2009-04-27

Авлигын түвшнээр Монгол 102-т бичигдэв

Transparency International байгууллага дэлхийн орнуудыг авлигын түвшнээр нь жагсаасан байна. Авлигын түвшин өндөр байгаа орон ядууралтай шууд холбоотой нь жагсаалтаас харагдана. 


Жагсаалтад 180 улс оролцсон бөгөөд авлига хамгийн их авч, өгсөн улсад тэг оноо, хамгийн цэвэрхэн оронд арван оноо өгсөн байна. Хамгийн өндөр буюу 9.3 оноог Дани, Шинэ Зеланд , Швед, Сингапур авсан бол, хамгийн бага 1.0 оноог Сомали, 1.3 оноог Ирак, Мьянма, 1.4 оноог Гаити авлаа. Болгар, Их Британи, Бурунди, Норвег өнгөрсөн оныхоос бага оноо авчээ. Харин Албани, Гүрж, Катар, Кипр, Нигер, Оман, Тонго, Турк, БНСУ өмнөх оны рейтингээс хойш авлигатай тэмцэж тодорхой үр дүнд хүрчээ. Монгол Улс 3.0 оноогоор 102-д орлоо. Авлигатай тэмцэхийн тулд тухайн улсын парламент, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хууль сахиулах байгууллагын хатуу хяналт, иргэний хүчтэй эвлэл байх ёстой аж. Судалгааг зохион байгуулагчдын нэг профессор Йохан Ламбсдорф “Авлига даамжирснаар иргэдийн дунд баян ядуугийн ялгаа нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт багасдаг. Харин жагсаалтад өндөр оноо авсан улсын гадаадын хөрөнгө оруулалт өсөх хандлагатай байдаг” гэлээ..

2009-04-14

Бурхан илжигийг бүтээхэд Хазара хүн уйлжээ

When God created the donkey, the Hazaras wept гэсэн хэлц үгийг Пүштүн хүмүүс хэрэглэх дуртай гэнэ. Би энэ үгийг сонсоод эхлээд нэг л сайн ухаж өгөхгүй байв. Уншигч та ч гэсэн чухам юу гэж байгаа юм болоо гэж гайхаж байж магадгүй. Афганистан оронтой танил хүмүүст бол энэ үгийг ойлгож ядаад байх юм үгүй л юм билээ л дээ. Энэ хэлц үг нь болохоор Хазара хүн зөвхөн боолын хөдөлмөр л хийх гэж төрсөн, тэдэнд өөрөөр амь зогоох арга байхгүй, тиймээс илжиг бий болно гэдэг чинь Хазар хүн хийх ажилгүй болж амь зогоох боломжгүй болж байна гэж тайлбарладаг гэнэ.

Үнэндээ энэ нь Афганистаны сүүлийн 120 гаруй жилийн түүхийн бодит байдлаас тийм ч хол зөрөөтэй үг биш байсан бөгөөд өнөө үед ч утга агуулгаа алдаагүй байгаа аж. 18 зууны дунд үеийг хүртэл Хазарууд өөртөө засаглалтай байсан ба 1747 онд Пүштүн үндэстнүүд хаант улсаа байгуулахад цөөн тооны Хазара овгууд нэгдэн орсон байж болзошгүй гэж үздэг аж. Гэхдээ энэ нь өөр хоорондын тэмцэлтэй байсан зарим Хазар овгуудын хувьд улс төрийн зорилготой нэгдэл байснаас бодит харьяалал байгаагүй бөгөөд ихэнх Хазара овгууд 1893 оныг хүртэл өөртөө засаглалтай байсаар ирсэн аж.1860 аад оноос Тухайн үейин Афганистан нь Орос Их Британ хоёрын сонирхлын бүсд орж хоёр их гүрний бодлогын өрсөлдөөний талбар болоод байсан аж. Их Британын хараат орон байсан Афганистанд хаан ширээний төлөө ширүүн тэмцэл явагдаж 1880 онд Британчуудын дэмжлэгтэйгээр Абдур Рахман хэмээх нөхөр хаан ширээнд суужээ. Эхэндээ Оросын авралд багтан Узбекстанд оргон зайлж тэнд 11 жил амь зуусан энэ Абдур хэмээх эр Англичуудын шууд тусламжтайгаар засгийн эрхийг авсан цаг мөчөөсөө эхлэн хамгийн түрүүнд Хазара нарын хүчийг сулруулах, улмаар тэднийг өөрийн захиргаанд бүрэн оруулах бодлогыг идэвхтэйгээр явуулж эхлэв.Түүхийн эх сурвалжид тэмдэглэсэнээр1880 оны дунд гэхэд нийт Хазара хүн амын ойролцоогоор тоологдох 500,000 орчим гэр бүлийн 300,000 орчим нь Абдур Рахманы шууд захиргаанд орсон байна. Абдур Рахман 1892 он гэхэд (улс төрийн аргаар, дайн тулаангүйгээр явагдсан бололтой) бүх Хазарастан нутагийг эрхшээлдээ оруулсан гэгддэг ба ингэхдээ тэрвээр Хазара хүмүүсийг онцгойлон дааж давашгүй алба гувчуур оноож, улмаар орон нутгуудад байнгын цэргийн хороо суурьшуулж Хазара нарыг байнгын зэвсэгт хяналтанд байлгах болсон байна.Энэ нь ч түүнд хангалттай санагдаагүй ба тэрвээр Хазара нарын овгийн удирдагч нар болон нөлөө бүхий хүмүүсийг баривчлан хорих, алах ажиллагааг эрчимтэйгээр явуулж эхлэв. Мөн тэрвээр суни шашинтай цөөн тооны Хазара нарыг шиа шашинтай олонхи болох бусадтай нь хагаралдуулан зэвсэгт мөргөлдөөнд хүргээд амжсан аж. Хазара нутагт байсан Афганистаны засгийн газрын төлөөлөгчид, цэргийн анги нэгтгэлийн эрхтнүүд Хазара нарыг дарлан доромжилж, ер өтгөс, нялхас гэж үл ялган харгисалж, эрчүүдийг нь тамлан алж, эмсийг нь хүчиндэн бузарлан араатан мэт авирлах болжээ.Тэд янз бүрийн худал шалтгаар хүмүүсийг баривчлан яргалан тамлах янз бүрийн аргыг хэрэглэдэг байсан аж. Болсон үйл явдлаас зарим нэгэн жишээ дурдахад, Фархад хан хэмээх нэгэн цэргийн эрхтэн 6 Хазара эрийг алаад цогцсыг нь модноос дүүжлэн хатаасан ба өөр нэгэн тохиолд 4 эрийг модтой хүлээд мөчнүүдийг нь мориор оосорлон татуулан тастаж хаясан гэнэ. Бас нэгэн тохиолд хэсэг эрчүүдийг бурхныхаа өөдөөс нулимхыг тушаагаад, тушаалыг нь эсэргүүцлээ хэмээн амьдаар нь өлсгөлөн нохдод хаян өгч идүүлсэн байна. Хүлээтэй хүнийг нүцгэнээр нь улайсгасан чулуун дээр хэвтүүлэх, эрэгтэй хүний өмдөнд муур хийгээд муурыг нь өмднийх нь гаднаас цохин уурлуулж улмаар уурлсан муураар эрхтнийг нь идүүлэх гээд хүний санаанд оромгүй яргалалыг явуулдаг байжээ.

Тэсэхүйеээ бэрх байдалд орсон Хазара нар 1892 онд олонхийг хамарсан зэвсэгт бослого гаргасан юм. Бослого гарахад засгийн газрын төлөөлөгчид, Пүштүн үндэстнүүдээс Хазара хүмүүст хандах араатнаас доор авир шууд нөлөөлсөн юм. Абдур Рахманы үеэл болох Абдул Кодос хэмээгч өөрийн дагуул 33 Пүштүн цэргийн хамт нэгэн бага тушаалын Хазара толгойлогчийн гэрт нь зэвсэг хайна гэсэн шалтгаар очоод гэрийн эзнийг барьж хүлээд нүдэн дээр нь эхнэрийг нь олуулаа ээлжлэн хүчиндсэн байна.

