослон удирдаж эхлэв. Узбек хааны тусламжтайгаар Исламын “фанатикууд” бусад шашинтнуудыг хавчин гадуурхаж олон хүмүүсийг цусыг урсган арвин их соёлын өвийг устгаж олз ашиг, аян дайныг гол бодлогоо болгов. Түүний сонирхол Иль хаадын эзэмшил Иран улс байсан учир 1318, 1327 онд их аян дайн хийсэн ч амжилт олсонгүй. Түүний аян дайны үед Тверийн ванлиг улс Татарын татвар хураагчдийг хороосон учраас Узбек хаан дахин Оросын ванлигууд руу довтолж аллага хийв. Энэ дайнд Мосвкагийн ван Иван Калита дэмжлэгэ үзүүлсэн учир бүх оросын ванлигуудаас татвар хураах онц эрхээ хадгалж үлджээ. Үүний ачаар Москвагийн ванлиг татвар төлөхгүй Оросын ванлиг улсуудыг татаруудын нэрийн өмнөөс бут цохиж эдийн засаг санхүүгийн их баялагийн хуримтлуулж ороын олон ванлигуудыг нэгтгэж эхлэв. Иван Калита бол Оросын хааны династи болох Романовын угсааг үндэслэгч бөгөөд түүний үр сад Дмитрий Доньской, Догшин Иван, I Петр нар Их оросын түүхийг эхлүүлжээ.
            1341 онд Узбек хаан зорилгодоо хүрч Ираны зарим нутгийг эзлэн авсан боловч Кура голын дэргэд үл мэдэгдэх шалтгаанаар үхжээ. Узбекийн Таныбек, Жанибек нарын хооронд хаан ширээний тэмцэл болж Жанибек ахыгаа алж хаан ширээг залгамжлан суулаа. Түүний үед Алтан ордоны дотоод хямрал улам хурцдаж зэрэг зэрэг 8 хаан өөрсдийгөө өргөмжлөн цус асгаруулан хядалцаж иржээ. Тухайлбал, зөвхөн 1365-1380-аад оны үед хаадуудын хооронд 10 гаруй том тулалдаан болж нэг талаас ойролцоогоор 200-300 мянган их цэрэг оролцож олон ардын цус нулимасыг асгаруулж ихэд туйлдуулжээ. Үүний улмаас 1380 он гэхэд эмх замбараагүй 20 гаруй эзэмшил болж задарчээ. Татаруудын энэ доройтлыг ашигласан Оросууд Москвагийн ванлигийн удирдлага дор холбоо байгуулж хүчээ нэгтгэн Крымын Мамайн эзэмшилтэй 1380 оны 4-р сарын 8-нд Москвагийн холбоо Дмитрий Донскойн удирдлагаар их тулаан хийв. Мамай, холбоотон Генуя хотоос 10000 явган цэрэг, Литавийн ван Ягайлогоос цэргийн тусламж авсан боловч зөвхөн өөрийн цэргээрээ тулалдахдаа тактикийн алдаа гаргаж бут цохигдов. Москвагийн ван Дмитрий Донской Оросын ванлигуудын хооронд ураг төрлийн холбоо тогтоон гэрээ байгуулж, хүч нь өдрөөс өдөрт суларч байгаа Алтан ордоны хахууль, бэлгэнд дуртай ноёдуудын дунд олон тагнуулуудтай болсны ачаар Мамайг дийлжээ. Мөн Татар-Монголчууд 140 гаруй жил Оросын хотуудыг дайн тулаанаар доройтуулах, дээрэмдэх, алба татвар авах зэргээр хараандаа байлгаснаас Оросууд Монголчуудын цэргийн тактик, арга залиудыг сайн мэддэг болсонтой холбоотой. Оросууд Куликовын талд зөвхөн эрэлхэг зориг, эх оронч үзлээр биш Монгол цэргийн тактик, нөөц цэргийн хүчээр алдартай ялалтаа байгуулжээ. Энэ ялалт нь баатарлаг Оросын ард түмний олон суут ялалтуудын эхлэл нь байсан юм. Гэвч Оросууд энэ их ялалтынхаа үр шимийг шууд амссангүй, ихэнх хотууд нь 1487 оныг хүртэл Татаруудад албаа төлсөн хэвээрээ байсан юм. Монголчуудын ялагдал тэднийг нэгтгэх бус улам дайсагналцуулав. Мамай Цагаан ордоны Тотомыш-д алагдаж 1382 онд Тогтомыш Цагаадайн угсааны Төмрийн дэмжлэгээр хаан болжээ. Тэр Москва тэргүүтэй Оросын ванлигуудыг дахин вассалиа болгон Алтан ордоныг нэгтгэсэн боловч Төмөртэй муудалцан түүнд (1391 онд) хиар цохигдож доройтжээ. Тогтомыш Крым руу шахагдаж Крымын захирагч Эдигей, Чингисийн шууд угсааны Төмөр-Хутулу нартай хамтран улсаа дахин нэгтгэх гэсэн боловч муудалцснаас бас л амжилт олсонгүй. Тэд ээлж дараалан алагдсаар Чингисийн угсааны, нэр хүндтэй, чадалтай урьдах хаад шиг хүн гарч ирсэнгүй байсаар Алтан ордон 1437 онд Астрахань (1431-1553), Казань (1431-1552), Крымын хаант (1431-1785) улс болж задран унаснаар төгсгөл болжээ. Алтан ордоны улс эхлээд Хөх, Цагаан орд гэж байснаа бутралын үед Цагаан орд нь Узбекууд, Ногайн орд, Монголстан гэсэн 3 хэсэг, хөх орд нь Крымын орд болж салсан юм.
