2010-04-29

АЖИЛДАА ЯВАХ ЗАМД

            Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? Хаврын нарлаг, намуухан сайхан өглөө. Машин тэрэгний дуу чимээг болжморын жиргээ, сэвэлзүүр зөөлөн салхи давж гарахаа болиод уджээ. Өглөө гардаг цагаасаа арай эрт гэрээс гараад алхаж байхдаа хурдхан ажил дээрээ очоод өнөөдөр өглөөний тухай ямар нэг юм бичихгүй бол болохгүй юм шиг санагдлаа. УБ-чууд ийм дулаахан өглөөг их удаан хүлээсэн шүү. 2010 оны хаврын хамгийн анхны нарлаг сайхан өглөө өнөөдөр болсон учраас тэр байх. Олон жилийн өмнө Жежу арал явж ирээд өөрт төрсөн сайхан мэдрэмжээ алга болохоос нь өмнө хурдхан бичиж үлдээмээр санагдсан шиг өнөөдөр би ажилруугаа сэтгэл тайван мөртлөө, хурдан алхаж замд тааралдах танил зүйлүүдээ эргэцүүлэн бодож алхлаа. Ажлаас гэр хүртэл таксидвал 5 км буюу 2500гардаг, Автобусаар явбал 300₮-өөр 20-30 минут явдаг бол сайхан өдөр тайван алхвал 20 минут л зарцуулна. Сайхан орчин алхах сайхан болохоор УБ-д өглөө алхсан нь сайхан, бас аюулгүй.

Бага байхдаа өглөө хичээлдээ явахдаа байнга сонсдог байсан дууны гол баатруудын “Ургах нарны туяа шиг улаан бүч” зэрэг зарим нэг нь байхгүй болж “замын голоор алхдаг цагдаа ах” урьдын адил үүрэгт ажлаа хийсэн хэвээрээ. Харин энэ дуунд оруулаагүй ч өдий хүртэл үүрэгт ажлаа хийсээр байгаа ТҮК-ийнхэн өвлийн хүйтэнд ч, зуны халуунд ч ажилдаа явж байгаа Нийслэлийн иргэдийг цэвэрхэн гудамжаар угтана. Тэдний хийсэн ажлын үнэ цэнэ нь бидний ухамсараар ганцхан өдрийн дотор буцаад хэвэндээ орчихдог. Болдогсон бол гудамжны цэвэрлэгч нарын цалинг нилээд өндөр тогтоогоод, тэдний хөдөлмөрийн үнэ цэнийг нь ард иргэдэд ойлгуулах юмсан. Нийслэлийн нүүр царай хотын даргын царай зүс, байшин барилгаас илүү цагдаа, ТҮК-ийн болон үйлчилгээний ажилтнуудаас л илүү харагддаг байх шүү. Автобусны буудал дээр үйлчлүүлэгчдээ орилж дуудсан кондукторуудтай том, жижиг автобусууд ярайн зогсоно. Дулаан болохоор одоо би алхаж байнаа. Манай хотын тээврийн удирдлага “хүнд ажил хийж өгч байгаа” болохоор менежмент гэдэг зүйл тэдэнд хамаагүй бололтой. Микрогийн жолооч-кондуктор өдөртөө ашигтай ажиллаад байдаг бол том оврын автобусууд нь жихэлдсэн, түлхэлдсэн, хөдөлж ядсан байх төдийгүй зарим чиглэлд зорчигч маш цөөхөн, хий дэмий алдагдал хүлээж, замын түгжээ царайлж “улаан хэрүүлч”-ийн бай болно. “Үер” киноны Михайл, Болд өвгөн нар тээврийн улирдлагын мэргэжилтэн биш боловч үерийн усанд боогдсон цагааныг нь ч, улааныг нь ч өргөн Сэлэнгийн дээгүүр доогуур гаргаж чадаад байсан шиг манай хотын тээврийнхэн “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг хотын иргэдийн нийтийн тээвэр, замын түгжирлийг шийдвэрлэхэд амархан баймаар юм. Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй газрын тойрогийн радиус нь 3-5 км гэж тооцвол тэнд 4 зүг, 8 зовхисоос 1 сая хүн, 100.000-аад машинтайгаа шамбааралдаад бас л “улаан хэрүүлч”-дийг бухимдуулна. Харин автобусын тойргуудыг хагас болгон бүсчлээд, үйлчилгээний тарифыг хямдруулж, эргэлтийг богиносгож хүмүүсийг хөдөлгөөнийг зохицуулбал, мөн хотын ногоон бүс буюу машины хөдөлгөөнийг багасгасан бүс, shattle bus, дугуйн зам, дугуй тавьдаг газар зэргийг байгуулбал болмоор л байгаа юм даа. 3-5хан км замд томоос том, үнэтэйгээс үнэтэй машинд ганцаараа юмуу хоёроороо бөглөрчихсөн, гэдэс гүзээ гарсан болон гарч байгаа нөхдүүд алхаад юмуу, дугуй унаад ажлаа амжуулах боломжийг хүсвэл ямарч зоригтой хотын дарга хийж чадна. Хүний эрүүл мэнд, хэвийн жиниэй нь шууд хамааралтай шүү дээ. Энэ бол хэлэхэд ч амархан, хэрэжүүлъе гэвэл хийхэд ч амархан ажил шүү.
“Хороололын энэ олон дэлгүүрүүдийн альнаар нь орох уу? Таминээ”  болж дээ. Ямар олон, бас замбараагүй гээч. Тэднийг түрээслэгчид нь ёстой цулайсан хүмүүс л байдаг байх. Гэхдээ нүүрээ угаасан халтайсан хүүхэд шиг хаягтай, ямар ч ёс зүй, өнгө  будагийн хослол байхгүй хаяг, зураг өлгөчихсөн байна. “Донж” төвийн Төгөлдөр хэдэн популистуудынхаа тархины түгжрэлийг мултлахаас илүү энэ түрээслүүлэгчдийг стиль имэйжиндээ оруулж чадвал хорооллын өнгө сайжрах болов уу? Стиль тодорхойлогч төвүүд ийм ажил хийхэд зах зээл нь бэлэн байгаа төдийгүй дүүргийн дарга нар арай илүү нийгмийн хариуцлага, өнгө үзэмж бүхий шинэлэг тендер, журамаар мөнгө босгох соёлтой боломж бүрдэнэ л гэсэн үг.
