Албан ёсны бүртгэл алга, гэхдээ албаны хүмүүс 120-мянга хүртэлх тоог хэлдэг. Тэдний тэн хагас нь буюу 65-мянга нь Казахстан руу шилжсэн казахууд. Бусад жараад мянга нь дэлхийгээр нэг тарсан байна. 1990-оноос хойш Монголын аль ч төр засгийн газар иргэдээ гадаад руу цагаачлахыг уриалж байгаагүй. Гэтэл визэнд орох, гадагшаа гарах, тэгээд гэр бүлээ "татаж авах" бүх нийтийн хөдөлгөөн монголчуудын дунд өрнөсөн билээ. Уг нь бүх юм тэдний эсрэг байлаа. Солонгос, Япон, АНУ, Герман, Их Британийн элчин сайдын яамнууд хичнээн жил чангалав даа? Виз гаргадаг нөхдүүд үнэ хөлсөө монгол хүний олон жилийн цалингийн хэмжээнд хүргэж, зарим нь хэдэн зуун саяар луйвардан гадаадад зугатаж, зуучлалын компаниуд хувалз мэт сорж байлаа... Тэднийг хэн ч цэцэг барьж угтдаггүй. Энд Гадаад яам, тэнд ЭСЯ-д хүлээн авч заавар зөвлөгөө өгдөггүй. Тэд хэл усгүй, мөнгөгүй очдог... Хил дээрээс хичнээн буцаав? Ингээд байхад хэдэн арван мянгаараа гадагшаа гараад суурьчихсан байгаа юм даа... Дүгнэвээс гадаадад гарч ажиллах явдал бол сүүлийн арваад жилд монголд амжилттай хэрэгжсэн үндэсний хэмжээний цорын ганц хөтөлбөр юм. Үүнийг Засгийн газар биш иргэд өөрсдөө, тэр тусмаа залхуу ажилгүйгээрээ дуудуулж байсан залуучууд өөрсдөө санаачлаад бас санхүүжүүлээд хэрэгжүүлсэн байна. Дашрамд асуухад тэр их мөнгө хэний халаасанд ордог вэ?
Өнөөдөр монголчууд хаана хаана хэдүүлээ суурьшаад байна вэ? Сонирхолтой нь урд хойно хөршөд маань нэлээд цөөн, тодруулбал ОХУ-д 3500, Хятад ард улсад 2500 гаруй хүн байнга амьдардаг. Солонгост 27000 орчим монголчууд байна. Тэдний тэн хагас нь хууль ёсоор бусад нь хууль бусаар хөдөлмөр эрхэлнэ. Гуравны нэг нь гэр бүлтэйгээ амьдардаг юм байна. Японд манай хэдэн сумочдоос гадна 3500-4000 орчим монгол амьдардаг болжээ. Европын орнууд. ХБНГУ-д 7000 Их Британид 5000, Ирландад 1500, Францад 1000 орчим, Австрид 300, Швейцарьт 300, гаруй Чехэд 2000, Польшид 1000 орчим, Туркт 500, Канадад 100 гаруй монгол байна. АНУ. Тэнд 10 мянга гаруй монголчууд 50 муж улсын бараг бүгдэд нь амьдардаг болжээ. Номхон далайн эргийн дагуу Калифорни муж улсад буюу Сан-Франциско, Оакланд, Лос-Анжелос, Сакраменто болон зэргэлдээх хотуудад гуравны нэг нь буюу 3000 орчим хүн суурьшжээ. Америкийн Колорада муж улс, Денвер хотод 2000 орчим. Чикагод 1500. Америкийн зүүн эрэг - нийслэл Вашингтон болон New-York хотууд, тэр орчимд 3000 гаруй монголчууд тус тус амьдарч байна. Гадаадад суугаа монголчуудаас чухам тэд илүү өндөр цалинтай, хавьгүй эрх чөлөөтэй. Ихэнх нь хар бор ажил хийж байгаа, гэхдээ бага багаар ахиж орон байр, үл хөдлөх хөрөнгө худалдан авч байна. Эхнээсээ бизнес эрхэлдэг болж. Монгол компанууд байгуулагдлаа. Өөрсдийн сонин хэвлэлтэй ч болсон... Уг нь тэдний дөнгөж 3 % нь ажиллах эрхтэй очжээ. Одоо 47% нь гэр бүлээрээ, тэдний тэн хагас нь үр хүүхэдтэйгээ амьдардаг. Одоогоор 300 орчим хүүхэд АНУ-д мэндэлжээ. 2015 он гэхэд тэнд дахиад 2000 орчим хүүхэд төрөхөөр байна. Тэд иргэний давхар харъяаллыг нэхдэг болсон. Тэд Америкийн монголчуудын нэгдүгээр үе. Ийнхүү жараад мянган монголчууд гадаадад гарч амьдралаа авч явна. Тэгээд "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү ... доллар явуулж байна". 2004 онд зөвхөн банк санхүүгийн байгууллагаар гуйвуулсан валют 102,4 сая хүрчээ. Бусад аргаар илгээсэн мөнгө, бараа, эд хөрөнгийг нэмбэл хамаагүй их тоо гарахнээ. 100 сая доллар буюу зуун хорин тэрбум төгрөг бол маш мөнгө. Харьцуулаад үзье. Энэ жил манай засгийн газар хүүхдийн мөнгө олгох гэж арайхийн 20 гаруй тэрбум төгрөг гаргах болсон. Юун хүүхдийн мөнгө ... Монголын .эдийн засгийн ноён нуруу "Эрдэнэт" үйлдвэр 2004 онд 70 тэрбум төгрөг буюу 60 орчим сая долларын татвар төлжээ. Хамгийн гол нь тэр мөнгө төсвийн тогоондоо ордоггүй, зөвхөн ар гэрийн хэдэн зуун мянган хүнд шууд очдог. Өөр нэг жишээ. Монголын хамгийн том Худалдаа хөгжлийн банкийг 12-сая доллароор хувьчилсан гэвэл энэ мөнгөөр монголын бүх банкийг худалдаад авч болно. Ганцхан жилийн дотор шүү...
Ийнхүү монголчууд гадаадад гарч ажиллах нь эдийн засгийн хамгийн том салбар болж хувирлаа. Цаашдаа юу болох вэ? Нүүдэл үргэлжилсээр байна. Казахстанаас бусад оронд гарсан 65 мянган хүн бол монголын хүн амын ердөө 3 хувиас хэтрэхгүй. Өнөөдөр Монголд дайн дажин гамшиг зовлон тохиолдоогүй атал ид залуу 20-40 насныхан эх орноо орхин явсаар байна. Одоо хамгийн чухал асуулт үлдлээ. Тэд эргэж ирэх үү?
1. Удахгүй. Ойрын 1-2 жилд - 17.4 %
2. 3-5 жилийн дараа - 17.1 %
3. 5-10 жилийн дараа - 21.2 %
4. Очихгүй, энд амьдарна - 27.2 %
5. Хэлж мэдэхгүй байна - 17.1 %
0 comments:
Post a Comment