Узбек (1312-1342), Жанибек (1342-1360) хааны үеэс Монголчууд мөн л исламын шашинд орж Хонгирад, Урууд, Мангууд аймаг зонхилсон олон Монголчууд түрэгжиж эхэлсэн юм. Татаруудын оронд Оросууд хүчирхэгжин гарч ирж хамжлагаас зугатсан Литов, Украин, Белорусь тариачдыг нэгтгэн зохион байгуулж Козакууд гэж нэрлэн татар, түрэгүүд рүү өдөөн турхирах болсон. Тэд Казань, Астраханий улсуудыг бут цохиж хөөгдсөн татар, түрэгүүд Кучумын удирдлагаар Сибирийн хаант улсыг байгуулж Алтан ордныг дахин сэргээх гэсэн ч энэ оролдлого бүтсэнгүй. Догшин Иван хаан Казакуудын анхны атаман Ермакын дэмжлэгээр 1595 оны намар Кучумыг довтлон мөхөөж Оросын талыг Уралаас Иртыш тийш өргөсгөжээ. Харин Кучумын албатууд Дорнод азийн  умард хэсэгт Их-дунд-бага жуз (зуут)-д хуваагдан нутаглах болов. Энэ зуутад байсан 1465 онд Казахууд Монголстаны баруун жигүүрт нутаглаж Ногайчууд, Сибирийн улсын харъяанд орж байгаад тусгаар тогтнож 1595 онд Казахын хаан Тевеккель, Оросын хаан IY Иван нар холбоо тогтоон Кучумын эсрэг босож Сибирийн хаант улсыг мөхсний одоогийн Казахстанд нутаглаж эхэлжээ.
 Алтан ордноос ганц Крымын хаант улс бүр 18-р зууныг дуустал хүчирхэг Оростай зэрэгцэн оршиж байсан нь тэдний хүчирхэг морин цэрэг, булгилсан халуун цус, зүрх зоригонд байсан юм. Оросууд тэднийг янз бүрийн арга хэрэглэн бага багаар нөлөөндөө авсаар 1783 онд Крымын улсыг мөхөөжээ. Кавказад Крымд татарууд ноёрхож Полов, Аланчууд угсаатны хувьд задран чечень, дагестан, ингуш, черкес зэрэг олон угсаатан үүсч зэрэгцэн оршиж байсныг нь хутган үймүүлж хооронд нь дайтуулж сая өөрсдийн болгожээ. Гэвч “Крымынхэн” тусгаар тогтнох гэсэн хүсэл эрмэлзлэлээ өдгөөг хүртэл нандин хүслээ болгосоор ирснийг бид сайн мэднэ.
Цагаадай, Иль Хаад, Алтан ордоны улсуудын үед (XIII-XY зуун) Арабууд, Османы түрэгүүд Газарын дундад тэнгис, Улаан тэнгисийн холбоо болсон Синайн хойгийг хааж, ойрхи дорнодод ноёрхож байсныг зогсоож олон жил дайн самуун, дээрэм тонуулаас болж тасалдсан “Өрнө дорнын их торгон зам”-ыг аюулгүй болгож Дэлхийн худалдаа, төрийн бодлого, гадаад харилцаа зэргийн үндсийг тавьжээ. Мөн Юань гүрэн 142000 хүнтэй, 4400 хөлөг онгоцтой дэлхийн хамгийн том тэнгисийн флотыг байгуулж Япон руу их дайн хийж байсан (1281 онд Японы Такашимад нэг шөнийн дотор 4000 хөлөг онгоц, 100000 хүнээ далайн шуурганд алджээ) бөгөөд үүнээс хойш 300 жилийн дараа Испаний флот 27500 хүнтэй, 130 хөлөг онгоцтойгоороо дэлхийн хамгийн хүчирхэг флот болжээ. Тэр үед Ертөнцийн эзэн, Аллах бурхантай дүйцэх нэр хүндтэй хүн нь Чингис хаан хэвээр байлаа. Тухайлбал, 1317 онд Египетийн Мамлюкуудын султан Малик ан-Насир Алтан ордоны Узбек хаанд илгээсэн захиандаа “Чингис хааны угсааны охидын нэгтэй гэрлэх хүсэлтэй байна” гэжээ. Узбек хаан ноёдуудтайгаа их зөвлөлгөөн хийж, хэдий египетүүдийн дэмжлэгийг авч Иль хаадын улсыг довтлох бодолтой байсан ч “Долоон тэнгис гатлан Египитийн нутагт Чингис хааны угсааны охидоос ямар эрх хэмжээтэй явуулах байсан тийм эрэлт шаардлага тавих явдал Чингис хааны үеэс одоо хүртэл гараагүй юм” гэсэн хариу өгч, хэрвээ хурим  хийвэл эхний жилд хэлэлцээр хийх, хоёр дахь жилд хадамлах, нэг жил инж явуулах, дараа жил гэрлэх гэсэн дарааллаар 4 жил хүлээгээд инж бэлэг сэлтэд нэг сая динар, мянган агт морь, мянган иж бүрэн зэвсэг шаардаж, бүсгүй хүнийг зугаа цэнгэл, бараа таваар мэт боддог Исламын ертөнцийг ихэд сандаргажээ. Одоо ч Дундад ази, Иран, Иракт чингис хааны сүр хэвээрээ байна.
         
            4. Юань улс. Энэ улс, Хубилай хааны тухайд бид бараг залхтлаа уншиж, эрүүгээ цуцтал мэтгэлцэж, хүн бүр өөр өөрийн дүгнэлтээ өгсөөр иржээ. Энэ тухай бид семинар дээр ярилцах тул олон зүйлийг нуршилгүй нэгэн түүхэн домгийг өгүүлсүгэй.