Хорооллоор өнгөрөөд Гандангаар орно. Бурханы орон Гандан – зовсон хүн аврал ирдэг, УБ хотын маань хамгийн ариун нандин газар. Монголын ард түмний тусгаар тогтнолын бэлэгдэл Мэгжид Жанрайсэг бурхан энд байдаг. Олон зуун лам хуврага, сүсэгтэн олон, олз ашиг хайгчид, аянчин жуулчид энэ хашаандаа цугларч бурханд өөрийгөө даатгадаг газар орон. Олон хүний жаргал зовлонг хуваалцдаг энэ хашаа, шашин сэргэн мандаж хэдэн дацан шинээр баригдсныг эс тооцвол цагийн ороо бусгаа үед бараг өөрчлөгдөөгүй билээ. Гандангийн хашаагаар гарах бүрдээ өнгөрсөн зун 50-аад насны нэг авгай цементээ өөрөө зуураад, шавардлага хийж байсан босгон дээгүүр гардаг юм. Хурал номдоо яаарсан, олон залуу лам нар тэр авгайн ажлыг анзаарах ч үгүй  шатан дээгүүр цагтай уралдан гүйсээр байсан даа. Буян санаж хийсэн тэр эмэгтэйн шат олон бурханы хуврага, сүсэгтнүүдийг бурханд даатгах гишгүүр болсон хэвээрээ л байна. Гандангийн хашаанаас гарангуут миний багшийн хашаа харагдана. Ардчилал гарахаас өмнө Бурханы номыг нууцаар үзэж тэр хашаанд Чогчин уншлага цээжилж байлаа. Багшийн хашааны урд талын гудамжинд “манай багшийн багшаа, манлай Ленин багшаа” гэдэг шиг Багшийн Багшийн хашаа байдаг. “Гарьд Магнай” зэрэг олон киноны зураг авдаг байсан энэ хашааны хуучны шуурганууд нь, томоо дааман хаалга нь өмрөн унаж хятад банзаар нөхөгдөн хадагдсаар хуучны өнгө төрхөө алджээ. Харин нилээн дээр үед тарьсан ганц хар мод нь хэвээрээ байна. Энэ хашаанд 1990-ээд оны үед шинэ цагийн Равжаа ламтай танилцаж хамт Чогчин уншдаг байж билээ. Тэр залуу Бурханы номонд шальтай суралцаж чадаагүй ч тухайн цаг үедээ үнэн үгтэй, сайхан аялгуутай хэд хэдэн дуу зохиосон нь одоо ч амьд хэвээрээ байна. Равжаагийн “...Хэрвээ бурхан чамайг дуудахын бол, Хичнээн залуу байсан ч хамаагүй...” гэсэн үгтэй дууг сонсоогүй, дуулдаггүй 1990-ээд оныхон байхгүй байхаа. Багшийн Багш гээд үнэхээр аугаа лам байсан. Бурхантай хамгийн ойрхон байсан тэр хөгшний нирван дүрийг үзүүлсэн, болон түүнийг хайлуулсан хөгшчүүлийн яриа гээд багшийн хашаанд өрнөсөн үйл явдлууд миний хувьд “хорвоотой танилцсан” түүхийн нэгээхэн хэсэг байсан юм. “Будда, Аллах, Ертөнцийн эзээн, ингэхэд та нар тэнгэрт хэдүүлээ байдаг юм бэ?” гэдэг шиг бурхан бидэнд хол юм шиг мөртлөө хамгийн ойрхон байж чадах оюун ухаан юмуу даа. За за өглөө гүн ухаан бодох хэцүү шүү. Багштайгаа нэг уулзах юмсан. Даан ч би Царцаа намжил юм даа...
Гандангийн дэнжийг уруудахаар. Бурхан – Буяны орныг тойроод буртаг хир, тоос шороотой “бузрын орон” үргэлжилнэ. Бузарын орныг адгуус, чөтгөр бус буян санасан хүмүүс л өөрсдөө бий болгожээ. Ногоон нуур, Дэнжийн 1000-ын үнс, муу ус, жорлон Гандангийн зүүн эргээр урсана. УБ-ын хамгийн том аялал жуулчлалын бүс байх ёстой энэ газрыг УБ хотын төв дэх Slumdog буюу гэр хороолол \Ядуусын хороолол гэх нь хаашаа юм\ болгожээ. 20-оод жилийн өмнө Занабазар гэгээнтэнгийн гудамж болгон Япончуудаар Сакура тариулж байснаа залхуураад уулнаас ургаа том моднууд сугалж авчираад суулгасан байна. Ургаасай билээ дээ...
Гандангийн дэнжээс унаган нутаг Бага тойрог маань харагдана. Бага байхад эндээс бага тойрог яаасан жоохон юм гэмээр боловч цэгцтэй , цэмцгэр харагддаг байсан чинь одоо бас л шамбааралдсан амбаарууд шиг байшин энд тэнд босжээ. Миний муу нийслэл хот минь, чамайг ямар хүмүүс удирдаж байв даа хөөрхий минь...  Сэтгэл хөдлөсөндөө би нэг зүйлийг хэлье. Бакула Ринбуучи хувилгааны Бүтэб хийдийг хоосон тал байхад нь би багадаа энд томоо сүм байна гэж 2 удаа зүүдэлж байсийм. Хувилгаан гээгүй шүү. Түүний ард мах, сүү, талх, сүүлдээ картны барааны очерт Чапаев шиг л дайрдаг ХИД-1 хэвээрээ байна. Ж. Батмөнх гуайг сэтгэлээр унаж нас баруулахад хүргэсэн талхны очерт үрэгдсэн “зорилго нэгт анд биш ч өрсөлдөгч тэр жаал хүү” ХИД-1 дээр нас барсан юм. Тэр өдөр би “тулалдаанд ороогүй” хичээлтэй байсан юм шүү ойлгоорой. ХИД-ээс өмнө зүгт “Янгир” ресторанд квас ууж, шар дэлгүүрээр орж луухайнуудаас ногоо авдаг байлаа. Лагерийн болон Захын автобусанд суухын төлөө урт, богинын зайн нийтийн гүйлтийг Бөмбөгөр хэмээх энэ 4 хөл бөмбөгийнх шиг том талбайд хийдэг байсан нь тэртээ 20 жилийн өмнө билээ. Энэ том талбай захаасаа хэмлэгдсээр ажлын газараа зааж өгдөг “шатсан бөмбөгөр”-ийн хоосон талбай газарын наймаачдын тохиролцоог хүлээн 2 жил онгойсон хоосон талбай болжээ. Нийгмийн хувьсгалууд энэ талбайн ойролцоох Эрх чөлөө, Сүх жанжины талбайд хийгдэж үр дүн, алдаа оноо нь энэ талбайд шууд мэдрэгдэж нэр нь хүртэл мартагдах шахаж байсан нь саяхан. Хуучнаар Яармаг худалдаа буюу Бөмбөгөрийн энэ орчим манай нийгмийн өөрчлөлт, мартагдагмал, мансуурал, эмзэглэл бүгдийг тээсэн хамгийн том “хашаалал” болжээ. Энэ талбайн урд манай ажил байна. Замд явсан бодлоо эргэцүүлсэн чинь эрх мэдэлгүй, мөнгөгүй хүний бодол байлаа. Аль аль нь байвал хийж чадах уу? Чаднаа чадий ш дээ...
Ажилдаа орж ирээд энэ тэр ажлын хажуугаар нь үүнийг бичиж байтал үд болжээ. Өглөөний сайхан агаар, намуун зөөлөн цаг агаар шороон шуургаар солигдоод, Шар дэлгүүрийн урдуур хөлхөх “залуучууд” нялх хүүхэд шиг тэнтэр тунтар алхах нь үдийн болсны дохио байлаа. Тэдний тоо цөөрөхгүй ихсээд л байна. Өнөөдөр хичээлгүй, маргааш харин Flash Mob болно. Бурханы авралаар бүх юм бүтээсэй.

