ОХУ-ын улс түмний найрамдлын их сургууль
Бяцхан түүх
ОХУ-ын Москва хотын Улс түмний найрамдлын их сургууль (оросоор Российский университет дружбы народов буюу РУДН гэж товчилдог) нь 1960 онд Колончлолоос чөлөөгдсөн болон хөгжиж буй Ази, Африк, латин Америкийн орнуудын боловсон хүчнийг бэлтгэх улс төрийн том зорилгоор байгуулсан гэдэг. Огт орос хэлгүй нөхдүүдийг бэлтгэдэг учраас РУДН-ы орос хэлний бэлтгэлийг хамгийн сайн нь гэлцдэг. Тийм ч болохоор оросын олон улсын сансарын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдэж байсан гадаадын үе үеийн сансарын нисгэгчид энд хэлний бэлтгэлээ базааж ирсэн уламжлалтай. Монголын сансарын нисгэгч Ж.Гүррагчаа гуай ч энд бэлтгэгдэж байж. РУДН ОХУ-аас гадна дэлхийн 140 гаруй орны 30 мянга орчим оюутан залуус суралцдаг. Эдгээрийн 25 мянга орчим нь оросууд үлдсэн хувь нь гадныхан. 2200 гаруй багш ажилтантай. Нийтдээ 450 үндэстэн ястан ажиллаж, суралцаж байдаг гэдэг юм билээ. {mosimage}
Сургалтын тогтолцооны хувьд: ОХУ-ын боловсролын салбар нь эх газрын тогтолцооны нэг сонгодог загвар юм. ОХУ ч боловсролын тогтолцоондоо өөрчлөлт хийж байгаа ч манайх илүү хурдацтай, илүү үр дүнтэй явагдаж байгаа гэж бардам хэлж чадах байна. Энэ нь манайх сэргэлэн авхаалжтайгаасаа илүү жижиг улс орны хөдлөх хурд, өөрчлөлт шинэчлэлтийг системдээ шингээх бололцоо амар зэрэгтэй шууд холбогдох болов уу.
ОХУ нь Европын боловсролын нэгдсэн тогтолцоо стандарт болох “Болоны үйл явц”-ад хүчтэй анхаарч байгаа. Гэхдээ л удаан байгаа нь анзаарагддаг. РУДН-ы хувьд л гэхэд баллын үнэлгээнээсээ саяхан салж, кредит тогтолцоонд шилжиж байгаа. “Болоны үйл явц”-ад нэгдсэн их сургууль тул түүний диплом европын улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөж, тэдгээр орнуудад шаардлага хангасан гэж үзвэл мэргэжлээрээ ажиллаж, суралцах боломж нээгдсэн байдаг. РУДН-ы давуу талуудын нэг нь сонгосон мэргэжлээр, нэг эсвэл хоёр гадаад хэлээр цаашлаад хос мэргэжлээр төгсөх боломжтой.
Онц сурлагатнуудаа сайн дэмжинэ. Энэ жилийн сургуулийн онц сурлагатан оюутанд хөөрхөн машин байлж, сургуулийнхаа гол танхимд тавьчихсан оюутнуудын атаархлыг хөдөлж байх жишээний. Ер нь янз бүрийн санхүүгийн хөшүүрэг бий л дээ. Онц сурлагатнуудын тэтгэлэг нилээн нэмэгдэнэ. Эрдэм шинжилгээний хурлын бай шагнал багагүй өндөр. Тэрчлэн гадаадын оюутан, магистр, аспирантурууд “сурах бичгийн туслалцаа” гэж өргөдөл бичээд овоо хэдэн ном, дэвтэр ачихаар мөнгө цаас авчихна. Дотуур байранд хамгийн цэвэр өрөө шалгаруулаад нэг, хоёр сарын хоолны мөнгийг нь гар дээр нь өгчихнө.