            “Юань гүрэнд хэд хэдэн Баян нэртэй улс төр, цэргийн том жанжин, түшмэд байсан. Энэ Баян бол Тогоон төмөр хааны эхэн үед Их улсын бүх эрхийг гартаа авсан Мэргид аймгийн хүн болно. Түүхийн эх сурвалжид Баянгийн бүх хэргэм зэрэг, цол гуншин нь бүгд нийлээд 246 хүрдэг, тэр байтугай их улсад Баян гэдэг нэрийг сонссоноос биш Тогоонтөмөр хааны нэрийг сонсоогүй гэж Хятадууд ярилцдаг байсан гэж бичжээ. Мөн Юань-шид, түүнийг төрийн бүх хэргийг барьсан, харгис хэрцгий, завхай зайдан, шалгалтын журмыг устгасан, хятад бүх түшмэдийг ордноос хөөсөн, Монголынхоо эртний бүдүүлэг байдалд буцаж орох гэсэн гэх мэтээр элдвээр муучлан бичсэн байдаг.  Гэвч Баян бол Өгөөдэй хааны Монгол улсын төрийн ёс дэглэмийг баримталсан, түүнийг гэж оролдсон хүн байлаа. Иймээс тэр төрийн хэрэгт Хятад түшмэд оролцохыг эрс буруушааж, зарим Монгол хүн хятад багшаар ном заалгаж байгаа нь тэдний арга ухаанд хэт автагдах аюултай. Ер нь монгол хүн морио унаж мах идэж байх ёстой. Их улсын төрийг зэвсэгийн хүчээр барина, хаан ширээг монгол их хуралдайгаар залгамжилна гэдэг үзэлтэй хүн байв.
Баяныг эрх мэдлээс нь ганц Тогтох зайлуулж чадах байв. Иймээс Тогтохын хятад багш Чжифан энэ талаар идэвхийлэн хичээл заах төрийн эрх булаах нарийн арга ухаан, алив зөрчлийг ашиглан хүнийг түлхэн унагаах арга, хаандаа санаа бодлоо итгүүлэх уйгагүй зүтгэлийн тухай байнга ярьдаг байв. Чжифан өөрөө Хятадын нэрд гарсан Күнзийн сургаалтан юм.
Харин Тогтох бол мэргэд аймгийн удамтай, хар багадаа хүнд бэрх амьдрал үзсэн, угаас сэргэлэн цовоо, ухаалаг, нум суманд онцгой авьяаслаг хүү байжээ. Иймд Баян түшмэл гэртээ авчирч өргөмөл хүүгээ болгон өсгөн хүмүүжүүлэхдээ Мухулайн адил авъяаслаг эрдэмтэй цэргийн жанжин болгоё гэсэн бодолтой түүнд цэргийн эрдэм, монгол ёсоор төр барих арга, Хятад зальт санааг ярьж өгдөг байжээ. Гэвч Тогтох хятад багшийнхаа номыг илүү хичээн үзэж тэр үеийн Монгол сурвалжтан дотроос  хамгийн олон номтой, боловсролтой хүн болж чаджээ. Юань улсад Тогтох өдөржин сөхрөн сууж ном уншдаг, номын амтыг мэдэрсэн гэж бахархан ярилцдаг байв. Тогтох 15 настайдаа цэргийн бус номын хүн болно гэж шийдсэнээс Эцэг-хүүгийн хооронд зөрчил үүсч энэ нь улам гүнзгийрчээ.
            Нэг өдөр Тогтох эцэг Мазарайд “Өвөг эцгийн бардамнан эзэрхэх нь хэтрэв. Тэрээр эзэн хүртэл уурлан хилэгнэнэ.. Хэрвээ түүнийг дийлэх арга ухаан сийлээд бүтэх бол яах билээ” гэхэд Мазартай хариу өгсөнгүй. Үүнийгээ тэр номын багш Чжифанаас асуув. Тэр “Их үйлийн төлөө төрөл саднаа ч мөхөөж болно. Их түшмэл болж улс гүрэндээ шударга хэрэг үйлдэхээс өөр илүү харамсах зүйл юухан байх билээ” гэлээ. Тогтох хийгээд бүтэхгүй бол яахсан билээ” гэхэд Чжифан хариуд нь “Хийгээд бүтэхгүй бол тэнгэрийн хэрэг биз ээ. Нэг үхвэл эргэж босохгүйд нь юунд харамсана. Үхлээ ч гэсэн үнэнч шударга ул мөрөө бүү баллахтун” гэжээ. Тогтох санаа шулуудан Тогоонтөмөр хаантай хэд хэд уулзаж Баянг цөөн цэрэгтэй хөдөө явуулж байгаад тухтай ярилцсаны эцэст сая нэг өөртөө татаж Баяныг бүх албан тушаалаас нь зайлуулж чаджээ. Ингээд ордноос хөөгдсөн Баян нутгийн дээсэн дээр нэг өвгөнтэй тааралдаж
- Хүү нь эцгээ хөнөөдөг хэргийг та амьдралдаа дуулсан уу? Гэхэд
- Хүү нь эцгээ хороож байсныг сонсоогүй юм байна. Харин түшмэд нь хаанаа хороож байгааг дуулсан гэжээ. Энэ үгийг сонсоод Баян дуугүй морьдоод нутгаа зорьсноос хойш Юань гүрний бодлогод Баяны бодлого илт дутагдах болов. Тогоонтөмөр 1343 онд Ляо, Цинь, Сунь 3 улсын түүх зохиох иж ажлын ерөнхий хянагчаар 29 настай Тогтохыг томилжээ. Тогтох ажил хэргээ дан ганц номын ухаанаар сэтгэдэг, номоос өөр хөрөнгөгүй, түүний эхнэр нь нэртэй уран сийлбэрч байсан гэдэг. Баянгаас хойш Тогоонтөмрийн баруун гарын түшмэл болж Хами, Тайпин, Сослан нар дараалан болж төрд их хямрал гарч 1354 оны 12-р сард Хами Тогтоход хортой архи өгч хороожээ. 42 настай Тогтох үхэхдээ “Миний номыг битгий хүнд өгөхтүн, нандигнан хадгал. Хами түшмэл хаант төрийн алтан аягыг хөмөрсөн нь энэ биз ээ. Би ч бас энэ талаар эвгүй хүний арга ухаанд орж алдсан юм” гэж хэлсэн нь хожимдсон ухаарал байв.