Ийм аймшигт доромжлолыг үзсэн гэр бүлийнхэн нийлж байгаад гэмт хэрэгт оролцсон цэргүүдийг алаад зогссонгүй, ойр байсан цэргийн нэгтгэлийг устгаж зэвсэглэж авсан аж. Тун удалгүй цөөн тоотой босогчидыг дэмжиж нийт Хазаражат (Хазара нутаг) даяар бослого өрнөж, засгийн газрын цэргүүдтэй тулалдаж ялалт байгуулж эхэлсэн ба, пүштүнүүдийг цөмийг нь Хазара нутгаас хөөн гаргаж чадсан аж. Абдур Рахман босогчидыг дарахаар цэрэг илгээсэн боловч бут цохиулжээ. Байдал бишдэж буйг сайн ойлгосон Абдур хан Хазара нарыг бүр мөсөн дарахаар шийдэж улс даяар онцгой байдал зарлав. Хазар нарын бослогыг дарахад нийт иргэдийн хүчийг ашиглах нь түүнд хамгийн зөв байсан ба үүнийхээ тулд тэр Хазара нарыг буруу номтнууд гээд, буруу номтны эсрэг шашны дайн жихад (jihad) зарлаж, үүндээ суннит шашинтай бусад үндэстнүүд болох Узбек, Тажик нарыг турхиран оролцуулсан аж.
Буруу номтнуудыг алах нь диваажинд хүрэх хамгийн дөт зам хэмээн ухуулж, дайнд оролцогчидод Хазара нарын газар нутаг, эмс хүүхэдийг шагнал болгон өгөхөөр амалжээ. Ингээд 40,000 явган цэрэг, 10,000 морьт цэрэг, 100,000 зэвсэглэсэн энгийн иргэд болон Хазара нартай бэлчээр булаалддаг Коочи овгийн тусгай отрядуудаас бүрдсэн асар том арми Хазара нарын бослогыг дарахаар гарчээ. Ивээн тэтгэгч Британы засгийн газар ч зүгээр суусангүй өөрийн тоглоомны хүн болох Абдур Рахман хэмээх энэ яргачинд зэр зэвсгийн тусламж үзүүлээд зогсоогүй байнгын цэргийн зөвлөхүүдээ илгээсэн аж. Тулалдаан олон сар үргэлжилсэн бөгөөд босогчид гайхалтай тулалдаж Абдур Рахманы хүчийг хэд хэд бут цохисон боловч тооны олонд автан ялагдал хүлээсээр байсан юм. Хэдийгээр хүч суларсан ч эрэлхэг чадварлагаар байлдсаар байсан босогчидын гол хүч удалгүй хүнс, сум, зэр зэвсгийн гачаалд орж мөн босогчид дотороо хагаралдан нэгдмэл байлдаан явуулах чадвараа алдсанаас ялагдал хүлээжээ. Абдур Рахман ялагдал хүлээсэн Хазарачуудыг маш зэрлэгээр шийтгэх тушаал буулган бослогод оролцсон орлцоогүй үл хамааран мянга мянган Хазара хүмүүсийг хоморголон алж толгойг нь тастан хэд хэдэн газар гавлын ясаар том овоонууд босгосон аж.

