ШУТИС анх 1998 онд сургалтын шинэ систэмд бүрэн шилжиж SS-102 буюу Монголын түүх хичээлийг зайлшгүй үзэх болоод даруй 10 жил өнгөрчээ. Харин оюутнууд багшаа сонгох болсон нөхцөлд профессор, багш нарыг хичээлээ шинэ хэлбэрээр заах, энэ системд тохирох сургалтын шинэ арга зүй эрэлхийлэхийг шаардахын хамт оюутнуудын багаар ажиллах болон бие даах чадварыг хөгжүүлэх шаардлагатай болсон. Монгол улсад инженерийн баклавар, магистрын боловсрол олгодог цорын ганц энэ их сургуулийн боловсон хүчнүүдийг ирээдүйд технократууд бус хүмүүнлэг – иргэний ардчилсан нийгмийг авч явах инженерүүд, иргэн хүн болгохын тулд Хүмүүнлэгийн ухааны багш нар ШУТИС-ийн бүх мэргэжлийн ангиудад хүмүүнлэгийн ухааны хичээлүүдийг зааж байна.
Тус их сургуульд үзэх хүмүүнлэгийн хичээлүүдээс хамгийн түрүүнд заавал үзэх хичээл –Монголын түүх нь та нарын ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэхэд гол үүрэгтэй Философи, Соёл Иргэншлийн түүх, Гоо зүй, Ёс зүй, Улс төр судлал гэсэн хичээлүүдийн үндэс суурь болох юм. Их сургуульд үзэж буй Монголын түүхийн хичээл нь зөвхөн он дараалласан мэдээлүүдийг хүүрнэх бус өнгөрсөн, одоо, ирээдүйн юмс үзэгдэлд хандах шинжлэх ухааны өндөр түвшингийн мэдлэгийг оюутан залуучууд нь өөрийн гэсэн үзэл бодлоор хандан чөлөөтэйгөөр тайлбарлах, Эх оронч үзлийг зөв төлөвшүүлэх зорилготойгоороо та нарын өмнө нь үзсэн түүхийн хичээлүүдээс ялгагдах ёстой. Тиймээс ч уг хичээлийн үзэх ёстой сэдвүүд нь түүхэн хүмүүсийн намтар бүхий үйл явдлуудын он дарааллын хүүрнэл бус сонирхол татсан баримттай түүхэн зангилгаа асуудлуудад та бүхний анхаарлыг хандуулж байх болно.
Харамсалтай нь монголын түүхэнд байдаг тэнгис далай мэт сонирхол татсан олон мянган асуудлууд их байдаг боловч бидний хамтдаа эх түүхээрээ аялах хугацаа маань 48-хан цаг. Үүнийг зүйрлэвээс, тэр их тэнгис далайн уснаас багш хүн шавь нартаа зөвхөн нэг шанагыг л хутган авч нэг, нэг балгуулаад цаашаагаа дахин уухыг хүсч байна уу? эсвэл нэг балга усаа ч баралгүй буцаагаад асгачихаж байна уу? гэдгийг үл хайхран ямар нэг дүн тавиад л хичээл дуусдаг.
Иймээс миний бие өөрийнхөө шанаганы хэмжээг бага ч атугай томсгох зорилгоор буюу цаг хугацаа алдахгүй байхын үүднээс та нарын гар дээр өөрийн лекцийн тоймоо ON LINE-aar хүргүүлж байна. Энэ лекцүүд та бүхэнд очсноор бидний лекц “Түргэн бичлэгийн уралдаан”, “Цээж бичлэг” шиг байхаа больж сонирхолтой олон хэлбэрээр явагдах боломж бүрдэнэ. Энэ гарын авлагыг бичихдээ түүхэн нэр томъёо, он цаг нуршихаас аль болох хөндий байж гадаад, дотоодын судлаачдын шинэ сэргэг зохиол бүтээл, мэдээллээс бүтээлчээр авч ашиглан өөрийн санаа бодол дүгнэлтийг гаргахыг оролдлоо. Энэхүү лекцүүд та бүхэнд зөвхөн хичээл болон шалгалтны гарын авлага бус, та нарын ертөнцийг үзэх үзэлд бага ч атугай нөлөө үзүүүлбэл мөхөс би үүнийг бичсний гол зорилго биелэгдэх болно. Хэрэв зээ энэ үүргээ гүйцэтгэж чадаагүй бол энэ гарын авлага жам ёсоороо хог дээр хөсөр хэвтэх бизээ.