7. Монголчуудын бутрал

Бутрал гэж юу вэ?  Орчлон ертөнцийн бүх юмс үзэгдэл хөдөлгөөнд захирагдаж өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хүрээнд оршин тогтнодог юмс үзэгдлийн эхлэл төгсгөлтэй хөдөлгөөнд нэгдэл бутрал сарнил зайлшгүй бий. Хөдөлгөөний олон хэлбэрүүд нэг л хэв шинжтэй байдаг. Бүх шинжлэх ухааны хаан математик бөгөөд аливаа шинжлэх ухаан өөрийн судалгаандаа математик аргыг хэрэглэх тусам олон илүү тодорхой, үнэнд ойрхон байдаг хэмээн Гаусс хэлсэн байдаг. Доорхи зүйлүүдийг объектив зөв үнэн гэж ойлгож болохгүй ч бутралын шалтгааныг миний хувьд ингэж төсөөлж болох юм:   Химийн Ca(HCO3)2 ÞCaCO3+CO2+H2O.Ca(HCO3)2
Кальцын гидрокарбонат нь олон хэв шинжтэй химийн элементүүдийг нэгтгэсэн, нэгдмэл шинжтэй хүчиллэг давс бөгөөд урвалд оруулахад амархан уусдаг бодис. Энэ нь ямарч хүчирхэг эзэнт гүрэн өөр өөр угсаа гарал, соёл иргэншилтэй олон жижиг улсыг хүчээр удаан тогтоон барьж чаддаггүй амархан задран унадаг түүхэн зүй тогтолтой адилхан юм. 
CaCO3  Кальцын карбонат нь усанд уусдаггүй, талст хэлбэртэй, өмнөх бодисынхоо гол шинжийг нь хадгалж үлдсэн химийн бодис. Харин нүүрстөрөгч нь (CO2) хий шинжтэй өмнөх бодисынхоо хамгийн хувьсамтгай, хөнгөн шинжийг агуулдаг бодис. Ус (H2O) бол гурван хэлбэрт амархан ордог, өөрийн бие даасан шинжтэй багаль дээр байдаг химийн хамгийн түгээмэл бодис. Кальцын карбонат нь нийгэм дэх хүмүүсийн эрчимт хэсэгтэй адил юм. Учир нь эрчимт хүмүүс нийгмийн өөрчлөлт, хөгжил дэвшилд хамгийн идэвх зүтгэлтэй манлайлан оролцож нийгмийн гол цөм нь боловч цөөнх хувийг нь сэхээтэн, элит хэсэг болж эзэлдэг. Нүүрстөрөгч шиг хөнгөхөн, өөрийн бие даасан шинжгүй хүмүүс аливаа нийгмийн өөрчлөлт, хөдөлгөөнд өөрийн бодолгүйгээр хандан үүнээсээ болж хамгийн их эрсдэж нийгмийн олонхи нь болдог бөгөөд судлаачид тэднийг ХАОС давхраа гэж нэрлэдэг. Харин ус шиг олон хэв шинжид хувирч өөрчлөгддөг боловч өөрийнхөө дотоод шинжийг хадгалан “бүлгийн эрх ашгаас хувь хүний эрх ашиг анхдагч” гэсэн зарчмыг гол зорилгоо болгодог өөрийн гэсэн бодолтой бие даасан хүмүүс олонхид ялангуяа сэхээтний давхрагад их байдаг.
 Физикийн нягт : ? = m / V
Нягт бол аливаа бодисын хатуулаг, нэгдмэл шинжийг тодорхойлдог боловч энэ хатуулаг шинж нь тухайн бодисын эзэлхүүн, массаас ч мөн хамаардаг нь харагдаж байна. Нягт массаас шууд хамааралтай байдгийн учир нь масс тухайн бодисын физик мөн чанар болдог ба масс их байх тусам нягтад их сайн нөлөөлдөг. Харин эзэлхүүн нягтаас урвуу хамааралтай байдаг учир аливаа бодисын физик шинж чанар алдагдахад их хэмжээний эзэлхүүн тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Дээрх тодорхойлолт ч түүхэн зүй тогтолтой адил. Ямарч хүчирхэг гүрэн их хэмжээний газар нутаг эзлэн авч, олон сая албат иргэдийг захирдагаараа бус, үндэстний (масс) шинжээ бүрэлдүүлэн дотооддоо хүчирхэг байх нь чухал болжээ. Монголын эзэнт гүрэн энэ шинжийг анх бүрэлдүүлснээрээ цөөнөөр олныг дийлэх гайхамшигийг дэлхийд анх удаа харуулж чадсан боловч асар их уудам нутгийг захирч чадалгүй 60-хан жилийн дотор задран унажээ.