Тэр үүгээр ч зогссонгүй Хазара хүмүүсийг албан ёсоор боол болгон зарлаж бослогыг дархад оролцсон хүмүүст боол худалдаалах эрх олгосон байна. Кабул, Кандагар, Кундуз гээд Афганистаны томоохон хотуудын зах дээр хэдэн мянган гав гинжтэй Хазара боолууд маш хямдхан үнээр худалдаалагдаж байсан ба зарим тохиолдолд Хазара боол ердөө л 10 хүүдий үр, буудай тариагаар л зарагдаж байжээ. Пүштүнүүдээс гадна Афганистаны хойд хэсэг болох Мазари Шариф хэмээх , Хазара Узбек нарын зэргэлдээ амьдардаг мужид Узбекууд Хазара овгууд руу довтолж хүчээр боолчилж байсан талаар мэдээ байдаг аж. Хазара нарын гол хүчийг дарж ялалт байгуулсан Абдур 1893 оны 7-р сард Хазарастанд байсан өөрийн цэргийн захирагч нарт Хазара нарын овог аймагийн эрхтэн тушаалтнууд, шашин төрийн зүтгэлтэн, ер л Хазара нарын нэртэй зүстэй хэн бүхний нэр усыг цуглуулан бүгдийг нь гэр бүлийнх нь хамт Кабулд авчирах тушаал буулгасан байна. Энэ тушаалыг завхруулан Пүштүн цэргийн эрхтнүүд энгийн номхон зэвсэггүй Хазара хүмүүсийг баривчлан алж устгах балмад ажиллагаагаа улам идэвхжүүлсэн нь Хазара нарыг ахин зэвсэгт бослого гаргахад хүргэжээ. Босогчид ахин идэвхтэй байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн ба, засгийн газарт захидал хүргүүлсэн байна. Тэд энэ захиандаа, Хазара нарыг хоморголон алах, тамлан зовоох, эмс охидыг нь хүчиндэх, Хазара хүмүүсийг боол болгон худалдах, дааж давшгүй алба татвар төлүүлэх, бурхан шашныг нь доромжлох нь тэсэхүйе бэрх бөгөөд засгийн газрын талд алба хааж байсан Хазара нар ч бас ялгаагүй ямар ч өршөөл үзэхгүйгээр харгислуулж байгааг эсэргүүцээд Хазарачууд боолчлолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тодорхой өгүүлжээ. Босогчид удалгүй хэд хэдэн амжилттай байлдааны ажиллагаа явуулж Хазарастаны ихэнх нутгаас засгийн газрын цэргүүдийг ахин хөөн гаргаад гол зам гүүрүүдийг боож стратегийн чухал газруудад шуудуу ухан хамгаалалт зохион байгуулж Кабул хот руу дайрах байлдаандаа бэлтгэж эхэлжээ. Тун удалгүй Абдур Рахман "Хазара Хүмүүст Уриалах нь" захидалаа илгээсэн бөгөөд энэ захиа нь Хазара нарын эв нэгтгэлийг бутраах, тэдэн дунд хагаралдаан гаргаж байлдааны чадварыг нь сулруулах зорилгыг агуулсан байсан ба уг захиа нь тэр зорилгоо яг л биелүүлсэн аж.Хазарагийн зарим удирдагч нар, тухайлбал Мухаммэд Риза Бэг байлдааныг үргэлжлүүлэх нь өөрийн овгийг сүйрэлд авчирна гэж үзээд бусадтайгаа санал зөрөлдсөний улмаас засгийн газрын талд орж байлдсан байна. Засгийн газар энэ боломжийг ашиглан 1893 оны 4-р сард босогчидын эсрэг дайралтаа эхэлсэн боловч хэд хэдэн тулалдаанд ялагдан ихээхэн хохирол амсч байлдаан зун хүртэл үргэлжилсэн байна. Хазара нарын идэвхтэй байлдааны ажиллагаа нь Абдур Рахманыг цэргээ Хазарастанаас гарган босогчидын шаардлагыг хүлээн авч тэдэнтэй хэлэлцээр хийхэд хүргэсэн байна. Удаан харьцсаны эцэст, Хазара нар өөрийн бие төлөөлөгчидийг Кабул руу хэлэлцээ хийхээр илгээсэн ба, ингэхдээ нэлээд хэдэн Пүштүн гэр бүлийг барьцаанд авч үлджээ. Хэлэлцээрийн үр дүнд хоёр тал харилцан буулт хийсэн ба засгийн газраас Хазара нарын эрхийг хүлээн зөвшөөрсөн аж. Зэр зэмсэг, хоол хүнсээр байнга дутагдаж, мөн халдварт өвчинд олноороо нэрвэгдээд байсан ихэнх босогчид хэлэлцээрийн үр дүнг хүлээн авах нь зөв гэж үзээд байлдааны ажиллагаагаа зогсоосон байна. Гэсэн хэдий ч босогчидын зарим хэсэг тэмцлээ 1893 оны сүүлч хүрэл үргэлжлүүлсээр байсан аж. Хазара нарын эрх чөлөөний төлөөх энэ тэмцэл бослого нь ерөнхийдөө 3 жил үргэлжилсэн гэж үздэг бөгөөд Абдур Рахманы засгийн газараас явуулсан энэхүү харгис харалган бодлого нь Хазара Пүштүн хэмээх хоёр үндэстний хоорондох өнөөг хүртэл үргэлжилж буй амь тавьсан зөрчилдөөний үндэс болж, зуун дамжсан гүн гүнзгий хорсол занал, үзэн ядалтыг бий болгосон юм.
Судлаачидын үзэж буйгаар Абдур Рахман Хазара нарын бослогыг дарахдаа хүн амыг нь аль болох цөөлөх бодлого барьж маш харгис хэрцгий үйлдэл явуулсанаас нийт хүн амын 62% хувийг алж устгасан буюу гадагш дүрвүүлсэн аж. Олон тооны Хазара хүмүүс Афганистанаас дайжин гарч тухайн үед Энэтхэгийн харьяа байсан Пакистан, болон хөрш зэргэлдээх Иранд суурьшсан юм. Мөн хөрш зэргэлдээх төв Азийн улсууд болох Түркменистан, Узбекстанд ч дүрвэн гарсан гэдэг. Чухам хичнээн тооны Хазара хүмүүсийг алж устгасан тоог гаргахад төвөгтэй ба тийм бодит тоо бичигдээгүй байдаг аж. Харин хүн амын 60% аас доошгүй хувь устгагдсан гэж үздэг нь нэлээд түгээмэл олны зөвшөөрсөн тоо юм. Хэрвээ энэ 60% хувийг ойролцоо бодит тоо гэж үзээд, дээр дурдагдсан нийт Хазара айл өрх 500,000 гэсэн тоог оролцуулаад бодвол Хазара нарын хэлмэгдлийн тоог ойролцоогоор гаргаж болох юм.Лалын шашинтай айл өрхүүд нь харьцангуй өнөр өтгөн байдаг ба нэг өрхийг дунджаар 5 хүн амтай (мэдээж энэ бол бага тоо, лалын шашинтнууд олон эхнэр авч үр хүүхэд өнөр өтгөн байдаг нь одоо ч түгээмэл) гэж үзвэл багаар бодоход 2 сая 500 мянга буюу өнөөгийн манай улсын хүн амтай тэнцэх тооны Хазарачууд тэр үед Хазарастанд (Хазара улс) амьдарч байжээ. Үүнээс 60% хувь буюу 1 сая 500 мянган хүн нь 3 жилийн хугацаанд бослогын улмаас хядуулжээ. Өнөөгийн Афганистан дахь Хазара хүмүүсийн лавтай тоог улс төрийн шалтгааны улмаас гаргахыг хүсдгүй талаар би түрүүчийн бичлэгтээ дурдаж байсан гэхдээ ямартай ч 3-6 сая хүн бий гэж үздэг. Энд би нэгэн сонин харьцуулалт хийх гэсэн юм.
Манай Монгол улсын хүн ам 1920-30 аад онд яавч 600 мянгаас хэтэрхээргүй байсан гэдэг, гэтэл 80 гаруй жилийн дараа өдгөө бид 2.5 саяулаа. Ойролцоогоор 4.2 дахин өссөн байгаа биз. Хазара хүн амын бодит тооны талаар зүгээр нэг баримжаа мэдэхийн тулд, би цаг хугацааны хувьд ойролцоо үйл явдал, (Афганистан 1890-1900 аад оноос хойш буюу 110 гаруй жил, Монгол 1920-1930 аад оноос хойш 80 гаруй жил) амьжиргаа, нийгмийн дэвшилийн хувьд харьцангуй төстэй гэгддэг нөхцөл байдалд тулгуурлан Афганистан Монгол хоёр орны хүм амын өсөлтийг бүдүүвчлэн харьцуулж болох мэт гэж бодсон юм. Хэрэв Монголын хүн амын өсөлтийн энэхүү хурдацыг тухайн үед Афганистанд 60% иа хядуулан амь гарсан 1 сая гаран Хазара хүмүүсийн тоогоор бодож үзвэл 110 гаруй жилийн дараа одоо Афганистанд хамгийн наад зах нь 4.2 сая Хазара хүмүүс байх ёстой байгаа биз. Хэдийгээр энэ тоог олдсон мэдээлэлдээ тулгуурлан тоймлон бүдүүвчлэн гаргаж ирсэн ч гэсэн, Хазара хүмүүсийн өөрсдийнх нь батлаад байгаа яаж ч байсан 4 саяас буухгүй хүн амтай гээд байгаа тоотой ойролцоо гарч байгаа юм.
Мэдээж энэ тоо бол барагцаалсан тоо. Тухайн орны нийгмийн онцлог, эдийн засаг, улс төрийн байдал гээд олон зүйлийг оролцуулан байж хүн амын өсөлтийг тооцоолох л доо. Ямартай ч гэлээ бодит байдлаас хол зөрөхөөргүй барагцаалсан тоо гарч байна. Миний л мэдэх нэг үндэстнийг үй олноор нь хоморголон алж үндэстнийх нь хувьд устгах гэж оролдсон аймшигт аллагууд дэлхий дахиний түүхэнд тоотойхон гарсан байдаг. Ийм аллагыг геноцид (genocide) гэж нэрлээд байдаг.Хүн бүхний мэдэх дэлхийн хоёр дугаар дайны үед Гитлер еврей нарыг, дэлхийн нэг дүгээр дайны үед туркууд армянуудыг хоморголон хэдэн саяар нь алж геноцид хийж байсан баримтууд бий. Гэхдээ энэ аллагуудад чухам хүн амынх нь хичнээн хувь үрэгдсэн талаар маргалддаг, Хазаруудыг алж устгасан шиг тийм нийт хүн амын талаас хол илүү 62% хувь байсан болов уу? 1890-ээд оны эхээр Хазара нарыг хоморголон алж үндэстнийх нь хувьд сөнөөх гэж сая хагас хүнийг алан гавлаар нь уул босгосон энэ аллагыг геноцид гэж үзэж болохгүй гэж үү? Харин яагаад энэ тухай дэлхий нийт байтугай, Хазара нарын ахан дүүс нь болох Монголчууд бид ч мэдэхгүй байна вэ? Би энэ асуултанд өөрөө хариу өгөх шаардлага байхгүй, харин энэ өгүүллийг энэ мөр хүртэл уншсан уншигч та бүхнийг ойлгож мэдэж байгаа гэж бодож байна. 1890 ээд оны Хазара нарын зэвсэгт бослого нь зохион байгуулалттай эв нэгдэлтэй эрх чөлөөний тэмцэл гэхээсээ илүү, арга үгүй байдалд орсон хүмүүсийн сулхан холбоос бүхий амь тэмцсэн тэмцэл байсан юм. Болсон үйл явдлуудыг тодруулан уншиж байхад, Монголчууд бидэнд түгээмэл нэг ажиглагддаг гэдэг асуудалд нэгдмэл бус, бие даасан байдлаар ханддаг тэр байдал бас л ажиглагдаж байсан ба бослого дарагдсан гол шалтгаан нь Хазара нарын дотоодын зөрчилдөөн, овог аймгуудын хуваагдмал байдал, бие биенээсээ урван тэрслэх асуудлууд байсан юм. Хазара нарын эрх чөлөөний төлөөх зэвсэгт бослого дарагдаж, боол болон зарагдаж эхэлсэн тэр үеээс л эхлэн Хазара үндэстнүүд Афганистаны нийгмийн ёроолд шидэгдэж, бусад гол үндэстнүүд болох Пүштүн, Тажик, Узбекүүдэд нүд үзүүрлэгдэн амь зогоох болсон ба тэднийг ялгаварлан гадуурхах асуудал өнөөг хүртэл Афганистаны нийгэмд амь бөхтэй оршсоор байгаа юм. Хазара нарыг боолчлох асуудлыг 1921 онд дээр дурдсан Абдур Рахманы ач хүү Афганистаны шах Аманула (Shah Amanullah) албан ёсоор хорьсон боловч зарим Пүштүн хүмүүс боолчлолыг хэдэн жилийн турш үргэлжлүүлсээр байсан аж. 1940 өөд онд Захир Шах хэмээх баруунд боловсрол олсон Пүштүн эр хаан болоод Хазара хүмүүст онцгой татвар ноогдуулсаныг эсэргүүцэн, Хазара нар ахин зэвсэг барин босч засгийн газрын цэргүүдтэй байлдсан ба, үр дүнд нь онцгой татварыг хүчингүй болгож чадсан байна. Мөн 1930-40 өөд оноос эхлэн Хазара нар "Афганистан дах Монгол Үндэстнүүдийн Холбоо", "Дундад Азын Монголчуудын Нийгэмлэг", "Лалын Шашинтнуудын Эв Нэгдлийн Холбоо" зэрэг нэртэй нийгэм улс төрийн зорилго агуулга бүхий эвсэлүүдийг байгуулан нэгдмэл тэмцлийг бий болгох арга замыг хайж эхэлсэн юм. Монгол түмний минь мах цусны тасархай Хазара хэмээх энэхүү өвөрмөц хувь зохиолт ард түмний сүүлийн зуун хорь гучаад жилийн түүх нь цус нулимс, дарлал доромжлол, ялалт ялагдалаар дүүрэн гашуун боловч баатарлаг тэмцлийн түүх юм. Энэхүү түүх яг өнөөг хүртэл, уншигч таны энэ мөрийг гүйлгэн харах тэр мөчид хүртэл үргэлжилсээр байгаа гэдгийг сануулж байна.