Ертөнцийг үзэх үзлийг онцолсны учир нь гэвэл оюутан ахуй үедээ буюу 18-25 насандаа хүн өөрийн ертөнцийг үзэх үзлийн гол ноён нуруугаа төлөвшүүлдэг. Гэхдээ энэ нь нэг төлөвшчихөөд л хадгалагдаад байдаггүй, байнга хөгжиж дэвшиж байх учиртай. Философич Ф. Бэкон “Хүнд 4 янзын заяагдмал төөрөгдөл байдаг. 1-рт юмыг хүнчилж сэтгэснээс болж үүсдэг төрлийн төөрөгдөл /шашин, ердийн танин мэдэхүй/ 2-рт хувь хүний өөрийн олж авсан мэдлэгийн цар хүрээ явцуурснаар үүсдэг агуйн төөрөгдөл /өөрийгөө зөвтгөх, хувиа хичээх/ 3-рт нэр томъёо хэлсэн үгийг буруу утгаар нь тайлбарлахаас үүсдэг зах зээлийн төөрөгдөл. 4-рт нэр хүндэд нь бишрэн шүтсэнээс болж үүсдэг театрын төөрөгдөл” гэж бичжээ. “Хэрвээ хүн хэн нэгний бичсэн хуурай зааг хүрээнд эргэлдвэл арваалзны наалдах шүлсэнд баригдсан өчүүхэн өт хорхой мэт. Мэдээж хүний толгой бүхнийг сэтгэж хүлээж авахгүй. Учир нь толгой бүр том, жижиг шүүлтүүр юм. Магадгүй тэр шүүлтүүр нь бөглөрсөн, эсвэл уначихсан ч байж болно” гэж нэгэн оюутан зохион бичлэгтээ бичсэн байна. Иймд ертөнцийг үзэх үзэл гэдэг бол хувь хүний мэдээллийг шүүн тунгаах тархин дахь шүүлтүүр гэж ёгтолж болох юм. “Ертөнцийг үзэх ямар ч үзэл хүн төрөлхтөнд мэдэгдээгүй байгаа юмс үзэгдлийн өмнө асуулт тавьж зогсох хязгаартай байдаг” гэж Эйнштейн хэлжээ. Энэ асуултууд нь шинжлэх ухаан, шашин гэсэн хоёр хэсэгт хуваагдан хоорондоо дайтаж, эвлэрсээр хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхийг бүтээсэн байна. Урьд нь оршиж байсан, одоо байгаа бүх аугаа зүйлсүүд бүгд хоосон чанарт орж, түүх болдгийг Буддын сургаалд:
“Дуурсах нэрийн утгыг эрэвч би олохгүй
Дуулиант би өөрөө бодитой эс төржээ
Ухаан бодолд орсон бүгд үзэгдэл төдий атлаа
Үүлийн үрийн шүтэн барилдлагаатай дүрсүүд үзэгдэнэ.
Хоосон чанараар хорвоод хүлэгдэх боловч
Мөнхүү хорвоогоос хоосон чанараар тонилох болно” гэж бичсэн байдаг. Тэр хоосон орон зайг нөхөж үлддэг аугаа том зүйл нь түүхийн шинжлэх ухаан тул хүн бүхэн ямар нэг хэмжээгээр түүхэнд мөнхөрч үлдэхийг мөрөөддөг билээ.

0 comments:
Post a Comment