Хөдөлгөөнүүд биеэ даах төвөөс зугтаах гадаад дотоод нөлөөлөл орчин гээд бутралын бүх шинж чанарыг харуулж байна. Хөдөлгөөний дээд хэлбэр болох субъектээр жолоодогддог нийгмийн бутрал хөдөлгөөнд дээрх бүх шинж чанарууд бас л бий.  Нийгмийн хөдөлгөөний бутрал бол хөгжил дэвшлийн нэг хэлбэр юм. Харин түүний үр дүн нь түүхэнд хэрхэн, яаж тодорхойлогдох явдал чухал байна. Учир нь  нийгмийн бутралд зөвхөн улс төрийн бутрал сарнил ордоггүй, соёл нийгмийн сэтгэлгээ , эдийн засгийн хөгжлийг үүнд хамааруулж ойлгодог. Өдөр тутмын нүүдлийн амьдралтай үе үеийн турш байлдан довтолдог догшин ширүүн шударгуу зантай монголчуудыг  шалгарсан суут хүн л нэгэн тугийн дор нэгтгэхгүй бол  үргэлжид бутрал сарнилийн сүнс дагадаг хуультай. Энэ нь эрх чөлөөг яс махандаа шингэтэл мэдэрдэг нөгөө л нүүдлийн зан төрх юм.Image

Хятадын түүх сударт 1378 онд хаан ширээнд суусан Төгстөмөр хаан 1388 онд  үхсэнээр  “Ар Юань” улс мөхөж , Юань улсын хаадын угсаа тасраад ерөөс төр нь мөхсөн гэж үздэг. Гэтэл Монголын төрт ёс огт тасраагүй. 1388-1408 онд Энхзоригт, Элбэг, Гүнтөмөр, Гуйлич таван хаадууд суусан. Эд нар цөм янз бүрийн хүний гарт амь үрэгдсэн “Алтан товч”-ийн мэдээ ёсоор Элбэг хааны өөрийн хүү Дүүрэнтөмөрийн эхнэрийг Өлзийтгуа гэдгийг хатан болгож авсаны гайгаар Ойрадын нэгэн захирагч Хуха Таюугийн хүү Өгчи Хашхи, Махмуд нар 10 түмэн монголоос дөрвийг нь салгаж тусгаарлан  “дөрвөн ойрад” болсон. Эх сурвалжуудад Тогоонтөмөр хаан 40 түмэн монголын 10 түмнийг авч ирсэн. Түүний дөрвөн түмэн нь ойрадууд гэж бичсэн байдаг. 1400 онд Дарван ойрадыг Мөнхтөмөр захирч байгаад 3 хүүдээ захируулсан. Минь улсын шинэ хуанди Юн Лэ Монголчуудыг хямралд оруулахын тулд 1409 онд тэдгээр 3 тэргүүлэгчид цол хэргэм шагнасан байна. Үүнд дургүйцсэн Монголын хаан Буяншир 1409 онд Мингийн элчийг алж Ойрадтай байлдсан боловч ялагдаж Ойрадыг харяанаасаа бүрмөсөн гаргасан. Ийнхүү хүч нь суларсаныг ашиглан Юн лэ хаан биеэр цэрэг авч Монголд ирж Буянширийг бут цохиж түүнийг ойрадын нэг удирдагч Махмудаар алуулжээ. Махмуд Элбэгийн хүү Дэлбэгийг хаан болгон өөрөө тайш болж улсыг захирч эхэлсэн. Ийнхүү Ойрад хүчирхэг болсон учраас 1413 онд Минь улс Зүүн Монголын Аругтайд ван цол өгч дараа жил нь түүнтэй хүч хавсран Ойрадуудыг алба өгөөгүй гэдгээр шалтаглан довтлож Махмудын цэргийг хиар цохьжээ. Дэлбэг ч удалгүй 1415 онд өөд болж хаан ширээг Хэрнүүд овгийн Батболд, Өгчи хашхи нар авч баруун, зүүн монголоор нь хуваан хэсэг хугацаанд захиран суужээ. Тэдний гол түшиг тулгуур нь торгуудын Тайпин байсан ба эх сурвалжуудад тэд алтан ургийнхан биш тул “Эсхи хаад”-ын үе гэж бичигддэг. Гэвч тэднийг бусад ноёдууд дэмжээгүйн улмаас 1422 онд Хасарын удмын Хорчины Адай хаан болж Дөрвөн ойрадыг бут цохижээ. Дөрвөн ойрадынхон удалгүй дахин хүчирхэг болсон нь урьд Адай хаанд баригдан түүний хонийг хариулж байсан Тогоон нутагтаа буцан ирсэнтэй холбоотой юм. Тогоон улмаар Аругтай тайш, Адай хааныг бут цохиж ихэнх Монгол угсаатнуудыг нэгтгэжээ. Гэхдээ өөрөө Алтан ургийн хүн биш тул Чингисийн угсааны Тайсун хэмээх Тогтохбухыг хаанд өргөмжлөн өөрөө тайш нь төрийн хэргийг удирдах болсон. Төр эвдрэхийн гол үүдийг нээж өдөөдөг гол улс Минь-г бут цохих, ингэхийн тулд нийт улсыг нэгтгэн бусад том улсуудтай холбоо байгуулах бодлого явуулж байжээ. Гэвч үүнийг биелүүлж чадалгүй 1439 онд нас барж түүний хүү Эсэн нь тайш болж төрийн бүх хэргийг гартаа авч эцгийнхээ бодлогыг үргэлжлүүлжээ Image