Ер нь түүхээс харж байхад 1890 ээд оны эхээс 1930 аад оныг хүртэл дэлхийн өнцөг буланд таран орших Монгол үндэстнүүдийн хувьд хамгийн хүнд хэцүү, үндэстнийхээ хувьд мөхөж болох тийм үе байсан юмуу гэж бодогддог юм. Үнэндээ бол Монгол улс, Монгол үндэстнүүдийг мөхөж үгүй болно, тийм нөхцөл бүрдээд байна хэмээн үзэж байсан судлаачид шинжээчид байсаар байсан юм.  Тэр үед үнэхээр тийм нөхцөл байдал бүрдээд байсан байж ч болно, тийм бол өнөөдөр Монгол улс байж л байна, дэлхийн өнцөг булан дахь Монголчууд улам олон болсоор л байна. Магадгүй, өнөөдөр бид үндэстнийхээ хувьд түүхэн дэх хамгийн хүнд хэцүү үеэ өнгөрөөж ахин сэргэн мандах тэр эрин үедээ ороод явж байж ч болно. Яг үнэндээ тийм ч байх гэж найдаж байна.

2009-02-03

ХАЛАГДАХ УРЛАГ

Санхүүгийн хямралын улмаас олон хүмүүс ажилгүй болж байна. Энэ хүнд цохилтыг хүн бүр, улс орон бүр өөрийн онцлогоосоо шалтгаалж өөр өөрөөр хүлээж авч байна. Монголд бол хүнд буруугаа өгөхь шүүхдэх, хэвлэлийн бага хурал хийлгэхь сүүлийн арга хэмжээ архиар стрессээ тайлах нь илүү түгээмэл байна.   
         Халагдсан гэдгээ дуулсаны дараа хаалга тас саваад гарах ч амархан л даа. Хэдий чинээ чанга савна төдий чинээ хариугаа авч байгаа юм шиг… Гэхдээ нэг айхтар хэцүү зүйл бий. Эргэж уулзах нүүр ээ гэж… Монгол шиг жижигхэн улсад хаа нэгтээ эргээд таарах нь тодорхой. Тэгэхээр халагдахдаа хүртэл жинхэнэ “мэргэжлийн” байж сурах хэрэгтэй болох нь. Тиймээс “халагдах урлаг” гэж нэгэн зүйл байдгийг танилцуулахаар бэлтгэлээ. 
Саяхан манай танилын ажилд нэг залуу ажилд орохоор иржээ. Цэвэрхэн хувцасласан, үсээ аятайхан засуулсан, зохих ажлын туршлагатай, боловсролтой, хэлний мэдлэгтэй, зан харилцаа сайтай… Гэвч яг авах дээрээ тулах үед түүнийг өмнөх ажлаасаа хэрүүл уруултай гарсан, тэр бүү ажиллаж байсан төслөө дуусгаагүй, хүлээлгэж өгөөгүй, компьютерт байсан ажлын файлуудаа устгасан, түүнээс нь болж хамт ажилладаг байсан хүмүүс нь бүх ажлыг дахиад шинээр хийх болсон… гэх мэт яриа “чих дэлсжээ”. Үнэхээр ч тэгсэн байж. Түүнтэй хамт ажилладаг байсан залуу энэ ажилд орсон байсан учраас. Ингээд өнөөх “аятайхан” залуу ажилд орж чадаагүй гэсэн.
Бас нэгэн тохиолдол. Тухайн хүнийг яг ямар байгаагаас болж халж байгаа. Түүний оронд тэр хүнийг орлох хүн ажиллаж байгаа хүнээс болж “халагдаж буй хүнд” төрөх сэтгэгдлээс болж гарах харилцаа. Ажилд орсон бол хэзээ нэг цагт халагдана, ажлаас үүссэн хүлээлтээс болж ажиллах мотиваци багасдаг. Хүмүүс өөрийн санаа, ажлын байр дээрээ босгосон “цайзаа” бусдад тавиад өгчих нь ялагдсанд тооцогдох муухай зүйл. Гэхдээ л бид ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ажлаас халагдана гэдэг бол эмгэнэлтэй зүйл биш болохоор түүнийг одоо тохиолдоод байгаа санхүүгийн хямрал шиг л бодож түүний шалтгаань эзнийг нь олж хариугаа авах биш түүнийг аль болох хурдан даван туулах арга замыг бодох хэрэгтэй. Ер нь хүн өөртөө урлагтай байх нь чухал гэсэн Анексемандрийн үг одоо мартагдаж байгаа ч утга учир төгс төгөлдөр хэвээрээ байна. Ажиллах урлаг, Багаар ажиллах урлаг, Хариуцлага хүлээх урлаг, мөн ажлаас халагдах урлаг гэдэг зүйлийг бид ойлгож сурах хэрэгтэй болов уу? Мэдээж үүнийг ойлгоход насны хамаарал чухал учраас 45 өнгөрсөн ажилтнаа халж байгаа ажил олгогч хүнд ажлаас халах “шийдвэр гаргах урлаг”-ийг үзүүлж байх нь илүү чухал болов уу? гэж бодож байна.
  Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ?
Хэрэв цаашид амжилтын шатаар өгсөж, дээш ахина л гэж бодож байгаа бол хэрүүл маргаан, “хаалга тас савалт”, хуучин ажлаа “хорлох”, хамт ажиллагсадтайгаа муудалцах… иймэрхүү зүйлүүдээс татгалзах хэрэгтэй. Бүр өөдгүй, яхир, харамч, шударга бус, тэнэг, чадваргүй удирдлагатай байсан ч сайхнаар салцгаа.  Өнөөгийн ажил хэргийн ертөнц бол яг л аалзны тор шиг. Салаа замын уулзварууд дээр чи өнөөх хүмүүстэйгээ дахин дахин тааралдана, магадгүй хамтарч ажиллах шаардлага ч гарч болно. Тэр цагт нүүр бардам байхын тулд хувийн араншингууд, сэтгэл хөдлөлөө хүмүүст харуулах нь илүүц. Монголын бизнесийн байгууллагуудад боловсон хүчний зөвөлгөө өгч, сургалт явуулж, шаардлагатай тохиолдолд recruit буюу чадварлаг боловсон хүчнийг олоход нь зуучлах үйлчилгээ үзүүлдэг Human Fortis компанийн захирал Сэлэнгээс монголчуудын гаргадаг зарим нэг алдаануудын талаар лавласан юм.
Тэрээр “Ажилд орохоор ирсэн залуучуудтай ярилцлага хийж, шалгалт авсаны дараа “Та тэнцсэнгүй” гэж хэлэх үед хувь хүний соёл, боловсрол, хүмүүжил маш тод харагддаг. Ихэнх хүмүүс шууд уурлаж, сэтгэл хөдлөлөө гаргадаг. “Авахгүй байсан юм бол яах гэж энэ бүхнийг зохион байгуулсан юм бэ”, “Яахаараа тэгдэг юм. Миний юу нь болохгүй байгаа юм бэ”... гэх мэтээр авирладаг. Боловсрол мэдлэг, ёс суртахууны хувьд хамгийн сайн оюутнуудыг бэлтгэдэг сургуулийн оюутнуудаас хүртэл ийм зан гардаг. Тэгэхээр бусад нь ойлгомжтой байгаа биз дээ” гэж байлаа.Үнэхээр харамсалтай. Зарим нь хэт эрдчихсэн “Надаас сайн хүн олохыг чинь харна аа”, “Намайг аваагүйдээ харамсана даа” гэж хүртэл “заналхийлдэг” гэж байгаа юм. Яадаг ч байсан, та л ингэж болохгүй юм шүү. Аль болох бүх хүнд дажгүй сэтгэгдэл төрүүлж, хожим нь таны талаар хэн ч хэдэн аятайхан үг хэлчих, тийм хэмжээнд л хүмүүстэй салах ёс гүйцэтгэх нь дээр. Харин ингэхийн тулд яавал дээр вэ? 
Зөвөлгөө 1. Үнэхээр харилцаа чинь муудаад, ажлаас халагдана гэдгээ мэдэж, эсвэл мэдрэгдээд байвал өөрөө эхлээд гарах саналаа тавих нь хамгийн дипломат. Үүнийгээ дор хаяж хоёр долоо хоногийн өмнө хэлж, бэлтгэх хэрэгтэй. Ажил зогсож, тасалдахаас сэргийлж буй хэрэг. Хэрэв оронд чинь ирэх хүн олдвол маш сайн, та түүнийг бэлтгэж өгөөрэй. Хэрэв “залгамжлах” хүнээ та өөрөө олж өгвөл бүр ч “онц”. Ямар ч удирдлага, хамт олонд энэ нь сайхан сэтгэгдэл төрүүлдэг нь амьдрал дээр нотлогдсон.