2010-03-24

ШУТИС – МТ-ийн дэвшил

Сараар биш өдрөөр хөгжиж байгаа Мэдээллийн технологийн хөгжил өнөөдөр хүний хяналтаас бараг гарч бидэнд маш олон боломж, нөхцлийг атгуулахын хамт биднээс бас хариуцлага, шинэ ёс зүй, харилцааны шинэ хэлбэрүүдийг шаардаж байна. Үүний нэг жишээ бол ШУТИС-ийн Монголын түүхийн багш нь сургуулийнхаа Мэдээллийн Технологийн бодлого, хөгжилд нь сэтгэл дундуур байдгаа өөрийнхөө кибер орон зайд мэргэжлийн хүний нүдээр биш хэрэглэгч хүний нүдээр чөлөөтэй шүүмжилж байгаа явдал юм.
ШУТИС бусад их дээд сургуулийг бодвол МТ-ийн хөгжлөөрөө харьцангуй дэвшилттэй байгаа боловч нөхцөл байдлаа бодитоор ашиглаж чадахгүй байгаа байдал нь зарим талаараа хоцрогдоход хүргэж байгаа санагддаг юм. МТ хамгийн цэгцтэй хөгжиж буй шалгуур бол сайн мэдээллийн бааз, түүнийг нь зөвшөөрөгдсөн олон нийт нээлттэй ашиглах боломж, On line Community олон хэлбэр болохыг дэлхийн жишигт хүрсэн олон сургуулийн веб сайтнаас нь харж болно. Сургууль маань шинэ номын сангийн барилгатай болсон нь надад бичил “Цахиурын хөндий” болж төсөөлөгддөг. Номын сангаа багш, оюутан, судлаачид яаж ашиглах вэ? Их сургуулийн Номын сан ямар байх ёстой тийм стандартанд материаллаг талаас нь ойртуулахыг хичээж байгаа боловч үйлчилгээ, технологи талаас нь хэрэгжүүлэх хэдэн хэдэн зүйл байна. Нэг багш орчин үеийн Их сургуулийн хөгжлийг дараах байдлаар загварчилж тайлбарлажээ.
 University's image--- Professores and Teachers . NOT Students
University’s image maker - MANAGERS of  University
University’s control--- president (Vice) of University. Өөрөөр хэлбэл сайн сургууль болохын тулд эхлээд сайн багш нарыг бэлтгэж сайн орчин, сайн ном материалаар хангах нөхцлийг Номын санд бүрдүүлж өгөх нь чухал байдаг юм байна.
Миний сурч байсан Данкоок Их сургуулийн номын сангийн тухай жижигхэн зүйл бичъе. ШУТИС-ийн номын санд орчин үеийн номын санд байх бүх зүйл байгаа, уншиж чадаж байвал ямар л бол ямар ном байна гэдэг. Гэтэл Номын санд сан хөмрөгөөсөө илүү үзүүлж байгаа үйлчилгээний хурд, чанар, төрөл нь чухал байдаг болжээ. Их сургуулийн номын үйлчилгээний хамгийн чухал хэсэг нь Е-номын сан, Диплом, диссартацийн үйлчилгээ байдаг. Данкоок их сургуулийн Е-номын уншлагын танхимын бүх компьютер 1 том сервертэй холбоотой, тусгай программаар холбогдож өөрийн хэрэгтэй ямарч ном, сэтгүүлийг COPY-дож авахгүйгээр PDF хэлбэрээр уншиж болдог. Энэ бааз нь шинэ ном, сэтгүүл гарах тутам UPDATE хийж өөрийн сангаа баяжуулж байдаг бөгөөд тодорхой мэргэжил, Community-гуудаар uploading хийлгэж өдөр тутам гарч байдаг том том сэтгүүлүүдтэй болдог. Парламентийн номын сантайгаа ч гэсэн On line холбоотой. Ийм үйлчилгээ заримдаа оюуны өмчийн хулгай юм шиг санагддаг боловч үйлчлүүлж байгаа ямарч түвшингийн уншигч нарт өндөр хурдаар цаг алдалгүй шинэ мэдээлэл авдагаараа давуу тал их байна гэж санагдсан. Е-Номын сангийн үйлчилгээ энэ хэлбэрээрээ зохиогчийн эрхэнд халдаж, оюуны өмчийн хулгай хийдэг мэт санагдаж буй боловч Е-номын сангийн ихэнх сэтгүүлүүд Их сургууль, Профессор хоорондын солилцоогоор явагддаг болохоор сөрөг зүйл байдаггүй, харин ч оюутан, залуу багш нар, судлаач эрдэмтэд нарт маш олон боломж олгодог төдийгүй тэдний бүтээл, номыг хамгаалах хэрэм цайз болдог. {mosimage}
            Монголын нөхцөлд оюуны өмчийн хулгайг Мастер, Бакалаврын дипломын ажлууд дээр ярих ямарч боломжгүй болжээ. Бакалаврын дипломын ажил гэдэг ойлголт угаасаа байдаггүй манай сургууль бакалавруудаа Профессорын багийн хэмжээнд нь Papper, Төсөлт ажил хийлгүүлж байх тогтолцоонд шилжих хэрэгтэй байна. Мастерт эрдэм шинжилгээний бие даасан ажил, диплом бичүүлдэг тогтолцоог хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Жил бүр гардаг диплом, диссартацийг Электрон файл болон хэвлэмэл эхээр нь сан хөмрөгтөө хадгалах, нийтдэд үйлчлэх үүргийг Их сургуулийн номын сан өөртөө хүлээж байдаг. Энэ үүргээрээ Их сургуулийн номын сан өөрийн сургуулийнхаа оюуны өмчийн хамгаалагч болж байх ёстой.
ШУТИС-ийн МТ-ийн хөгжлийн өөр нэг дутагдал нь олон нийтийн хэрэглээний веб нь үзэл бодлоо солилцох, мэдээлэл дамжуулах болон түгээх талбар биш, Цахим засаглалыг тогтвортой хэрэгжүүлэх ямар нэг шийдэл байхгүй олон жил хэвээрээ байгаа явдал юм. Багш нарын цахим шуудан шинэчлэгдэж ямарч байсан Виа-Грагийн сурталчилгааны захидалд дарагдахаа больсон ч цахим шуудангийн үзүүлэлт нь нийтийн шуудангаас бүдүүлэг хэвээрээ л байна. Багш нарын веб, блог, on line сургалт зэргийг мэргэжил, санхүүгийн талаас дэмжих удаан хугацааны бодлого алга байна, товчхондоо бид МТ-ийн хөгжлөөр “шавь нар”-аасаа хэд дахин хоцрогдсон байна. Алга болчих гээд байгаа Багш нарын Хамт олонч харилцааг БаНЗ нь урлагийн үзлэг, спорт тэмцээний хүчээр сэргээх гэж оролдож байна. Үүнд сайн тал олон байгаа боловч зарим нэг талаар эмгэнэлт, инээдмийн байдалтай ч юм шиг санагддаг. Үүний оронд багш нарын сонирхолын бүлэг, клубын системыг захиргаанаас зориуд дэмжиж зохион байгуулбал арай илүү сонирхолтой шийдлүүд гарч магадгүй шүү. Багш нарын хэдэн хувь нь блогтой болоо? Ахмад багш Сүхбаатар багшийн блогт орж үзсэн хүмүүс хэд байдаг бол?
Өнөөдөр дэлхий дахинд Networking Communication гэдэг шинэ харилцаа бий болж хүмүүс сонирхол, мэдээлэлдээ хөтлөгдөн олон зүйлийг шинээр санаачилж хийх, бүтээн босгох болжээ. Монголд ийм хэлбэрийн анхны ажил бол http://www.biznetwork.mn/ байлаа. Манай сургуульд хамгийн том  Community үүсгэж, тэрч бүү хэл “мөнгө босгох” олон боломжууд байна. Үе үеийн төгсөгчид, гадаадад суралцаж, ажиллаж байгаа багш ажилтан, оюутан залуучууд, нэг ангийн хамт олныг нэгтгэсэн Networking Communication хэлбэрийн веб ШУТИС-ийн веб байх шаардлага ирээдүйд тавигдах болно. Хэрэв энэ янзаараа байвал ЗГ-аас хэрэгжүүлэх “Цахиурын хөндий” хөгжлийн хөтөлбөрийг улсад ганц том сургууль нь унтрааж магадгүй.
Эцэст нь дүгнэж хэлэхэд манай сургуулийн МТ-ийн бодлого нь энгийн хэрэглэгч болсон түүхийн багшаар шүүмжлүүлэх хэмжээнд арчаагүй байгаа нь МТ-ийн ажилтнуудынх нь буруу биш энэ бодлогыг авч явах ДАРГА нарын буруу байхаа. Сургууль руу орох хаалгаа автоматжуулснаар МТ-ийн хувьсгал гарахгүй, 1 оюутанд оногдох РС-ны тооноос ч энэ хамаарахгүй, сайн мэргэжилтэн, багшаа яаж хадгалах үү? Мэдээллийн бааз байгуулж, түүнийг яаж зөв ашиглах уу гэдэг нь илүү чухал болов уу. Бүүр ядаж КтМС автомат төмөр хаалтны оронд урд зам дээрээ хурд хасагч хийлгэх нь арай л зөв бодлого байх болов уу?