                 Эсэн 1447 онд Урианхайг эзэлснээр ихэнх Монголчуудыг нэгтгэсэн. 1448 онд Хамиг эзэлж, Дундад азийн улсуудтай холбоо тогтоосон. Ингээд Минь улстай дайтах зөвхөн шалтаг л хүлээж байлаа. Тэр шалтаг худалдааны харилцаагаас үүдэн гарчээ. Монголын түүхийн энэ үед Хятадтай худалдаа хийхэд маш хүндрэлтэй, Минь улс нүүдэлчдийн асар их уур хилэн, барааны хомсдлоос  болж гарах дээрмийн дайнаас айж байсны улмаас зөвхөн гуравхан боомтоор маш богино хугацаанд зах гаргадаг байлаа. Тэд төмөр худалдахыг хатуу хориглосон төдийгүй 2 хэлбэрээр худалдаа хийдэг байсан.  1. Зах ажиллуулах. 2. Тодорхой тооны хүн явуулж хаанд алба бариулж худалдаа хийх.                1448 оны 12-р сард олон тооны элчийг маш муу бараатай явуулж худалдаа хийлгэсний улмаас Минь улс малын үнэ өртөгийг өгөөгүй. Үүгээр шалтаглан Эсэн 20000 цэрэгтэй 4 замаар Минь улсад цөмрөн орсон. Эсэн өөрөө Датунгийн чиглэлээр, сайд Алаг Чинсан Сюань-фугийн чиглэлээр, Тайсун хаан Явдангийн чиглэлээр, Алагч чинсан Шаньси мужийн чиглэлээр цэрэг авч довтолсон. Тэр үед Минь улсын цэцэглэлтийн үе байсан, гэхдээ төрийн хэргийг Ордоны тайган Ван-Чжэн барьж байлаа. Тэр нас нь залуу Ен-зүнь хуанди-г цэргээ өөрөө удирдвал Монголчууд айн сүрдэж аяндаа ялагдана гэж сэнхрүүлэв. Цэргийн мэдлэг боловсрол багатай залуу хуандид 50000 цэрэг захирагдсанд тэр Датунд их цэргээ авч иржээ. Ойрадын цэрэг Минь-гийн цэргийг өөрийн тактиктаа оруулан мөрдөн хөөж Инь шань уулын орчим дахь Түмү цайзанд шахан бүсэлжээ. Түмү цайз бол 4 талаараа өндөр уулаар хүрээлэгдсэн, ундны усгүй газар тул Минь-гийн цэрэг хүчинд автан ялагдаж, Ен-зүнь хаан шадар нөхдийн хамт баригдав. Эсэн түүнийг ашиглаж Хятадтай найрамдлын хэлэлцээр байгуулах санаатай байсан ч Минь улсын ордных нь Ензүний дүү Чинтайг хуандид өргөмжиллөө. Үүнд хилэгнэсэн Эсэн Бээжин рүү довтолж 1449 оны 10-р сард Бээжингийн Шижиминь хаалганд ирж цэрэг, морь малаа амраажээ. Минь улсын ордныхон дотроо хагаралдаж Монголчуудын өмнө ихэд арчаагүй байдалтай болж Эсэнгийн цэргүүд тэр хавийн нутгийг галдан шатааж, дээрэмдэн тонож эхэллээ. Яг шийдвэрлэх тулалдаан эхлэх гэтэл Монгол нутагтаа очсон Тайсун хаан түүний эсрэг бослого гаргасан учир Эсэн Бээжинтэй эрх тэгш найрамдлын хэлэлцээр байгуулаад Ензүнь хааныг авч нутаг буцжээ. Ингэж Монголчуудын дотоод хямралаас болж Минь улс хятадын урьд, хождын улсууд шиг бүрэн аврагдсан түүхтэй.               
Тайсун өөрийн хатан Эсэнгийн эгчээс гарсан хүүхдийг Жонон болгоогүй учраас Эсэн-Тайсун нар зөрчилдөж эхэлсэн юм. 1451 онд Тайсун-Эсэн хоёрын тулалдаан болж Тайсун дарагдаж Хэрлэн рүү зугатаж явахад нь Урианхайн Чавдан охиныг нь төрхөмд буцаасан доромжлолд нь өс санаж барьж алжээ. Баригдсан Ен-зунь хаанд овог төрлөө үл мэдэх Мулу нэрт эмийг эхнэр болгон өгч Эсэн хаан өөрийн хонийг хэсэг хугацаанд түүгээр хариулуулжээ. Ихэд туйлдсан Ен-зунь хаан өөрийн ахдаа “хаан ширээндээ дахин суухгүй” гэж андгай тангараг тавин   их мөнгөөр барьцаалагдан төрөлх нутагтаа арай гэж  очжээ.Эсэн Монголын ихэнх ноёдыг цуглуулж хаан ширээнд хэнийг өргөмжлүүлэх тухай хэлэлцүүлэхэд Тайсуны дүү Агваржин жононгийн нэрийг ихэнх нь дэвшүүлэхэд Эсэн:           Өөрийн төрийг эс санасан хүн  Хүний төрийг санах уу?
Өөрийн галд ус хийсэн хүн Миний галд тос хийлээ? Энэ хэнд сайн буюу? гэж ихэнх ноёдыг ятгасны эцэст Агваржин, түүний хүү Хархуцаг, бусад ноёдыг Их хуралдайд хууран урин ирүүлж цөмийг нь алжээ. Ийнхүү ноёдын үхэл чуулганд, нохойн үхэл гандгэдэг үг үеэс үед дамжин яригдан ирсэн юм.Эсэн өөрийн замд саад болсон Алтан ургийн болон бусад ноёдыг ийнхүү замаас зайлуулж бүх Монголыг эрхэндээ оруулсан. Энэ ондоо буюу 1454 онд өөрийгөө бүх Монголын их хаанд өргөмжилж зүүн зүгт Амар мөрнөөс баруун тийш Дундад ази хүртэлх өргөн уудам нутгийг захиран суужээ. Монголын түүхэн зохиолуудад энэ үеийг Дөчин дөрвөн хоёр-нэг хааны алдар болов гэж тэмдэглэсэн байдаг. Харамсалтай нь Эсэн удаан хаан суусангүй.  Ойрадын ноёдууд нь 1. Дайны олзоо хуваасангүй. 2. Өөрийн хүүгээ тайшаар өргөмжилсөн гэдгээр шалтаглан бослого гаргалаа. Эсэн гэнэтийн довтолгоонд санд мэнд зугатааж яваад 1455 онд алагдсанаар Монголын төр дахин задран унажээ. Эсэн Моголын төрийг нэгтгэн хүчирхэг болгоод Минь улстай эрх тэгш улсын хэмжээнд харилцах бодлого явуулахаар төлөвлөж байлаа.