Анхаарах зүйл: Нэгэнт халагдах саналаа өөрөө тавих учраас удирдлагадаа юу ярих, юу хэлэхээ эртнээс бэлд. Энд ажиллах хугацаандаа сурсан, мэдсэн зүйлүүд юу байна, хэн хэнд юуны төлөө талархаж явдаг, сайхан хамт олонтой байлаа... гээд юу ч байж болно. Худлаа байсан ч хамаагүй шүү! 
Зөвөлгөө 2. Явахад бэлтгэ. Мэдээж 2 долоо хоног гэдэг бол бүх үлдсэн ажлаа дуусгах хугацаа биш л дээ. Тэгээд ч сэтгэл санаа үймэрсэн ийм үед ажил гараас гаргана гэдэг тун хэцүү. Гэсэн ч та дуусгаарай. Таныг байхгүйд ч ажил үргэлжлэх тийм хэмжээнд хүргэ. Тухайлбал, хэрэв борлуулалтын менежер байсан бол харьцдаг бүх дэлгүүр, хүмүүс, тэдэнтэй холбоо барих утас, хаяг, үлдэгдэл тооцоо зэргээ эмх цэгцтэйхэн үлдээнэ гэсэн үг.
Анхаарах зүйл: Хүлээлгэж өгсөн зүйлсийнхээ жагсаалтын нэг хувийг даргадаа заавал өгөх хэрэгтэй. Эсвэл нарийн бичигт нь ч юм уу. Сандал, ширээнээс авахуулаад компьютерийн файл, диск, захидал, санал гомдол, түүнийг шийдвэрлэсэн баримт, факс зэргийг хүртэл. Юу юу үлдээгээд явсныг дарга чинь мэдэж байг. 
Зөвлөгөө 3. Халагдсан эсвэл гарахаар болсон гэдгээ хүмүүсээс нуух хэрэггүй. Найз нөхдөөсөө ч, хамт ажилладаг хүмүүсээс ч, ер нь хэнээс ч. Энэ бол танд дараагийн ажил чинь түргэн олдох магадлалыг өсгөнө. Нөгөө хэлтсийнхэндээ, бүр цаашилбал харилцдаг байсан байгууллагууддаа ч гэсэн хэлэхэд гэмгүй. Гэхдээ мэдээж та үнэхээр гайхалтай сайн ажилтан байсан, өөрийг чинь хаана ч “урьж” ажилд авна гэдэгт итгэлтэй байгаа бол шүү дээ.
Анхаарах зүйл: Ингэхдээ “Би ажлаасаа гарлаа. Надад аятайхан ажил сураглаж байгаарай” гэсэн утгаар хэлэхгүй гэдгээ санаарай. Харин “Би гарах боллоо. Миний оронд тийм хүн ирсэн. Тэр хүнтэй хамтран ажиллаарай, тусалж дэмжээрэй. Амжилт хүсье...” гэсэн утгаар хэлэх нь хавьгүй нэр хүндтэй.  
Зөвлөгөө 4. “Үдэлтийн арга хэмжээ”. Ажлынхан чинь дажгүй найрсаг хамт олон бол үдэлтийн арга хэмжээ хийх нь зүйтэй. Юу ч байж болно шүү дээ. Өдрийн хоолонд даах, эсвэл бүгдэд нь хөөрхөн бэлэг дурсгалын зүйлс өгөх, эсвэл хамт салхинд гарсан ч болно. Мэдээж баяр биш учраас нэг их том, сүртэй байх албагүй. Хамгийн гол нь дараа нь хэзээ ч уулзахад найрсаг уулзах, мөн бие биенээ талаар сайхнаар дурсаж явах зорилгоор. Энэ арга хэмжээндээ муудалцсан удирдлагыгаа урьсан ч болно.
Анхаарах зүйл: Ажлынхаа талаар, удирдлагынхаа талаар ерөөс муу үг унагаж болохгүй. Хүмүүсийн гаргадаг нэг алдаа бол үүнээс ч илүү өндөр цалинтай ажилд намайг гуйж оруулна, би бүр гармаар байсан юм... гэх мэтээр худлаа “залдаг”, бардамнадаг зан юм. Энэ нь үлдэж байгаа хүмүүсээ “Та нар энд үлдэж байхдаа таарсан амьтад...” гэж доромжилсноос өөрцгүй сэтгэгдэл төрүүлдэг. Нэгэн сайхан дурсамжийг санаж байна. Хэдэн жилийн өмнө хамт ажилладаг байсан нэг эгч маань ажлаас гарахдаа хүн бүрт “баяртай” гэсэн захидал и-мэйлээр илгээж билээ. Хүн бүрт өөрийнх нь онцлог зан чанар, харилцааг нь илэрхийлсэн хөгжилтэй дурсамж бичиж өгсөн юм. Ерөнхийдөө, та нартай хамт ажиллах сайхан байлаа, бүгдэд нь амжилт хүсье гэсэн утга бүхий. Одоо тэнд ажиллаж байсан олон хүмүүс ажлаасаа гарсан ч бид тэр эгчийн талаар үргэлж сайхнаар дурсдаг юм.  Ер нь хаалга саваад гарч болохгүй гэсэн юм байхгүй л дээ. Гэхдээ хэдхэн тохиолдолд л энэ нь сайн үр дүн өгдөг гэнэ. Та үнэхээр хамт олныхоо дунд нэр хүндтэй, нөлөөтэй, мэргэжлийн хувьд чадварлаг, хаана ч хүлээн зөвшөөрөгдөхөөр бол удирдлагадаа сөрөг сэтгэгдэл үлдээсэн ч хамт ажиллагсаддаа үнэлэгдэх бол ингэж болно. Заримдаа сайн хүн ажлаас гарахад бусад нь мөн адил цувраад ажлаас гарчихдаг үзэгдэл бий. Үнэхээр хүчтэй хүн гараад явчихаар бусдад нь тэнд ажиллах утгагүй санагдах, шинэ боломж олдоно гэдэгт итгэж зориг зүрх орох, өөрийгөө өөр өнцгөөс харах, үнэлэх зэрэг үзэгдэл гардаг. Нэгэн хэвлэх үйлдвэрийн хэлтсийн дарга удирдлагатайгаа муудалцаад гарахад тэр хэлтсийн бараг бүх ажилтнууд зэрэг шахуу гарч байсныг санаж байна. Хаалга саваад гарах дараагийн тохиолдол нь та өөрийн бизнестэй болохоор шийдсэн, бас чадахаар бол ингэж болох юм. Ялангуяа монголчуудад тийм дэврүүн зан байдаг нь олон хүнд ажиглагддаг. Гутал засвараас гарсан хүн шинэ гутал засварын газар байгуулдаг, ФМ-ийн сайн хөтлөгч гараад шинэ ФМ нээдэг, сайн найруулагч гарахаараа шинэ студи ажиллуулдаг, сайн дуучин гарахаараа шинэ хамтлаг байгуулдаг... гэх мэт. Чаддаг зүйлээрээ шууд л өрсөлдөж эхэлдэг. Энэ бол байдаг л асуудал. Та ч ингэж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа бол хаалга тас саваад гарахад болохгүй зүйл байхгүй.
Яадаг ч байлаа гэсэн “сайхан” халагдахын давуу талууд олон бий гэдгийг л сануулах гэсэн юм. 1-рт: Харилцаагаа хадгалж үлдэх. Магадгүй ирээдүйд хамтран ажиллагсад, эсвэл бэлтгэн нийлүүлэгч, үйлчлүүлэгч нь ч болж болно шүү дээ. Ер нь хүнтэй сайхан харилцаатай байх нь хаана ч, хэзээ ч хэрэгтэй. Үүнээс болж муу зүйл болж байсан гэж дуулаагүй л юм байна.  
2-рт: Амьдралын олон салаа замууд эргээд таныг яг энэ байгууллага, эсвэл яг тэр “өөдгүй” удирдлагатай хамтран ажиллах уулзвар дээр авчирч болзошгүй. Гэнэт эргэлт гарч та тэр хүнтэй ажиллах, магадгүй өмнөхөөс ч илүү өндөр албан тушаалд томилогдох санал авч болно. Хожмын нэг өдөр яг тэр хүнээсээ одоогийнхоос ч илүү сайхан ажил дээр хамтран ажиллах урилга хүлээн авч болзошгүй. Тэр үед харамсахгүйн тулд өнөөдөр жаахан сэтгэлээ бариад, тэвчээд өнгөрөхөд зүгээр. 
3-рт: Шинэ ажил, нөхцөл, хамт олон, найз нөхөдтэй болсон ч хуучин хамт ажиллагсад гэдэг амьдралд хэзээд чухал үүрэг, нөлөөтэй байдгийг амьдрал өөрөө нотолдог. Эргээд тэднээс хувийн журмаар ч, хувьсгалын шугамаар ч ямар нэгэн гуйлт, хүсэлт гаргаж болно. Хэзээ ч утсаа аваад хуучин ажилруугаа залгаж, хэнтэй нь ч яриад асуудлаа шийдчихэж чадна гэдэг сайхан хэрэг биш гэж үү?    
\"АЛТАН ГАДАС" сэтгүүлийн нийтлэлээс ишлэл хийв\