2010-03-09

Индиго хүүхдүүд

Зүйрлэж хэлбэл бидний сансарын хөлөг болсон эх дэлхийн тэнцвэртэй олон зүйлүүд алдагдаж, байгалийн нөөц шавхагдаж байна. Үүнийг дэлхий ертөнцийн төгсгөл, сүйрэл гэж зарим нь дүгнэж байхад зарим нь байгаль дэлхийгээ аврах, шинэ гарц эрэлхийлж байна. Нийгмийн болон Шинжлэх ухаан, Техник технологийн хөгжил дэвшил нь хүмүүсийг нэг хэв загварт оруулж бараг бүх зүйл дээр “загварчлал” гэдэг томъёолол ноёрхох болжээ. Шинжлэх ухааны судалгаанд математик загварчлал, нийгэм – эдийн засгийн хөгжлийн загварчлал, техник технологийн стандартууд, хууль – ёс зүйн кодекс гэх мэтээр хүний амьдрал бүгд тоон хэлээр загварчлалд оржээ. Өөрөөр хэлбэл орчин үеийн техник технологийн эрин нь хөгжлийн өнөөгийн шатанд “хүний эрхтний үргэлжлэл байхаа хэдийнээ больж хүн нь Техникийг хийж Технологийг бүтээх бус техник өөрөө өөрийгөө хүнээр хийлгэж” орчин үеийн соёл иргэншлийн шинэ загварчлалуудыг бүтээжээ. Ингэснээр хүний бодгаль, бие даасан чанар зарим тохиолдолд бүрэн техникжиж хүмүүс бие биенээсээ хамаарсан олон төрлийн COMMUNITY хэлбэрийн загваруудад хуваагдаж байна. Яагаад гэвэл хувь хүн бие дааж өөрт тулгарсан асуудлуудыг даван туулах чадвар улам бүр хомсдож эрсдэлд өөрийгөө өртүүлэх нь амархан болжээ. Тухайлбал, эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүн өдөрт 16 цагийн турш дунджаар 50.000 бодлууд бодож 1200 орчим том жижиг шийдвэр гаргадаг байна. {mosimage}
Дэлхийг бүрхсэн 4 дэх мандал буюу НООСФЕР-ын тухай онолыг үндэслэгч эрдэмтэн В. И. Вернадский болон түүнийг дэмжигчид хүн төрөлхтний хөгжлийн хандлагыг тэдний эзэмшсэн техник буюу хөдөлмөрийн багаж зэвсэг, материаллаг баялагаар нь бус байгаль дэлхийгээс хэрхэн энерги авч бусдад өгч байгаагаар нь тодорхойлдог. Дэлхийг бүхэлд нь бүрхсэн гэрлийн мандал бол НООСФЕР юм. Хүн төрөлхтөн гоо сайхан, ёс зүй, урлаг уран сайхны хамгийн сайхан, гайхамшигтай бүтээлүүдээ энэ мандлаас авч, хамтран бүтээж байжээ. Европын Ренесанс, материалист уран зохиолууд, сонгодог урдаг, дорно дахины ёс зүй, шашны сургааль, соёл иргэншлүүдийн хөгжлийн оргил үеийг НООСФЕР-тай холбож тайлбарлаж болно. Орчин үеийн техник технологи хөгжихийн хирээр хүн төрөлхтний оюун ухаан доройтож оюун ухааны бүтээл гэхээсээ илүү техник технологийн бүтээлүүд бий болж зарим тохиолдолд хүний оюун ухаан нь техникийн бүтээлүүдийн хавсрага болж байна. Өөрөөр хэлбэл хүн техникийг хийх бус техник өөрөө өөрийгөө хүнээр хийлгэж төгс төгөлдөр болж хөгжинө гэсэн Философийн үзэл биелэлээ олж хүн төрөлхтөн бодлоготой алхам хийхгүй бол өөрсдийгөө мөхөөх тэцвэргүй байдлыг газар бүрт бий болгожээ. Цацраг идэвхжлийн хэмжээ, агаар хөрсний бохирдол, цөлжилт, дэлхийн дулаарал бидний хяналтаас нэгэнт гарчээ. Хөгжлийн энэ зүй тогтлын төгсгөл нь байгаль дэлхийн тэнцвэр алдагдал, эсвэл нэгэн үнэт зүйлийн төгсгөл\магадгүй 2012 он\ болох нь тодорхой болжээ. Оршин тогтнох чадвар, нөөц боломж өдрөөс өдөрт алдаж байгаа манай гаригийн энэ цаг үеийн захиалгаар оюуны асар өндөр чадавхтай шинэ соёл иргэншлийг бүтээлцэх Индиго хүмүүс төрөх тухай таамаглалыг олон судлаачид дэвшүүлж байна.
Индиго хүүхдүүд гэж хэн бэ? Манай гаригийг мөхлийн аюулаас индиго нар л аврах болно гэсэн яриа сүүлийн үед их таржээ.  Энэ нэр томьёог америкийн судлаач Нэнси Энн Тэпп, сурган хүмүүжүүлэгч Ли Кэрролл тус тусдаа өөрсдийн судалгаандаа тулгуурлан анх 1982 онд гаргаж иржээ. Индигочууд бол гэрлийн бүрхүүлээрээ ялгагдана. Тэднээс жирийн хүүхдийнхтэй адил ногоон шар туяа гэрэлтдэггүй нил цэцгийн өнгөтэй төстэй ягаавтар болон хөх туяа индиго нараас туяардаг байна. Индиго нарын энергийн аура хэмжээ, өнгө гэрэлтүүлэх илч нь ч сонин. Тэднийг бид хир багаас нь танин мэдэж чадна тэр хэмжээгээр Индигочуудыг илүү сайн ашиглаж чадна. Индигочуудад олон сайн чанар байна. Индиго нарын ургуулан бодох, дүрслэн илэрхийлэх чадвар нь бусдаас илүү хөгжсөн. Тэдэнд бусдыг эмчлэх чадвар байдаг. Тэд бас урьд насныхаа амьдралыг мэдэрч чаддаг. Индиго хүүхдүүд ирээдүйд болох явдлыг урьдчилан харж чаддагаас гадна өөрийн сонгосон зүйлдээ гайхалтай амжилт гаргадаг. 1990-ээд оноос хойш төрсөн хүүхдүүдийн ихэнх нь Индигочууд байх тул хүүхдүүдээ маш сайн ажиглаж бай гэх мэтчилэн хөх шараар гэрэлтэх хүүхдүүдийн тухай маш их шуугих болжээ. Зарим нь Индигочуудын дотоод эрхтэн, ДНХ-ийн тухай тусгайлан судлаж бүр хүн төрөлхтний шинэ төрөл хэмээн ирээдүйн хүмүүсийг бас л загварчлаад гаргачихсан байна. Гэтэл орчин үеийн өндөр хөгжсөн техник технологийн хөгжил хүн төрөлхтний оюун ухааныг доройтуулснаас оюун ухааны бие даасан шинж чанараа хадгалж байгаа хүүхдүүдээ индиго гэж нэрлээд байгаам бишүү. Хүүхэд бүхэн багадаа индиго төрөлх шинжтэй байж байгаад өсөж том болж иргэншихийн хирээр индиго хэв шинжээ алдаж байна. Орчин үеийн хүний нийгэмших үйл явц нь байгалийн төрөлх чанараас хол зохиомол орчинд нэгдмэл хэв загварыг тулган явагдаж байгаатай үүнийг холбон тайлбарлаж болно.{mosimage}
Ноосфер – Этногенезийн онолоор хүний эрчимт шинж чанар буюу Пассионер хэв шинжтэй хүмүүс нийгмийн шинэ хэрэгцээ, тулгамдсан асуудлаас гарах арга замыг эрэлхийлж идэвхтэйгээр амьдардаг хүмүүс бөгөөд тэдний нийтлэг хэрэгцээг гаргаж, нэгтгэж чадсан тохиолдолд түүхэн дэх том том эргэлтүүд болсон байдаг.  Эрчимт шинж чанар буюу Пассионер хүмүүс ихэссэн үед тухайн угсаатан дэлхийн түүхэнд тэсрэлт хийж аминч хүмүүс ихэнх хувь нь болоход нийгмийн хөгжил доройтож байсныг түүхэн баримтуудаар олныг нотолж болно. “Монголын Нууц Товчоо”-ны Тэмүүжин, түүний анд нарыг “Урт дурын хүмүүс” буюу эрчимт шинж чанартай хүмүүс гэж тодорхойлсон нь Индигочуудын бас нэг хэв шинж болов уу? гэж бодож байна. Тухайлбал, Тэмүүжин 8 шарга морио хайж явахдаа Боорчи андтай нөхөрлөсөн түүх болон итгэлт олон анд нараа магтан сайшаадаг магтаалууд нь хүний бодит хэрэгцээ, зан чанарыг олж харах, сайшаах мэдрэмж, стандарт бус сэтгэлгээ зэрэг олон санааг агуулсан жирийн бус үйл явдлууд “Монголын Нууц Товчоо”-нд олон байдаг.  
Бид хүнд байх ёстой шилдэг зан чанаруудыг ямар нэг мөхөл сүйрэл, эсвэл оноогдсон тавилантай холбон тайлбарлах нь дутагдалтай юм. Хүн төрөлхтний хөгжүүлсэн нийгэм, шинжлэх ухааны дэвшлүүд хүнийг стандарт бус, индиго хэв шинжтэй байхыг шаардаж байна. Бурхан нь хүнийг цорын ганц хувь, давтагдашгүйгээр дэлхий дээр бүтээдэг. Иймээс цорын ганц хүн та өөрийн гэсэн ертөнц, орон зайгаа бий болгож цааш хөгжих боломжийг нийгэм, хүрээлэн буй орчноосоо хайх шаардлагатай болдог. Энэ хайлтын нөхцлийг бүрдүүлсэн соёлын үнэт зүйл, боловсролын болон нийгмийн Community-г бий болохгүй бол бид Индигочуудыг ойлгох, тэднийг зөв зүйлд ашиглах боломж бүрдүүлэхгүй.
Хүн төрөлхтөн сөнөх гээд байгаа дэлхийгээ Индигочуудын хүчээр аврах гээд байгаа биш тэнцвэргүйжилтийн мухардалд орсон Эх дэлхийгээ өөрчлөх зөв арга замыг олж хайх стандарт бус сэтгэлгээ дутагдснаас Индиго хүүхдүүдэд найдаж байгаагаа ойлгох хэрэгтэй гэж бодож байна.