 Image
Эсэнг алагдсаны дараа Дөрвөн ойрадын самууныг ашиглан Хасарын удмын Хорчины Болой, Онигуудын Муульхай нар гэнэдүүлэн довтолж төрийн тамгыг Зүүн Монголд авчирч Тайсуны хүү Макакуси /Маркус/-ийг хаан болгож Болой өөрөө тайш нь болжээ. Ийнхүү Хасарын удмынхан Монголын төрийг байнга өмгөөлөн, хамгаалж байсан түүхтэй. Хятадын сударт Маркусын нэрийг бичихэд бэрхшээлтэй байсан тул “Сяо ван цзи” /бага хаад/ гэж тэмдэглэх болсноор улс төрийн эрх мэдэлгүй бага хаадын үе эхэлжээ. Маркузыг өсөж том болоод биеэ даах гэхэд нь 1465 онд Болой түүнийг алжээ. Болой, Муульхайн хооронд хагарал гарч Болой ялагдаж, Маркусын өөр эхтэй дүү Молун хаан болж, Муульхай тайш болжээ. Хорчины угсааны өсийг Өнөболд ван авч Муульхай алагдаж төр улс хэсэг хугацаанд тайшгүй явлаа. 1468 онд Молуны дараа Баянмөнх хаан суусан боловч ахдаа найр тавьж өгснөөр ноцтой алдаа гаргажээ. Эх сурвалжид бичигдснээр Баянмөнх ахтайгаа муудалцсан үеийн ашиглан Юншээбуугийн Хэрээ, Цагаан нар алсан. Үүний дараа Мандуулын хувь заяа ч дүүтэйгээ ижилхэн шийдэгдэн 1467 онд Исмалд алагджээ. Мандуул хаан залгамжлах үргүй тул том ноёдууд өөрийн эзэмшлээ тус тус захиран сууж хаан ширээ эзэнгүй байлаа. Яг тэр эгзэгтэй үед Ингүүт овгийн Чоросбай төмөр чинсангийн охин, Мандуулын бага хатан Мандухай 33 настайдаа Баянмөнх жононгийн 7 настай хүү Батмөнхийг даян хаан нэрээр Хаан ширээнд өргөмжилсөн юм. Түүнийг ердийн нэг бага хаан гэж тоогоогүйн улмаас түүнд ердөө Шилийн голын зүүн хэсэг л захирагдаж байв. Зүүн Монголыг Исмаль тайш, Ордосын нутгийг Юншээбуугийн Ибрай, Баруун Монголд Ойрадууд тус тус ноёрхож байснаас 1483-1486 онд Мандухай бие даан цэрэг авч яван Исмалийг бут цохиж эх Шихэр хатныг нь авчирсан. Дараа нь 1490-1496 онд бэлтгэл хийсний эцэст Даян хааны үхэр тэрэгт /үхэгт/ суулган Дөрвөн Ойрадыг дайлан эзэлж          

“… Гэрээ орд бус өргөө гээд          
Завилж суухгүй сөгдөж суу          
Залаагаа 2 хуруу хий          
Айрагийг цэгээ гэж нэрлэн          
Махыг хутгаараа бус шүдээрээ ид “гэж цааз тогтоосон. 1500 онд Баруун түмнийг захируулахаар хоёрдугаар  хүү Улсболдоо явуулсныг Ибрай алсны улмаас Өвөр Монголын Далан хар гэдэг газар их тулалдаан хийж тэднийг бут цохижээ. Ийнхүү 1500 онд Монголын 40 дөрвөн хоёр дахин нэгдэж хүн ам нь “… Хөл хөсөр, гар газар хүртэл амар мэнд жаргааваа гэж тэмдэглэсэн байдаг. Даян хаан бутралын гол шалтгаан болсон сайд нарын соёрхол дархалсан газрыг хүчингүй болгосон, Амбагай хан үндэслэсэн тайш, чинсан цолуудыг хүчингүй болгосон, Алтан ургийн бус ноёд түшмэдүүдийг төрийн чухал албанаас шахан гаргасан гэх мэт бодлого явуулсан. Гэсэн ч бутралыг дахин болгох үндэс суурийг тавьж хөвгүүддээ ван цолыг өгч, улсаа Зүүн, баруун хоёр гар, 6 түмэн болгон хуваасан юм. Үүнд:
Зүүн 3 түмэн- Ордос, Түмэд, Юншээбуу
Баруун 3 түмэн- Цахар, Урианхай, Халх
Түүний 11 хөвгүүдийн 7 нь Мандухайнх, 4 нь бага хатан Жимсгэнийнх байснаас
1.  Төрболд эцгээсээ өмнө нас барсан
2.  Улсболд 1500 онд Ибрайд алагдсан
3.  Барсболд жонон болсон
4.  Арсболд түмэдийн 7 отог
5.  Очирболд Цахар 8 отог, хишигтэн
6.  Алчуболд Халхын өвөр 5 отог
7.  Арболд Цахар, Хуучидын 2 отог
8.  Гаруудай нас барсан
9.  Гэрболд Ахан, Найманы отог
10. Увсанз Юншээбуу
11. Гэрсэнз Халхын 7 отогийг тус тус захиран суусан. Даян хаан өөд болсоны дараа Жонон Барсболд хүчээр түрий барьж хаан суусан ч удалгүй аргагүйн эрхэнд Төрболдын хүү Боди Алагт хаан ширээгээ тавьж өгчээ. Шинэ хаан Цахарт төвлөн сууснаас хаан ширээ, улсын тамга тэнд шилжлээ. Боди Алаг 28 жил хаан сууж 1547 онд өөд болсны дараа түүний хүү Дарайсүнгүдэн хаан ширээ залгамжлав. Энэ хааны үед Барсболдын хүү Алтан (1507-1582) Түмэдийг маш хүчирхэг байдалтай болгожээ. Тэр 1552 онд Дөрвөн Ойрадын довтлон эрхэндээ оруулан. 1559 онд Хөх нуурыг эзэмших болсон гэх мэтээс болгоомжлон тэр үеийн хаан Боди Алаг түүнээс болгоомжлон Цахараа аван нүүж байжээ. Алтан Минь улстай биеэ дааж харилцан, тэднийг уулгалан сүрдүүлж байгаад эрх тэгш харилцаа тогтоожээ. Минь улс түүнийг аргадаж 1570 онд ван цол олгон худалдаа хийх болсон бөгөөд түүний нэр нөлөө Монгол улсад их алдаршиж байлаа.               