2009-02-01

Миний ажилдаа явдаг зам. \ҮРГЭЛЖЛЭЛ\

          Ченжуудтэй хаяа нийлэх шахуу байдаг “өвгөнтийнхөн” тэднээс арай л өөр хүмүүс. Тэдний нүднээс нойроо харамласан бүлцгэр нүд, шуналтай ширүүн харцыг би ер олж харж байсангүй. Өөрт нь байсан шунал тачаал, хүсэл мөрөөдөл, эрмэлзлэлээ тэд нар өдөр бүр шилтэй шингэнээр худалдсаар байгаад тэдэнд одоо юу ч байхгүй болсон байх. Тэдний үнэ цэнэтэй жил хэдхэн жил, хэдэн арван жил гээд олон төрлийн харьцангуй хугацаанд хүсэл мөрөөдөл, сайн сайхан бүхний төлөө хундага тулгаж, тулгасан хундагныхаа тоогоор хүсэл мөрөөдөл бүхэн нь урсан алга болсон ч гэсэн нийгэм тэднийг хүн хог болгочихсонд харамсалтай санагдана. Одоо тэдэнд шилтэй шингэнд шунах шунал нь л үлдэж сүүлчийн энэ чанараараа хамгийн хортой, хамгийн муу шингэн зүйлээр худалдан авч “хамгийн жаргалтай” хүмүүс болж хувирчээ. Миний таньдаг энэ хүмүүс өдөр өдрөөр хорогддог боловч шинээр шилжин ирэгсдийн цуваа жилийн 4 улиралд үл тасалдана. Энэ хүмүүс нийгмийн хог болсон ч тэдэнд адгууснаас ялгагдах хайр дурлал, гэр бүлийн амьдралын аз жаргал байдаг бөгөөд өөрсдийн овгор атаман, дагаж мөрдөх хууль дэг байдаг бололтой. Гэхдээ тэднийг хэн ч үл тоомсорлоно. Тэднийг тоодог хүмүүс нь тэднээр амжиргаагаа залгуулдаг ШАГ-чид. Шагчид нь өөрсдийн байрлал, хил хязгаар байхгүй мөнгө хаана олж болох уу? тэнд “түргэн тусламжийн тэрэг” шиг давхиж явдаг хүмүүс. Хэрэгцээтэй цагт нь ирж үйлчлүүлэгч нараа “төрийн хуулийн ивээлээр орж ирсэн” хороороо угжиж өгнө дөө. Тэдэнд спиртын наймаагаар баяжиж улс төрд орж ирсэн цөөн тооны Олигархуудтай адилхан үйлчилдэг хууль гэж байхгүй. Манай спиртны “том наймаачид” наймааг нь дэмжсэн үе үеийн өвгөнтийнхөнд хүндэтгэл үзүүлээсэй. 1994 онд Жириновский өөрийн нэртэй архиа зарж дуусаад хүндэтгэл илэрхийлж байсан юмсан. Хүүхдийн паркны мөндөл-д хүндэтгэл үзүүлэгч наймаачдын мөр одоо хүртэл балраагүй л байна.Шагчид л өвгөнтийнхний хувьд “Тэнэгэрийн ариун элч” нар гэсэн үг. Өвгөнтийнхөн шагчдын үгнээс гарахгүй үнэнч хүмүүс, ууж согтуурчхаад ч гэсэн тэдний өмнө хонь шиг байдаг болохоор тэдний дусал нулимас юу ч үгүйлэхгүй хоосон байдаг. Дээр үеийн архичид аргагүй л хүний сайн, архины чанартайд туйлсан тэмээ шиг байдаг байждээ. Өвгөнтийнхөн бидний дунд үргэлж бэлтгэгдэж байдаг болохоор маргааш магадгүй хэн нь ч хамгийн сүүлчийн сэтгэл зүрхээ Мефистофельд хороор худалдаж уух вии гэж байнга бодож байх хэрэгтэй. Би одоогоор сайн архийг сайн нөхөдтэй нийлж уухыг хүсдэг болохоор архичин биш байх гэх боловч энэ нь хэмжээнээсээ ихэдвэл яах бол??? Энэ хор миний Монголоос холуур байгаасай.Өвгөнтийнхөн маань хаяаагаа нийлэн үргэлжлэх наймаачид, цайны газрыг НОХОД-той хамт царайчлан амьдардаг. Тэднийг өдөр бүр захаас хөөх боловч бид зугатааж чадахгүй шүү дээ.Наймаачид, Захын ажилчид энэ захын хамгийн ажилсаг мөртлөө ширүүн давалгайт тэнгист сэлүүрээ гээсэн “азгүй” завьчид шиг хэцүү амьдралтай хүмүүс. Тэд хаяаа нийлэх өвгөнтийнхөн шиг болохгүйн тулд бор зүрхээрээ явж байгаа ажилсаг хүмүүс. Тэдэнд ийм хувь заяааг Нийгэм нь өөрөө заагаад өгчээ. Энэ хүмүүсийн ихэнх нь манай МАСС-ыг тэжээж яваа “ЭХ”-чүүд. Тэд хэнээр ч заалгахгүй ажлаа эртлэн эхлэнэ. Өглөө эртлэн бараагаа зөөж байрлуулах, үнс муу усаа асгаж түлээ түлшээ бэлтгэх үед нь миний ажлын зам таардаг болхоор ажил нь хэрхэн өрнөхийг, цаашид ямар төлөвлөгөөтэй өчүүхэн ч үл мэднэ. Шоргоолж шиг бужигнан ажиллах тэдний дунд тэрэгчингүүд хамгийн их эрэлттэй байдаг. Хэн хэн нь тэрэгчингүйгээр ажлаа амжуулна гэдэг хэцүү мөртлөө бие биендээ дургүй. Тэгсэн атлаа бие биегүйгээрээ амьдарч чадахгүй. Энэ бүх хүмүүст нэг л том эрх чөлөө байдаг. Тэд хэнээс ч цалин авдаггүй ч цалинтай ажилчдаас илүү цаг нарыг сайн барьж, мөнгөний үнэ цэнийг мэдэрдэг “ажилсаг хүмүүс” юм.
             Түүний дараа миний ажлын зам гуанз, тэрэгчдийг хаяалсан нохой сүрэг, хогийн цэгийг дайран үргэлжилнэ. Замбараагүй олон юмс үзэгдэл цугласан газрын ноход нь хүртэл замбараагүй үржил явуулдаг бололтой. Жилийн 4 улирлын турш хөлөдж үхсэн, өмхийрч үхсэн замд байнга таарна. Тэдний нарын эволюци хаана хүрч ямар ч үр дүнд хүрж болох ч үл тоомсорлох хүмүүс өчүүхэн ч чөлөө завгүй хөдөлмөрлөнө. Юм хяналтаас гараад түүнийг буцаагаад хяналтандаа оруулах нь дайны хэмжээний гамшиг авчирдаг зүйл гэж генерал Маршалл дайнаас сургамж аваад хэлжээ. Нохойдоо хамт юм булаалдах хогчид зун нь хог түүж, өвөл нь нүүрс түүж цагийг өнгөрүүлнэ. Тэдний ихэнх нь өвгөд, эмгэд. Сүүлийн мөрөөдөл, найдлага болсон үр хүүхдүүд нь тэднийг ийм ажил хийлгэхэд хүргэсэн юм болов уу? Эсвэл хувь заяаны эрхээр шийтгэл эрт ирсэн хүмүүс юм болов уу? Энэ хүмүүсийн тухай мэдээллийн хэрэгслээр зөндөө л гарлаа. Харин үзэгчид нь ТВ-ын нэвтрүүлэгч, Нийгмийн өмнө биднийг хариуцаж байгаа хариуцлагатнуудаасаа ялгаагүй ханддаг болж дээ хөөрхий. Бидэн шиг ийм хөлдүү ширүүн нийгэм удалгүй өнгөрч Бурхан тэднийг хамгаалж, хайрлан диваажинд ясыг нь сэтгэлтэй нь хамт амраагаасай гэж би лав хүсдэг юм. 
           Хогийн цэгийг өнгөрөөгөөд Хар хорин зах дуусаж тэгээд би төмөр зам дээгүүр алхана. Төмөр зам гараад Монгол орны худалдаа, үйлдвэрийн нэг хэсэг намайг угтаж авна. Энэ дүүрэг үйлдвэрийн дүүрэг гэхээсээ илүү эмх замбараагүй аймшигтай том агуулах сав, нефтийн ёмкостууд юм. Тэнд би залуучууд голдуу шинэ үеийн ажилчин ангитай улирлын чанартай тааралдана. Зун таарах залуусын ихэнх нь хөдөөгөөс орж ирээд ажил сургуульгүй байснаас хужаа юмуу солонгос эзэнтэй жижиг үйлдвэрүүдэд 24 цагаар ажиллаад ээлжээс бууж буй ажилчин залуус оёдлын, зам асфальт, цемент зуурмагны, ноос угаах зэрэг үйлдвэрт цөөн хэдэн төгрөгний төлөө ажиллаж байгаа залуучууд юм. Өдрийн 2-3 ээлжээр хонож ажилласан улаан нүдтэй ядрангуй царайтай залуусын нүднээс баяр баясгаланг зөвхөн цалин буусан өдөр л харах боломжтой байж магадгүй. Ийм үйлдвэрийн эзэд нь хонинд зоолсон чонон аятай дураараа дээгүүр зантай харьцдаг, цалин бага болохоор өглөө бүр таарах залуучуудын тоо нь цөөрөхгүй ч хүн нь байнга солигдоно. Өвөл дээрх үйлдвэрүүд хаагдаж харуул хамгаалалтын ажилтан залуучууд тааралдах нь элбэг. Тэдний орыг шуудай түүсэн нүүрсчид залгамжлан авна.Ингээд би автобуснаас буугаад 10 ерөнцийн төрөл бүрийн өнгийг зэрэг харсаар “Монголчуудын ирээдүйн төлөө” гэсэн визионтой Монгол компанийн хаалгаар орж миний ажил эхэлдэг дээ.