2010-03-01

Өнөөгийн соёл иргэншил мөхөх үү? – 2012 он

Хүмүүс 2012 он гэж айдаг болжээ. 2012 оны 12-р сарын 21-ний өдөр нарны аймгийн Санчир, Бархасвадь, Ангараг, Дэлхий гаригууд нэг шугаманд орж жагсана. Урд нь ийм тохиолдол олон гарч байсан ч энэ удаагийн тохиолдол нь зөвхөн нарны аймгийн ч биш оддын систем\Галактик\-ын одод төвөөсөө татсан радиус мэт нэг шугаманд жагсах юм байна. Мөн энэ өдөр манай нарны систем Сүүн зам буюу Тэнгэрийн заадсын төвийг дайран өнгөрч Маяачуудын тооллын дөрөвдүгээр ирнэ төгсөнө. Энэ нь цагийн зүү 12 дээр давхцаад шинэ өдөр эхэлдэг шиг шинэ эрин эхлэх тэмдэг гэсэн үг юм. Энэ бол 26000 жилд нэг удаа давтагдах гоц үзэгдэл гэж үздэг. Тиймээс Маяагийн төгсөшгүй хуанли буюу Месоамерикийн цаг тооллын бичиг дээрх сүүлийн өдөр 2012 оны арванхоёрдугаар сарын 21 байгаа нь зарим хүмүүсийг айлгаж байна. Гэхдээ хүн төрөлхтөн 26 төрлийн цаг тооны бичиг цаг хугацааны янз бүрийн үед эхлүүлсэн бөгөөд хамгийн эртнийх нь Еврейчүүдийн Hebrew он тоолол энэ жил 5771 онтойгоо золгож байна. {mosimage}
Энэ өдөр ямар ч байсан жирийн өдөр биш боловч чухам юу болохыг хэн ч хэлж чадахгүй байгаа бөгөөд сонирхогч, судлаачдын анхаарлыг татаж түүхэн хугацаа ойртох тусам бүр ч илүү энэ талаар яригдах болов. Эрин зууны зааг дээр гоц ухаантай хүүхдүүд төрж хүн төрөлхтөнд сайн сайхан амьдралын үндэсийг эргүүлэн авчирна гэж шашны номлолууд дээр тэмдэглэсэн байдаг. Тэднийг Индиго хүүхдүүд гэж нэрлэдэг бөгөөд өнөөдрийн соёл иргэншлийн хөгжил, даяарчлал нь ихэнх хүмүүсийг Индиго буюу өөрөөр сэтгэж, өөрөөр өөрийгөө илэрхийлэх сэтгэхүйг төрүүлдэг болсон нь сохирхолтой. Индигочуудын тухай дараагийн нийтлэлдээ бичих болно. Ингээд 2012 он дэлхийн төгсгөл үү? Сөнөж мөхнө гэдэг устаж үгүй болохыг хэлдэггүй юм байна. Дэлхийн түүхэнд одоо оршин байгаагаас илүү, маш олон Соёл иргэншлүүд мөхөж алга болсон ул мөр байдаг. Магадгүй бидний таамаглаж ярьдаг Атлантид, Лемурчуудад 2012 он шиг үйл явдал болсон юм болов уу?
Дэлхийд одоогоор тогтоогдоод байгаа анхны Аккадын соёл иргэншил Тигр, Евфрат мөрний дунд 4300 гаруй жилийн тэртээ байгуулагджээ. Сэргэн мандалтынхаа оргилд байсан Аккадын эзэнт гүрэн ердөө 100 жилийн дараа мөхжээ. Улс төрийн зөрчил Аккадын эзэнт гvрний мөхлийн шалтгаан байсан гэдэгт эрдэмтэд олон жилийн турш итгэлтэй байв. Харин дээрх хоёр мєрний ай савд судалгаа хийсэн цаг уур судлаачид болон археологичдын хамтарсан баг мөхлийн гэгдсэн тэрхүү үед тус бүс нутагт хур тунадасны хэмжээ огцом багассаныг тогтоосноор Аккадын эзэнт гүрэн мөхөхөд ган гачиг голлох үүрэг гүйцэтгэсэн гэж ихэнх эрдэмтэн үздэг болжээ. Үүнээс гадна Аккадчуудтай бараг нэгэн цагт оршиж байсан Египет, Андийн нурууны Титакака нуурын эртний соёл иргэншил түүний дараа 800-гаад жилийн дараа гарч алдарт Маяагийн соёл иргэншлүүд бүгд цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр хүн төрөлхтний түүхийн хуудаснаас арчигдсан тухай олон таамаг бараг батлагдаад байна.
{mosimage}Эртний соёл иргэншлийг мөхөөсөн цаг агаар, хур тунадасны өөрчлөлт нь аж үйлдвэржилт, нийгмийн хөгжлийн эринийг олон зуу, магадгvй мянган жилээр хойшлуулсан байна. Байгаль, дэлхийн хувьсал жилээс жилд нууцлаг, ээдрээтэй болж буй энэ үед хvний буруутай үйл ажиллагаанаас болж хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдэж буй нь хүн тєрєлхтний ирээдүйг улам тодорхойгүй болгожээ. Өөрөөр хэлбэл Хүн төрөлхтөн өөрсдийн сансарын хүлэг онгоцоо эвдэж цааш нисэх боломжоо алдаж, ирээдүйгээ өөдрөгөөр харах аргагүй болж байна гэсэн үг. Цаг агаарын өөрчлөлтийн ганцхан хүчин зүйл маш том асуудал бий болгож байна. Халуун дулаан агаарт усны уур болон хүлэмжийн хий их хэмжээгээр агуулагддаг. Уур амьсгал халуун болох тусам төдийчинээ их чийг агаар мандалд хуримтлагдана гэсэн үг. Энгийнээр тайлбарлавал агаар дахь чийгийн хэмжээ их байдаг бүс нутагт бороо ихсэж, хур тунадас багатай нутагт агаар дахь чийгийн хэмжээ багасна. Цаг уурчдын урьдчилсан загвар тооцоогоор ирэх зууны эхэнд туйл болон туйл орчмын бүс нутагт хур тунадасны хэмжээ хамгийн ихээр буурах бол халуун болон эрс тэс бүсийн дунд орших дулаан уур амьсгалтай бүс нутагт бороо хур татрах нь харьцангуй бага байх гэнэ. Нэг үгээр хуурай бүс илүү хуурай, чийглэг бүс илүү чийгтэй болох аюул нүүрлээд байна. Энэ нь цаг уурын өөрчлөлтийн нөлөөг хэдийнэ мэдэрч эхэлсэн дэлхий нийтийн хувьд хар дарсан зүүд юм. Тухайлбал, ердөө зуу хүрэхгүй жилийн дараа Европ, Газар дундын тэнгисийн сав газар, Мексик, АНУ-ын баруун өмнөд хэсэг, Канад, өмнөд Африк болон Австрапийн өмнөд хэсэг одоогийнхоос хэд дахин хуурайших гэнэ. Тариалан эрхэлж болох нийт газар нутгийн өчүүхэн хувьд усжуулалтын систем бий. Дэлхийн ядуусын ихэнх хувь оршин суудаг Африк, Азийн бүс нутаг байгаль орчны өөрчлөлтөд маш эмзэг, өртөмтгий болж түйрэн, агаар, хөрс, усны бохирдол, усны гачигдал зэрэг зэрэг учирч байна. Эрс тэс уур амьсгалтай газруудад ааш араншингаа хувиргасан цаг агаар ган зуд, үер усны байгалийн гамшиг дагуулах магадлал их болно. Дулаарлаас үүдсэн агаар дахь их хэмжээний чийг, хур тунадас гэнэт их хэмжээгээр унахдаа хатаж ангасан газарт их хэмжээний үерийн хохирол учруулах тохиолдол ихэснэ. 1996-2005 онуудад болсон үер усны гамшиг 1950-1980 оны хооронд буюу бүхэл бүтэн 30 жилийн хугацаанд тохиолдсон үер усны гамшгаас хоёр дахин их байсныг судлаачид тогтоожээ. Хур татрах нь бүс нутаг бүрт харилцан адилгүй нөлөөлөх бөгөөд мэргэжилтнүүдийн эмээж буйгаар дэлхийн хүн амын зургааны нэг хувь буюу хэрэглээний ус нь бусдаас хараат байдаг тэрбум гаруй хүний дийлэнх хэсэг аж төрдөг бүс нутагт илүү гамшиг дагуулж мэдэх гэнэ. Энэ нь олон улсад үймээн самуун, улстєрийн тогтворгүй байдал, муугаар бодоход дайн дажин, дүрвэгсдийн бүхэл бүтэн үеийн эхлэл байх магадлал өндөр. Ойрхи Дорнод болон Африкт энэ үзэгдэл хэдийнэ ажиглагдаж эхэлсэн бөгөөд Нүүдэлчин овог аймгууд болон тариалан эрхлэгчдийн зөрчил даамжирч тус бүс нутгийг дайны талбар болгосон Дар-фурын хямралыг жишээлж болно. Тэдний зөрчил хэрэглээний устай холбоотой маргаанаас эхэлсэн. Манай улсад ч бэлчээр усны болон ашигт малтмалын зөвшөөрөл, түүнийг эсэргүүцэгчдийн дунд иргэний мөргөлдөөн гарч эхэлж байна. {mosimage}
Дулаарал хийгээд хүний зүй бус үйлдлийн уршгаар өөрчлөгдөж, хүчин мөхөсдсөн байгалийн тухай ярихаасаа илүү дэвшилтэт техник технологийг хєгжүүлж, сүйтгэсэн шигээ хүн төрөлхтөн өөрсдийн гараар эх дэлхийгээ сэргээж чадах олон өөдрөг санаанд найдахыг илүүд үзсээр байна.  Гэхдээ бид лүндэч нарын үгэнд айх биш эх дэлхийгээ хамгаалах, аврах “СУББОТНИК” хийж маргааш дэлхий сөнөх байсан ч  өнөөдөр алимын мод тарих хэрэгтэй.