Гэхдээ урамшуулж чаддаг шигээ оюутны хүлээх ёстой хариуцлагыг өөрт нь сайн ухамсарлуулна. Сургуулийн дотоод дүрэм журам баримтлаагүй, сурлагын амжилтгүй нөхдүүдийг зууралдаад байлгүй хасах арга хэмжээг шууд авна. Мэдээж урьдчилан сануулга, донготолд явна. Давтагдсан тохиолдолд өршөөхгүй сургуулиас хөөнө. Энэ чанар л Монголын их дээд сургуульд дутагдаад байдаг нь оюутан багш нарын чадвар доройтоход томоохон хүчин зүйл болж байна гэж хувьдаа үздэг. {mosimage} Суралцах орчин нөхцөл: Сонгодог их дээд сургуулийн загварын дагуу цогцолбор хотхон байдлаар зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, сургалтын байр танхим, оюутны байр болон бусад объектууд нэг дор байрладаг.
Онцолж хэлэхэд олон үндэстэн угсаатны төлөөлөгч суралцдаг тул тэдний суралцаж боловсрох таатай орчин, аюулгүйн асуудалд нилээн хүч тавьдаг. Тэгэхгүй ч бол болдоггүй юм байна лээ. Тухайлбал, хоорондоо байнга зөрчилдөж байдаг азар болон абхазаас аваад манай монголчууд хүртэл хятадуудыг харахаараа нүд нь нилээн “хорсдог” хүмүүсийн хувьд тэдний омголон байдалд анхаарал хандуулахаас өөр аргагүй болох нь бий. Янз бүрийн том концерт, арга хэмжээ болох үед оросын цагдаагийн тусгай хүчин болох “ОМОН”-ыхон ирж хамгаалалтад гардаг. Хотхонд нийт 2000 гаруй камер суурилуулсан хяналтын систем, галын аюулгүй байдлын систем, харуул хамгаалалттай нийт 7500 гаруй оюутны багтаамжтай 12 дотуур байр, спортын иж бүрэн цогцолбор, соёл урлагийн арга хэмжээ зохиох клуб, дэлгүүр, үйлчилгээний төв, үсчин, гоо сайхан, интернет кафе, зоогийн газруудтай. Тэрчлэн өөрийн эмнэлэг болон оюутны хотхон хариуцсан цагдаагийн хэлтэс, аюулгүй байдал, хамгаалалтын алба байнга ажиллаж байдаг. РУДН-ы оюутны хотхон нь 2009 онд ОХУ-ын их дээд сургуулиудын шилдэг оюутны хотхоноор шалгарч байсан.
Жил бүр олон улсын үзэсгэлэн яармагууд зохион байгуулж оюутан, суралцагсад өөрийн орон, үндэстэн угсаатныхаа онцлогийг сурталчилсан төрөл бүрийн дуу бүжиг, үзүүлбэр үзүүлж соёлын онцлогоо илэрхийлсэн гар урлалын бүтээгдэхүүн дэлгэн тавьдаг. Харин монголчууд бид монгол гэрээ барьж улс орныхоо онцлогийг харуулсан зураг үзэсгэлэн гаргаж, морин хуурын ая эгшиглүүлэн, бас бяцхан идээ ундааныхаа дээжээсээ дэлгэн тавьдаг. Иймэрхүү арга хэмжээнүүд өргөн хүрээтэйгээс гадна нэг хоёр улс, үндэстний концерт, үзэсгэлэн хуваарийн дагуу байнга зохион байгуулж байдаг.
Олон үндэсний сургууль: РУДН-д суралцагч Монгол оюутнууд маань боловсрол мэргэжил эзэмшихийн зэрэгцээ бусад улс орны соёл, заншил, онцлогтой танилцах өргөн боломж бусад сургуульд суралцагчдаас хол давуу гэдэг нь харагддаг. Үнэхээр олон газраас ирсэн, янз бүрийн ааш авир, зан төрхтэй аавын хүү, ээжийн охидтой хэл амаа олж, тэдний хэл соёл, зан байдалтай ийш тийш явж, зардал мөнгө гэлгүй нэг дор танилцах бололцоо бүрдсэн нь манай нэг онцлог. Үүний сайн сайхан зүйл, давуу тал зөндөө. Гэхдээ дасаж сурсан хандлага, зан үйл тэс өөр байх нь заримдаа гайхал төрүүлэх нь бий. Хүн рүү хуруугаараа чичилж ярих, эд зүйл, хувцас хунар, ном дэвтрээ хөл дороо тавих, хумсаа хаа хамаагүй авах, хичээл дээр гутлаа тайлан, завилж сандал дээр суух, араб залуучууд хоорондоо үнсэлдэн уулзах зэрэг нь гаж харагддаг л юм. Ядаж л өрөө танхим, дотуур байрны гал тогооноос үнэртэх олон үндэстний хурц хурц үнэрт дасах ч бас “хүндрэлтэй” асуудал байдаг юм байна лээ заримд нь. Үүнийг бичиглэгч миний бие хүртэл анхандаа хар арьстнууд нөхөрсгөөр мэндлэн дал мөр алгадахад цагаан цамц халтар болж байгаа мэт санагдан бага зэрэг “бултдаг” байж билээ.
Энд монгол угсаатан болох ОХУ-ын буриад, халимаг, тува оюутнууд олноор суралцдаг бөгөөд бидэнд ихэд элгэмсэж, ойртон дотносохыг хүсдэг. Тэд маань санаа дагаад тэр үү цаанаа л жаахан цоггүй харагддаг. Харин монголчууд бид тусгаар улсын иргэд болоод тэр үү эсвэл зүгээр л бардам зантай юм уу гал цогтой байдаг нь илт анзаарагддаг.
Монгол оюутнуудынхаа тухай: Одоогийн байдлаар аспирантур, магистрантур, бакалавр болон хэлний бэлтгэлд нийт 200 гаруй оюутан суралцагч суралцаж байна. Нэг үгээр Москвад төдийгүй ОХУ-ын хувьд хамгийн олон Монгол оюутан суралцдаг сургууль гэсэн үг. Манай монгол оюутнууд инженер, анагаах ухаан, геологи, хөдөө аж ахуй, эдийн засаг, програм хангамж, хууль эрх зүй, нийгэм-хүмүүнлэг гээд төрөл бүрийн мэргэжлээр суралцдаг. Хичээлийн завсар зайгаар ойр зуурын ажил хийгээд ном дэвтрийнхээ мөнгө төгрөгийг нэмэрлээд явдаг ажил хэрэгч оюутнууд ч бий. РУДН-д суралцагч монгол оюутнууд өөрсдийгөө хөгжүүлэх, улс орныхоо нэр хүндийг өргөх чиглэлээр олон идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэд өөрсдийн оюутны холбоо, клуб, дуу бүжгийн ансамблей, блог (http://rudnmongol.blogspot.com/ )-той.
Харин энэ жил монгол оюутнууд маань Монгол Улс тунхагласны 86 жилийн ойг тохиолдуулан “Монголын 7 хоног”-ийг анх удаа зохион байгуулж эрдэм шинжилгээний хурал, спортын уралдаан тэмцээн, урлагийн тоглолт, гэрэл зураг болон гар урлалын vзэсгэлэн, худалдаа зэргийг зохион байгуулахаар телевлеж одоо их л том бэлтгэл хангагдаж байна. Бүхэл бүтэн улс орны нэр гарах тул бусад сургуульд суралцагч монгол оюутнууд өөрсдийн санаачлагаар ирж дуулж, бүжиглэж, хөгжимдөх зэргээр зохион байгуулалтад их идэвхтэй хамрагдаж байгааг хэлэх хэрэгтэй.
За ингээд тус танилцуулга-өгүүллийг уншихад үнэт цагаа зарцуулсан та бүхэндээ талархснаа илэрхийлье. Ингээд аливаа гадаадад суралцагчид нь тухайн улсын иргэдээс хэд дахин илүү чармайлт гаргаж байж, өөрийн болон эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөх бололцоо бүрддэгийг гүнээ ухамсарласан үе тэнгийхэн чинь, залуус хойч үе тань энд хичээн суралцаад эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдгийг нийт оюутнуудынхаа өмнөөс итгэлт төгс уламжлахад таатай байна.
Мягмарсүрэн. Д. http://ulstur.blogspot.com/
0 comments:
Post a Comment