PS: Манай нэг найз энэ нийтлэлийг уншаад зурагаар баримтжуулаад нийтлүүлбэл илүү сонирхолтой гэж байсан. Зураг харах шаардлагагүйгээр бид ийм нийгэм дунд амьдарч байгаа шүүдээ.  

Миний ажилдаа явдаг зам. \эхний хэсэг\

             Баяр бүрийг ойлгодог мэдрэмж хүн, үндэстэн угсаатан бүрт байдаг. Ямар нэг хүний онцгойлон үздэг баяр нь тэр хүний ертөнцийг үеэх үзэл, мэдрэмж хүсэл мөрөөдлийг илэрхийлж болдог байхаа гэж би боддог юм. 9 сарын 1 болоод ерөөсөө бидний баярдаа гэдэг дуу нас ахих тусам чихэнд сонсголонтой, догдлонгуй байх мэдрэмж нь жил ирэх тусам багасдаг ч аав, ээж, өвөө эмээгээсээ зуурчихсан догдлонгуй алхах хүүхдүүдтэй зөрөхдөө өнөөдөр миний хамгийн дуртай баяр болж байгаа юм байна шүү гэж мэдлээ.            
Урьд шөнө би 3 цаг болж байхад Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа. Онгоцноос буухад намайг Гаалийн ажилтантай  хамт 7 хоног түр орхисон ажлын ачаалал, нийгмийн стресс, бухимдал сэрүүн салхийг мэдрүүлж тоссон юмдаа. Ажлын ачааллаасаа зугатааж хаяа ч гэсэн 5 жил хоолыг нь хороож амьдарсан Солонгост ирэх бүрдээ ХӨГЖИЛ гэдэг үгийг мэдэрдэг юм. Хөгжил гэдэг бол хүн тодорхой хугацаанд UPDATE хийх шаардлагатай үйл явцыг хэлдэг байх гэж би боддог. 1 жилийн дараа бүү хэл хагас жил, 2 сар болоод очиход UPDATE биш UPGRADE хийхээс өөр аргагүй болдог энэ улсад ирэх бүрдээ миний “шар хөдөлдөг” юм. Би олон орноор явж байгаагүй ч энэ улсаар би ертөнцийг харахад хангалттай байдаг. Ирээд явах бүрдээ заавал энэ орноос нэг зүйлийг суралцаж энд ирээд хэрэгжүүлэх юмсан гэж боддог юм. Багагүй хугацааг Солонгост өнгөрүүлсэн болохоор энэ улсын муу зүйлийг нь өмнө нь илүү их харж байсан бол буцаж ирээд илүү сайн талыг нь хардаг нь соёлын шокын нэг болдог байх.
            Солонгост би “арбайтчин оюутан” гэж хэлүүлтлээ олон янзын ажил хийж байлаа. Гэхдээ надад хийх ажил нь сонин биш хийх ажилруугаа явдаг зам хамгийн содон сонин зүйл нь байсан. Одоо ч гэсэн тийм. Ажил хийхээрявахдаа ямар замаар, ямар сэтгэгдэлтэй алхах нь яваандаа илүү сонирхолтой болдог гэсэн үг шүү дээ. Миний хувьд байнга машинаар зөөлгүүлдэг дарга нар яагаад орчноосоо тасарчихдаг нь үүнтэй холбоотой байж болох юм. Ажлын зам хэдий чинээ олон юм бодогдуулж байна төдий чинээ ажилдээрээ хариуцлагатай байж ч болох юм. Энэ бол зүгээр л нэг энгийн зүйл... Миний өглөө бүр явдаг зам надад магадгүй та нарт ч сонирхолтой. Яагаад гэвэл та нар энэ замаар явахгүй болохоор мэдэхгүй, заримд хэлэхэд намайг дагаж яваад ч хэрэггүй байх шүү. Хэрэв явахыг хүсэж байвал анхааралтай уншаарай. 
           Хүн бүрт ажилдаа явдаг зам гэж байдаг. Тэр замаараа сэтгэл өөдрөг, эсвэл хүнд стресст орсон, зарим нь өнөөдөр юу болох болдоо гэж айсан, зарим нь догдолж баярласан зэрэг янз бүрийн сэтгэлтэй хүмүүстэй таардаг. Ажлын гол зорилго юу вэ? Авдаг цалин нь уу? эсвэл бүтээж туурвих хүсэл эрмэлзлэл үү? Энэ олон дүр төрх, хүсэл эрмэлзлэл, мөрөөдөл бүхнээс үл хамаардаг зүйл бол тэр хүний ажилдаа явдаг зам л байх. Би солонгост суралцаж байхдаа амралтынхаа 3 сард нь нэгэн компанид ажилласан юм. 3 сарын турш өглөө 6.15д гардаг, ажлын өглөө бүр 6.40д ирдэг 4-р шугамын метроны 5-ын 2т суугаад үргэлж хүнгүй хүлээдэг голын суудалдаа сууна. Тэгээд 12 буудал буюу 43 минут явах замдаа тааралддаг хэдэн хүмүүстэйгээ танил болж зарим өдөр аль нэг нь харагдахгүй үед харцаараа хайж мэнд усаа мэндэлцэнэ гээч. Энэ нь надад нэг л уйтгартай санагдавч бүгдээрээ л хийх ёстой ажлаа хийх нь хэнээс үл хамаарах эрх чөлөөт, шудрага нийгмийг байгуулах анхны зарчим энэ л юм байна гэсэн алтан дүрмийг ойлгуулсан юм.Харин Монголд... Би өөрийнхөө энэ ажилд яваад 2 жилийн болж байна. Гэрээсээ өглөө бүр тортмол 8.40д гарна. Хэзээ ирэх нь үл мэдэх олон чиглэлийн автобусанд тааралдсан нь сууна. Азтай үед суудалтай, азгүй үедээ ёстой жихэж өгнө дөө. Автобус бол автобус. Өвөл нь нүд харанхуйлж, хамар цоргих угаар утаа, хаана явж байгаа нь үл мэдэгдэх зузаан цантсан цонхтой автобус зундаа хөлс хирний үнэрээр солигдоно. Жилийн 4 улиралд хармаачдыг тэжээхээс айж хамаг юмаа хумиж явахгүй бол хохь чинь болно. Автобус дунджаар 10 минут болоод Хар-хорин зах дээр ирнэ. Энэ миний буух буудал. Ирсэн автобусад 10 минут суугаад буух нь том асуудал биш юмаа. Автобусны буудлаас зам гараад Хар-хорин захаар нэвт гарна. Өчигдөр ажил тараад явахад хөглөрч байсан хог алга болж цэмцийсэн гудамжаар өглөө эрт манай үеийн “чимээгүй баатрууд” яваад өнгөрчээ. Тэр замд тааралдсан хамгийн эхний “найз нар маань” алт, монетны ченж хүмүүс. Тэдний хувцаслалт, нүүр царай нэг л хэвийн. Өглөө бүр нойроо харамлаж босдог аятай бүлцгэр улаан нүдтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс хажуугаараа өнгөрөх хүн бүрийг нүдээрээ нэвт шувт нэгжиж харна. Энэ “шалгалтнаас” мултарч чадах хүн нэг ч байхгүй. Хамгийн гол ажлын ачааллын үе нь ӨГЛӨӨ байдаг болохоор тэд захын үүдийг хамгийн түрүүнд сахиж олон янзын үнэр шингэсэн бараагаа нэг л “үнээр” авах ажлаа эхлэнэ. Мэдээж ӨГЛӨӨ юм чинь...