2010-02-07

Сургуулиудын ариун цэвэр ...

            2007 оноос ШУТИС даяар социализмын үеийн лозунг шиг нэгэн хэвлэмэл цаас хаа сайгүй харагдах болжээ. Учир юу хэмээвээс 18.000 шахам оюутантай ШУТИС-ийн ариун цэвэр эрс доройтож түүнтэй тэмцэх аргыг энэхүү лозунгаар эхлүүлсэн хэрэг байлаа. 8 зүйл бүхий энэ лозунгийн сүүлийн заалтанд “гаж сэтгэлгээний илэрхийлэл болсон элдэв муухай зураг зурахыг хатуу хориглоно” гэжээ. Тээр жил ШУТИС-ийн хэмжээнд зохион байгуулсан сургуулийн орчмыг ариун цэвэржүүлэх 1 сарын эрчимтэй ажлын үеэр энэ лозунг олон хувь хэвлэж анги танхим, хонгилын хананд наалдуулсан нь одоо хүртэл хэвээрээ байна. Зарим газар томоо гэчийн жаазанд хадаад шатны харалдаа зоосон байдаг. Оюутнуудаас “энэ лозунг та нар уншив уу?” гэж асуухад “багшаа лозунг гэж юу юм бэ? Тэрийг би лав тогтож уншиж байгаагүй” гэж хариулагчид олон байдаг. Сургуулийн гаргасан энэ журмыг оюутны ухамсартай холбон тайлбарлахаасаа илүү сургуулийн зүгээс явуулж байгаа амьдралаас тасарсан арга хэмжээнүүдтэй холбон тайлбарлаж болно. Норм хэмжээнээс нь хэд дахин илүү жихчихсэн анги танхимд юмуу “уйтгартай хичээл” дээр нойрмоглож сууснаас өөрөө өөртөө цагийг зугаатай өнгөрүүлж байгаа оюутнуудыг буруутгаж болохгүй юм шигээ. Голдуу лекцын танхимын арын ширээнүүдийг дүүргэсэн байдаг оюутны галерей болсон “хадны сүг” зурагнууд ч гэсэн өөрийн түүх, учир шалтгаантай. 10 гаруй жилийн өмнө оюутнуудын бэх үзэг чанар муутай будагтай ширээн дээр сүг зурагнуудыг сийлж өгдөг байсан бол одоо оюутнуудад сатаарах гар утас, mp, I-pod зэрэг дэвшилтэт технологиуд бий болж утасны дугаар, нэр сэр comment-ууд шрээн дээр зурайдаг болж дээ. {mosimage}
            ШУТИС-ийн хичээлийн 1, 2-р байр одоогийн Улаанбаатар хотод байгаа асуудлууд бүгдээрээ байна. Яагаад гэвэл хүн амын даац хэтэрснээс болоод. 2 байрыг холбосон “хүзүүвч”, 2-р байрны 1-3 давхар, гарч орох хаалга төв замын түгжрэл шиг хүмүүсийг бухимдуулна. 00 өрөөнүүдэд Сансарын дэнжээс дутагдахгүй утаа униар суунаглана. Өвөл болохоор шатны довжоонд тулгардаг асуудал 15 жилийн өмнө байхгүй байсан бол одоо бидний нүдэнд дасал болоод удчихсан байна шүү. Картны барааны хүүхдүүд байнга хоосон угж хөхсөөр байгаад ийм аймаар шүлсэнхий болчихсон юм уу?? Хавар, намрын дулаан улиралд гадаа Нарантуул – Да хүрээ захууд зэрэгцээд ажиллачихна. Энэ мэтээр ШУТИС-ийн аль ч салбар сургуулийн хамгийн том асуудал бол ариун цэврийн асуудал. Энэ асуудал зөвхөн үйлчилгээний хэдэн ажилтнуудынх юм шиг оюутан, багш нар сургуулийн талбай, анги танхимыг нийтийн үйлчилгээний газартай адилхан үзнэ. Ядахдаа зун, өвөл бүрт нүүрээ халтайтал угаадаг засварын материал, өнгө будагаа сонгогдохдоо хамгийн хүнд хүчрийг нуруундаа үүрдэг сургуулийн цэвэрлэгчдийн саналыг сонсдоггүй болох нь цаг агаарын үзэгдлүүдийн үеэр шууд мэдэгдэнэ. Ингээд яриад байвал асуудлууд зөндөө байна.
ШУТИС-ийн ариун цэврийг яаж шийдвэрлэх вэ? Өдөр тутмын юмуу албадлагын цэвэрлэгээгээр биш оюутнуудын оролцоотойгоор энэ асуудлыг амархан шийдвэрлэж болно. Сургуулийн ашигтай талбай, анги танхимуудыг оюутнуудын чөлөөт бүс, тэдний амарч суух орчин болговол ямар уу? Сургууль бүр ашигтай талбайгаа түрээслүүлэх биш оюутнуудад амрах, чөлөөт цагаа өнгөрөөх орчин нөхцлийг нь бүрдүүлэх, тэднээр үүнийг хийлгүүлж бүтээлгэх орчныг бүрдүүлбэл сургуулийн талбайн эзэнгүйдлүүд байхгүй болгоно. БНСУ-ын Их дээд сургуулиудын оюутнууд Клубын системээр сургалт, нийгмийн үйл ажиллагаагаа явуулдаг, тэдний үйл ажиллагаагаа явуулах орон зай нь сургуулийн булан тохой, хонгил, анги танхим байдаг. Элдэв самбар, зурагт хуудас наалттай, эмх замбараагүй юм шиг харагддаг ч цэвэрхэн тэр орчинд оюутан залуус өөрсдийн “бүтээлч сэтгэлгээ”-гээ хөгжүүлэх хамгийн аятай таатай орчин байдаг төдийгүй сургуулиас нь ч үүнийг дэмждэг байна. Тухайлбал, миний сурч байсан Данкуук Их сургуулийн Эдийн засгийн салбарын 2 давхарын хонгилоор явах оюутнууд  заавал англиар ярих ёстой. Хэрэв төрөлх хэлээрээ яривал бага хэмжээний торгуулийг English speaking Group-ын оюутан, багш нарын клуб төлдөг. Гэхдээ энэ клуб нь хүмүүсийг торгохдоо биш Англиар чөлөөтэй ярих орчинг өөрийн эзэмшлийн энэ хонгилдоо бүрэн нэвтрүүлсэн байх төдийгүй өөрсдийн энэ орчингоо жил бүр улам тэлэх зорилготой ажиллаж байдаг. Сургуулийн радио студи, ногоон байгууламж, кибер орчны, тогтмол хэвлэлийн зэрэг олон хэлбэрийн клубууд манай сургуулийн тулгамдаад байгаа олон асуудлуудыг хамтран шийдвэрлэх боломжийг бүрдэж болно.{mosimage}
Сургуулиудын захиргаа ариун цэврээ сайжруулахын тулд шинээр байгуулагдаж байгаа оюутнуудын клубуудыг сайн дэмжиж ажиллахгүй бол үйлчлэгч нарын ачаалал оюутны тооны хирээр хэтэрч угааж байгаа шалан дээгүүр нь “Уучлаарай хаагуур нь гарах уу?” гэдэг ухамсартай оюутнууд өдрийн од шиг цөөрөөд өвөл нь хүйтэн мөсөн хонгилд дэлхийн 2-р дайны хоргодох байр шиг гадуур хувцастайгаа суух пөөнийсөн хэдэн оюутан, зун нь халуун бөгчим өрөөнд хөлс устайгаа холилдсон оюутнуудын дүр зураг хэвээрээ л байх болно. Жил бүр хийдэг сайхан засварууд үүнийг шийдвэрлэж чадахгүй. Оюутан, багш нарын хамтын оролцоо, нэгдмэл бодлого чухал гэж бодож байна.