1558 онд хаан ширээг залгамжилсан Түмэн Алтантай нилээн хатуу байр суурь баримталж байсны улмаас өөрийн хүчирхэг вассалиа болгосон байна. Түмэн Их засаг цаазыг тогтоон “5 ханы засаг” хэмээх ноёдоор бүрэлдсэн Төв засгийн газар гэдгийг шинээр абйгуулсан. 5 ханы засаг баригч ноёд нь Цахар түмний Амудай хун тайж, Өвөр Монголын Үйжин, Ордосын хутагт сэцэн хун тайж, Түмэдийн Цэрүхэй хун тайж, Юншээбуугийн Номандарь ноён болно. Хүчирхэг нэр нөлөөтэй эдгээр ноёд 6 түмнийг төлөөлөн төрийн хэргийг зөвлөдөн шийдвэрлэх болжээ. Энэ нь бутран сарниж байсан бүх аймгуудыг ардчилалын хэлбэрээр төв засаглалд нэгдүүлсэн дэвшилтэт үйл ажиллагаа байсан. Иймээс Монголын тулгар бичгүүдэд түүнийг түмэн засагт хаан хэмээн өргөмжилөн тэмдэглэсэн юм. Тэр 35 жил хаан суухдаа ноёдуудын хямралын хэсэг хугацаанд намжааж, ард түмний аж ахуй, эдийн засагт дэвшилтэт өөрчлөлт гаргасан түүхтэй.
 Image
                1592 онд Түмэн 54 настайдаа өөд болж хүү Буян сэцэн хаан болсон бөгөөд түүний дараа 1603 онд ач Лигдэн нь хаан ширээнд өргөмжлөгджээ. Лигдэн Чингисийн угсааны сүүлийн хаан байсан бөгөөд түүний нас барж, Өвөр Монгол Манжид эзлэгдсэнээр феодалын бутрал төгсгөл болсон ажгуу.

Дөрвөн Ойрадын байдал: YIII-XII зууны үед Байгаль далайн чанадад Енисей мөрөн, Баргужин төхөмд жижиг аймгийн холбооны зохион байгуулалтай нутаглаж байсан бөгөөд тэднийг ойн иргэд гэж нэрлэдэг байсан. 1207 онд Ойрадуудын зонхилогч Хутагу бэхийн шийдвэрээр Монголын харъяат болжээ. Хутагу бэхи Чингистэй худ ураг барилдсан төдийнүй түүний үр сад ч Алтан ураг, Хиад боржигингуудтай хэдэн үеийн турш ураг төрөл барилдан Монголчуудын дунд их нэр хүндтийг хүлээн Цорос овог “Цагаан яс” хэмээн өргөмжлөгджээ. Бутралын үеийн Цорос ясны анхны хүчирхэг ноён нь Өгчи Хашхи бөгөөд түүний хөвгүүд Батула чинсан, Махмуд нар  Элбэг хааны үеэс эхлэн Монголын харъяанаас гарч биеэ даан холбооны шинж бүхий аймгийн холбоод болж олон жилийн турш хямрал тэмцэлд оролцож ирснийг дээр дурдсан билээ. Энэ холбоонд багтдаг олон овог, аймгуудаас Цорос, Хошууд-Торгууд, Дөрвөд, Хойдууд хамгийн хүчирхэг байсан тул Дөрвөн ойрадын холбоо гэж түүхэнд алдаршжээ. Уг холбоо нь холбоонд оролцогч улсуудын хамтын хүчээр гадаад байдлаа бэхжүүлж, дотооддоо газар нутаг, засаг захиргаа, эрх зүйн тодорхой зохицуулалт хуваарилалтыг бий болгосон тогтолцоо байсан. Даян хааны дараа Дөрвөн ойрад Тэнгэр уул руу нүүдэллэж Алтан хааны үед дахин дарагдсан боловч дотооддоо эв нэгдэлтэй байсны үр дүнд богино хугацаанд сэргэн мандаж 1562 онд Алтан ханыг, 1587 онд Халхын Шолой Увш хунтайжийг тус тус бут цохиж байжээ. Тэр үед дөрвөн ойрадын холбоонд Хошуудын Байбугас, Цоросын Хар Хул, Торгуудын Хөө Өрлөг, Дөрвөдийн Далай тайш, Хойдын Султан тайш тус тус ноёлж байсан. Тэд “Зарааны үс. Хөрөөний шүд мэт Бат дөрвөлжин мэт хүчирхэг” байсан. Тэдний нутаг дэвсгэр нь Хангай уулын бэлээс Кара Шар хүртэл. Хамил Бархөлөөс хойш Енисеин мөрөн хүртэл нутгийг хамарч байсан. Гэвч дотоодын хямралаас болж 1607 онд Торгуудын Хөө Өрлөг өөрийн албат 1 түм 5000 өрхөө дагуулж Ховог сайр, Эмилиэр дамжин Ижил мөрөнд нүүдэллэн очиж Халимаг угсаатнууд болон суусан. Халимаг гэдэг нь хальж, ойж гарсан гэдэг утгатай үг буй заа. Мөн Монголд дэлгэрсэн шашнуудаас болж гарсан дайн самуунд Хошуудууд татагдан орж өөрийн эзэмшилээс ойн гарсан. 1637 онд Хошууд Төр байх Халхын Цогтыг бут цохиж Далай ламыг Төвдийн эзэн гэж ёс төдий өргөмжилж тэнд сууришсан байна.
                Дөрвөн Ойрадын хүч ийнхүү тарамдаж бүх үе буюу 1634 онд голлох овог Цоросын Хар Хул ноён өөд болжээ. Түүнийг Эрдэнэбаатар хун тайж (1634-1663) хүү нь залгамжилж Дөрвөн Ойрадын холбоог дахин нэгтгэх бодлого явуулжээ. Тэр нутгаасаа дүрвэн гарсан торгууд, хошуудыг нэхэн хөөхийн оронд, харин үлдсэн овог аймаг, албатуудаа нэгтгэн 1630-аад оны сүүл үеэс Зүүн гарын хаант улсыг (1634-1755) байгуулжээ