2009-01-18

HR PM-302 ТӨЛӨВЛӨГӨӨ

Хичээлийн зорилго:Байгууллага дахь ХНУ-ын бодлогын агуулгад тусгагдсан боловсон хүчнээ шилж сонгох, өндөр бүтээлтэй ажиллуулах, ажлыг нь үнэлж урамшуулах, сургах, давтан бэлтгэх асуудлуудын онол, арга зүйн мэдлэг олгоход оршино.
Оюутанд олгох мэдлэг:·         ХНУ-ын онол, арга зүйн мэдлэг.
·         Хүн төвтэй стратегийн мөн чанар.
·         Монголын нөхцөлд ажилтнуудыг шилж сонгож дүгнэх.
·         Хүнийг хөгжүүлэх, удирдах онол арга зүйн мэдлэг.
·         Монгол болон Олон улсын туршлагын талаархи мэдлэг.
·         Мэдээллийн технологийн хөгжлийн үе дэх ХНУ.
Чадвар:·         Хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөх чадвар.
·         Ажилтнуудыг шилж сонгох ур чадвар.
·         Ажлын байрны шинжилгээ хийх дадал.
·         Ажлын байрны тодорхойлолт гаргах чадвар.
·         Гүйцэтгэлийн үнэлгээ хийх чадвар.
·         Сургалт зохион байгуулах чадвар.
·         Байгууллагын хүн хүчний хөгжлийн төлөвлөгөө боловсруулах онол арга зүй.
·         Байгууллагын хүний нөөцийн асуудлыг эрхлэх анхан шатны чадвар.
·         Албан бичиг боловсруулах, төлөвлөх, Анкет, СҮ стандартын дагуу бичих.
Дадал:ХНУ-ын бодлогын хэрэгжилт, ажил албаны үйлчилгээг үнэлэх мэргэжлийн болон судалгааны ажилд бүтээлчээр ашиглах

Сурах бичиг:

Үндсэн сурах бичиг: 1.      Гомбо. Д. “Хүний нөөцийн менежмент”  УБ. 1998.
2.      Н. Нарантуяа “Хүний нөөцийн удирдлага” УБ. 2001.
3.      П. Эрдэнэзул “Хүний нөөцийн удирдлага”  УБ. 1999.
4.      Н. Цэнд, Я. Шуурав нар.   “Менежмент”  УБ. 2000.
5.      Nankerris A. Compton R. “Strategic Human Resource Management” Melbourne, 1996.
Нэмэлт материал:
  1. http://www.hss.edu.mn/history
  2. http://www.ifsw.org

Багшийн 70 оноо:

Ирц 5, идэвх 20, сорил  15, бие даалт 30 Бие даалтын 30 оноог цуврал эссе болон өгөгдсөн сэдвээр даалгавар хийнэ. Өөрийн болон хамтарсан БЛОГ нээж бие даалт хийж болно.
Бие даалт:БЛОГ болон ФОРУМ дээр онлайн бичлэг
7 хоног.

Сэдэв

Оноо

V-VIIIБизнесийн байгууллага дахь карьер6 оноо
IX- XIVМиний эрхэм зорилго.6 оноо
Оюутан Таны анхааралд:Хичээл таслахад харамсалтай санагдахуйц уур амьсгалыг бүгдээрээ хамтран бий болгоно.

“K.РМ-302 ” 

Долоо хоногСар өдөрЗаах хичээлийн сэдэвАшиглах ном зохиол

I

09.01.26УДИРТГАЛ: Менежмент бол Хүн төрөлхтний шинэ үеийн хөгжил. Либериалчлал. Хүний хөгжил.[2]  3-15
II09.02.02Хүний нөөцийн удирдлагын үндсэн ойлголтууд, байгууллага дахь ХНМ-ийн үүрэг, ач холбогдол.[4] 12-22
III09.02.09Хүний нөөцийн төлөвлөлт \Байгууллагын хүний нөөцийн төлөвлөлтийн аргууд\[4] 12-25
IV09.02.16Хүний нөөцийн төлөвлөлт
V09.02.23Ажлын байрны шинжилгээ, тодорхойлолт. Түүнийг хийх судалгааны аргууд.[2] 45-56
VI09.03.02Ажлын үнэлгээ ба урамшуулал.[4] 77-81
VII09.03.09Байгууллагын цалин тогтоолт.[2] 81-88
VIII09.03.16Хүний нөөцийн Сургалт ба Хөгжил.[4] 44-56
IX09.03.23Албан тушаалын өсөлтийг төлөвлөх буюу Карьерын төлөвлөлт   [5]  56-75
X09.04.30Хүний нөөцийн идэвхжүүлэлт, Идэвхжүүлэлтийн онол, Ажлын байран дахь хүний нөөцийн идэвхжүүлэлтийн төрөл[2] 110-115
XI09.04.06Тусгай лекц[3] 120-129
XII09.04.13Тусгай лекц[4]  110-120
XIII09.04.20Байгууллага ба өөрчлөлт.  Өөрчлөлтөнд хандах хандлага, өөрчлөлтийг хэрэгжүүлэх арга зам.[2] 56-69
XIV09.04.27ХНМ-ын мэдээллийн систем. Мэдээллийн технологийн хөгжлийг ХН-д ашиглаж байгаа нь.[3] 66-75
XV09.05.04Brand value & BRIC’s, Франчайз систем. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн хандлага.[4] 85-94
XVI09.05.11Монгол улсын нийгэм, эдийн засгийн нөөц боломж, шннэ боломж байдлууд.
 СЕМИНАРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ 
Долоо хоногСар өдөрХичээлийн сэдэвАшиглах ном зохиол

I

09.01.29.Удиртгал семинар. Менежмент, Хүний нөөцийн хичээлээр судлах зүйл.[2]  3-15
II09.02.05Байгууллага, Түүний төрөл хэлбэрүүд.[4] 12-22
III09.02.12Байгууллагын Эрхэм зорилго, Үнэт зүйл, Давуу тал. Түүнийш боловсруулах арга зам.[4] 12-25
IV09.02.19 BUSINESS MANNERS. Монголд бизнес эрхлэх боломж, нөхцөл байдал. Хүний нөөцийн давуу тал, сул тал.[2] 22-25
V09.02.26Эссе бичлэг:[2] 45-56
VI09.03.05Эссе бичлэг:[4] 77-81
VII09.03.12Эссе бичлэг: [2] 81-88
VIII09.03.19Практик ярилцлага: Бизнесийн байгууллага – дадал туршлага 2008 оны төгсөгчид ярьж байна.[4] 44-56
IX09.03.26Практик ярилцлага: Төрийн байгууллага – дадал туршлага 2008 оны төгсөгчид ярьж байна.[5]  56-75
X09.04.02Outsourcing in MONGOLIA[2] 110-115
XI09.04.09 Байгууллагын удирдлага, Хамт олныг удирдах чадвар.[3] 120-129
XII09.04.16Байгууллагын оношлогоо: Дасгал ажил[4]  110-120
XIII09.04.23Фокус бүлгээр ажиллах кейс дасгал.[2] 56-69