2010-01-07

16-р долоо хоног

Улирлын хичээл 16 долоо хоногтой. Долоо хоног бүрийг оюутнууд өөрсдийнхөөрөө нэрлэсэн байдгаас хамгийн чухал долоо хоног нь 16 дахь долоо хоног буюу “Ухаарлын долоо хоног”. Энэ өдрүүдэд нь манай сургууль Нарантуул захаас дутахгүй түм түжигнэж, бум бужигнасан, жүжгээр бол хамгийн их өрнөлтэй, зөрчил тэмцлийн оргил хэсэг нь энэ долоо хоног болно доо. Ёстой нөгөө амьдралын хамаг дүрс нүдний өмнө жирэлзээд өнгөрнө гэдэг шиг 15 долоо хоногийн оюутны амьдрал ганцхан 16-р долоо хоногт шийдэгдэж ухаардаг болохоор оюутнууд ингэж онож нэрлэжээ. Гэхдээ бидний үйлчлүүлэгч нар үнэхээр ухаардаг юм болов уу? Дараагийн улиралд дахиад л 16-р долоо хоног болж сургууль даяараа бужигнаан болно. Энэ бужигнаан дөхөөд ирэхээр багш нарын алхаа гишгээ ширүүсэн, хар нүдний шилний цаанаас оюутнуудаа F, D, C гэж тооцоолон харах ТЕРНИТАТОР-ууд болон хувирдаг бол оюутнууд хүнд асуудалд орсон сүсэгтнүүд өөрийг нь аврах арга чаргыг мэдэгч ҮЗМЭРЧ дээр шавж ТЕРМИНАТОР-уудыг өглөө, өдөр, оройгүй шаналгана. Зарим нь шөнө ч шаналгадаг байж магад. Яг энэ үед оюутнуудыг аврагч гэнэт гарч ирэн ЗОРРО-нууд тулалдаандаа орно доо. Хаа нэгтээгээс гэнэт гаран ирэгч ЗОРРО-нуудын нарийн сэлэмний ирээр ТЕРМИНАТОР-уудын дүн А. В болж хувирна. Зарим оюутнуудын санаа сэтгэл амарч өөрийн аврагч ЗОРРО-нууддаа талархана. ТЕРМИНАТОР-ууд бид өөрсдөө ЗОРРО болж хөлсөө урсгаж, нэрээ идэн өөр нэг ТЕРМИНАТОР-ын үүдийг сахин, утасыг хайна. Би өөрөө ийм байдалд бишгүй ордог буюу сургуульд багшилах хугацааны хирээр ТЕРМИНАТОР биш ЗОРРО болж хувирна.
Тэгэхээр багш оюутанд аль алинд ухаарал хайрласан 16-р долоо хоног гэж байна. Герман улсад 10 жил гаруй суралцаж ирээд Монголын томоохон компанийн ажил олгогч болсон залуу өнгөрсөн 11 сард оюутнуудтай уулзаж байхдаа “Герман, Монголын боловсролын ялгаа багасаж байна. Шинэ мэдээлэл дамжуулах хурд ижил болж байна. Манай их дээд сургуулийн стандарт, хичээлийн хөтөлбөр адилхан, багш нарын чадвар ч ойрхон түвшинд байна. Гэтэл үнэлгээний системд нь Монгол сэтгэлгээ бөх бат байгаа болохоор би шинэ төгсөгч нарын дипломд огт итгэдэггүй” гэж ярьсан юм.
Их дээд сургуульд үнэлгээний систем сургалтын хөтөлбөрөөсөө илүү хамгийн чухал зүйл. Үнэлгээний систем нь тухайн сургуулийн боловсролын хөтөлбөр, стандартын хамгийн гол баталгаа болж байх ёстой. Манай сургууль өөрийн гэсэн үнэлгээний системийг бий болгоод өөрчлөлгүй 10 жил гаруй болж байна. Жилээс жилд өөрчлөгдөж байгаа шинэ мэдээллээр баяжсан хичээлийн хөтөлбөр, стандартыг 10 гаруй жил ашигласан үнэлгээний системээр дүгнээд байхаар 16-р долоо хоног байсаар байна. Өөрөөр хэлбэл германы гүн ухаантан Фейрбахыг “хүүхдээ усанд оруулж хирнээс салгачихаад түмпэнтэй нь цуг угаадасруу асгачихсан”-тай адилхан ШУТИС-ийн сургалтын шинэчлэлийг шүүмжилмээр байна. 1999 онд эхлүүлсэн АНУ-ын дээд боловсролын стандартыг ШУТИС-д нэвтрүүлсэн энэ ажлыг улам цааш үргэлжлүүлж хийх хэрэгтэй байна. Бид энэ талаараа Монголын бусад их дээд сургуулиудад үлгэр жишээ болохоор их зүйлийг хийж чадсан ч хөгжлийн явц нь их удаан, ялангуяа Үнэлгээний систем өөрчлөгдөхгүй хэвээрээ байна гэж бодож байна. Шудрага, дэвшилттэй үнэлгээний систем нь тухайн боловсролын системын хөгжил, чанарыг хамгаалж байдаг, хувь хүмүүсээс бус систем, зүй тогтлоос хамаарч байдаг боловсролын шинэ технологи гэж орчин үед дүгнэж байна. Энэ шинэ технологи нь миний өмнө нь бичиж байсан ТЕСТЫН ТӨВ-ийн тухай болно. Миний мэдэхээр Солонгос болон бусад орнууд тухайн улиралд оюутны олж авсан мэдлэгийг 8-р долоо хоног, 16-р долоо хоногт 2 удаа авсан шалгалтуудын дундаж оноогоор улирлын ерөнхий дүнг тусгай програмаар нь гаргачихдаг. Манай сургууль шиг шалгалтын 2 долоо хоног гэж бужигнаан болохгүй, оюутнуудын дүнг хичээл заасан багшаас гадна хэнээс ч хараат бус тестын программын боломжийг Мэдээллийн Технологийн хөгжил авчирсан байна. Үүнийг түшиглээд манай сургууль биеэ дасан нилээд том бvтэц бүхий ТЕСТ-ын төвийг байгуулъяа. Энэ төвийн баримтлах зарчим:
        1.  Тест бол зөвхөн тэр хичээлийг заадаг багш нарын өмч биш Жолооны дүрмийн шалгалт, Англи хэлний Тофелийн шалгалтын ТЕСТ шиг бүгдэд ил тод байх ёстой. Харин багш нарын боловсруулсан сайн тестыг ТЕСТИЙН ТӨВ тусгайд нь кредитээр үнэлж ТЕСТЫН САНДАА БАЯЖУУЛАЛТ хийж байх ёстой.
       2.   Багш бүр өөрсдийн хичээлээрээ ТЕСТ боловсруулах ёсгүй. Тухайн мэргэжлийн профессорын багууд тестүүдээ хэлэлцэн баталж тэдний боловсруулсан тестээр On line, Off line олон хэлбэрээр тестын шалгалт авч байх ёстой. Тестын шалгалт нь жил ирэх тусам өөрчлөгдөж, олон хувилбараар баяжигдан хөгжиж байх ёстой.
        3.  Бүх хичээлээр боловсруулсан ТЕСТЫН САН байгуулснаар оюутнууд хүссэн үедээ энэ Тестын төвөөр үйлчлүүлж өөрийн эзэмшиж буй мэргэжлийн мэдлэг, дадлаа албан болон албан бусаар сорин үздэг прагматик тогтолцоог бий болгож болно. Ингэснээр жилд 1-2 удаа бужигнаан болж нийтээр өгдөг шалгалтууд байхгүй болж оюутнууд ч, багш нар ч Тестын шалгалт гэдэг зvйлээс айхгvй амар болно.
             4. Цаашдаа ТЕСТЫН ТӨВ нь зөвхөн ШУТИС-ийн сургалтын ажлын хэрэгцээнээс гадна бусад албан байгууллага, газруудын захиалгаар ажилчин, ажилтангуудын мэдлэг боловсрол, чадварыг бодиттойгоор тогтоож чаддаг бие даасан институт болж өргөжих хэтийн зорилгыг ч өмнөө тавьж байх хэрэгтэй болов уу.
Боловсролын стандарт нь єндєр шалгууртай байхын хирээр Үнэлгээний систем нь харьцангуй шудрага, шинэ дэвшилүүд байнга өөртөө ашиглахыг эрмэлзэж байх хэрэгтэй. Манай сургуульд шалгалтыг засдаг, хувилдаг техник нь дэвшилттэй байгаа ч хамгийн гол оюутнуудын мэдлэгийг яавал бодитой, шудрага үнэлж чадах вэ? гэдэг зорилготой систем нь олон жил хэвээрээ байгаа нь харамсалтай байна. Энэ хорогдлыг арилгахын тулд манай сургуулийн захиргаа Мэдээллийн Системийн салбартаа сургуулийн засварт зарцуулдаг шигээ хөрөнгө оруулалт хийгээсэй. Энэ салбарыг хөгжилд хөрөнгө оруулалт дутагдсан хэвээрээ байдаг байх.
Манай сургуульд багш нарын Коммунити бараг байхгүй, мэргэжлийн болон сонирхолын бүлэгээрээ жижиг жижиг хүрээнд бие биенээ мэддэг. Залуу багш нар бие биенийхээ сонирхол үзэл бодлыг сонсох нь бүү хэл, жилдээ ганц болдог спортын тэмцээнээр л зүс хардаг ийм орчныг сургуулийн удирдлага Форум, Мэдээлэл солилцооны амьд, сохирхолтой веб, сүлжээнүүдийг бий болгож болно шүү дээ. Сургуулийн Мэдээллийн Технологийн шинэчлэл, одоогийн байгаа нөхцлийг Монголын түүхийн багш шүүмжлэнэ гэхээр даанч инээдтэй санагдаж байна. Манай сургууль мэдээллийн системдээ сайн, дэвшилттэй зүйл олныг хийсэн ч шүүмжилж хэлэх зүйл маш байгааг олон хүн мэдэж байгаа

2009-12-07

ДҮН - МОНГОЛЫН ТҮҮХ

Дүн гарлаа. Энэ бол та бүхний бодит дүн. Ямар нэг ЗОРРО энд нөлөөлөөгүй дүн. Бид дүнгийн төлөө сурдаг уу? Дүн хэнд нь илүү хэрэгтэй вэ? Бүх л үеийн турш оюутнууд дүнгийн төлөө сурч байсан юм шиг тогтолцоо боловсролын аль ч системд байсаар байсан. Энэ нь өөрөө оюутнуудыг БООЛЧЛОЛД ХҮРЭХ ЗАМ болгож байсан байх. {mosimage}
Одоогоор дүн хүчтэй болохоор БАГШ нарыг “ТЕРМИНАТОР”-ууд болгож байна. Та нар мөн үзмэрчийн гадаа дугаарлан зогсож байгаа “сүсэгтэн олон” болж байна. Гэтэл зарим нэг нь хаа нэгтэйгээс гарч ирэн амийг аврах “ЗОРРО” болж байна. Энэ хуулийг миний бие зөрчиж чадахгүй болохоор энэ дүнд цаашдаа бага зэрэг өөрчлөлт гарах байхаа. Монголчууд цөөхүүлэхнээ мөртлөө ЗОРРО-нууд ямар олон юм бэ? Та бүхний сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсъе