2010-12-06
Update and Upgrade
Өнгөрсөн 7 хоног номыг сурч, ногоотой шөлийг нь идэж байсан Өмнөд Солонгос яваад ирлээ. Тэгээд 2 жилийн өмнө бичиж байгаад орхичихсон энэ нийтлэлийг дуустал нь бичихээр шийдлээ. Хөгжил дэвшлийн тухай бичих нь нэрнээс нь мэдэгдэж байгаа ч ХӨГЖИЛ ДЭВШИЛ гэдэг зүйлийн яг юунаас нь эхлэж бичих вэ? гэж нилээд бодлоо. Одоо бичиж байхдаа ч бодож байна.
Би бүхэл бүтэн 7 хоногийн турш эрчимтэй хөгжлийн том орчинд гүн шокноос гарахгүй, ямар нэг зүйлд хариу олж авах гэж оролдсоор байгаад ирлээ дээ. Ирэнгүүтээ энэ тухайгаа бичихгүй бол маргаашнаас ажлын хэмнэл, нийгмийн эргүүлгэнд орчихоод гарч чадахгүй эргэлдсээр цаг хугацаа өнгөрөх байх.
1 жил хагасын хугацаанд БНСУ-д маш их өөрчлөлт гарчээ. Кимчиний шөл, юмны үнэ, метро, автобусны чиглэл нь хэвээрээ боловч мэдлэгийн эдийн засаг, мэдлэгийн хэрэглээний, хөгжил дэвшлийн маш их өөрчлөлтүүд гарсан байна. Бүр өөрөө өөртөө Update хийх биш бүр Upgrade хийх хэмжээний өөрчлөлтүүд БНСУ-д сүүлийн жилүүдэд өрнөжээ. Солонгосчууд ч өөрсдийгөө дэлхийн хэмжээний том улсын хэмжээнд ярьдаг болжээ. Хэнээс ч дор орохгүй гэсэн хор шартай зан нь спорт, урлаг, шоу бизнесээс нь гадна саяхан өрнөсөн улс төрийн үйл явцаас илүү харагдаж байна лээ.
Эх орондоо ажиллаж байх хугацаанд КВS-ын 8 цагийн мэдээ таарвал үзчихдэг, daum.net, naver.com-ын SNS хэлбэрийн олон коммунитагаас мэдээлэл тогтмол авчихдаг миний хувьд Update биш Upgrade хийнэ гэдэг шок байсан боловч мэдлэгт тулгуурласан дэлхийн эдийн засгийн хөгжлийн хурдыг зөвхөн мэдээллээр авснаар шийднэ гэдэг хэцүү болсныг ухаарсны шинж байх даа хөөрхий.
Солонгос улсын хөгжлийн хамгийн том өнгө төрх бол МТ-ийн хөгжил. Энэ дэвшил нь жирийн түүхийн багш намайг уруу татаж мэдэх мэдэхгүй зүйлээ ярьдаг, хийх гэж оролддог болгосон байх. Интернетийн өндөр хурдны хэрэглээ, on line communication зэрэг МТ-ийн олон дэвшлээр гарч ирсэн бүтээгдхүүнүүд зөвхөн биенесийн хэрэглээ буюу хувь хүнд байхаа больж олон нийтийн хэрэглээнд шинэ технологи нэвтэрч эхэлжээ. Метро, чиглэлийн автобусуудын цагийн хуваарь, нягтаршил, чиглэлийн давтамж, ачааллыг цахим хэлбэрт бүрэн шилжүүлснээр нь их хотын ажил цуглах, тарах “оргил цаг”-ийн ачааллын түгжрэлийг бүрэн шийдвэрлэж чадсан байна. Солонгосын бүх шатны сургууль, төрийн болон биенесийн байгууллагуудын network system өмнөхөөсөө бүр их сайн хөгжсөн байна. Зөвхөн иргэний дугаараар бүх мэдээллийг авч, дамжуулж байсан бол одоо хэрэгтэй мэдээллүүд нь хурууны хээ, нүдний өнгөөр дамжиж аюулгүй байдал улам найдвартай байдалд шилжжээ.
Солонгос улс нийгмийн бүртгэл, мэдээллийн бүх асуудлуудаа МТ-оор дамжуулан шийдвэрлэж бичиг цаас, зөвшөөрлийн дамжлагуудыг ямар ч чирэгдэлгүйгээр шийдэж чаджээ. Хөгжлийн энэ хандлага цаашдаа улам их боломж нөхцлийг бүрдүүлж байгаа байх.
Өмнө нь сайн мэддэг байсан их сургуулийн кибер орчин, үйлчилгээ бас л Upgrade хийгдэх хэмжээний цоо шинэ өөрчлөлтүүд гарчээ. Он лайн сургалтын хэлбэрүүд бүрэн SNS хэлбэрт шилжиж зүгээр нэг мэдээлэл олж авах биш кибер хичээлийн танхим, кибер тоглоомын хэлбэрт орчихсон хичээлүүд багагүй байна. Репорт, тезис, өгүүлэл хүлээн авдаг, түгээдэг олон нийтийн веб-үүд оөрөл, шалгуур олон болсон байна. Саяхан Монгол улс маань хүн ам, орон сууцаа тооллоо. Түүний гол үр дүн нь манай нийгмийг МТ-жуулах бэлтгэл ажил, бааз суурь хийх явдал байх. Манай дарга нар үүнийг мэдэж олон орны туршлагаас суралцаж байгаа. Манайд юмыг араас нь биш амдаж хэрэгжүүлэх чадвар дутаад байгаа болов уу? Ганц Солонгос ч биш өндөр хөгжилтэй улсууд бүгдээрээ цахимжилтыг ажилдаа нэвтрүүлж байна. Саяхан Монгол дахь БНСУ-ын ЭСЯ дараа жил болох сонгуульд Монголд байгаа Солонгос иргэдээ хамруулах зорилгоор “туршилтын санал асуулга” явуулж үзсэн байна.
Солонгосчуудын амьдралын нийтлэг хэв маяг өөрийн улсынхаа эдийн засгийн хөгжлийн хэмнэлээр өөрчлөгдсөн хэвээрээ л байна. Солонгосчуудын хэрэглээний соёл өөрийн улсын эдийн засгаа эрүүлжүүлж улам эрчимтэй, хурдтай хөгжүүлсээр байна. Удаан хугацааны дараа Солонгост ирсэн болохоор мэдээж дэлгүүр хэсэж, өөрийн түрүүвчний хэмжээгээрээ “тоглолоо”. (Солонгосчууд чөлөөт цагаа өнгөрөөж зугаалах, кино үзэх, гадуур явахаа ингэж хэлдэг) Солонгос залуучууд бараг бүгдээрээ энгийн биш, маш стильтэй хувцасладаг болсон нь илт мэдэгдэж байна. Дэлгүүрт байгаа бараа нь хямдрал хүлээх хэмжээний цаг зарцуулагдахгүй боломжийн үнээр хурдан зарагдаж, үргэлж шинийг эрэлхийлсэн, ганган дэгжин хэв маягаар залуучууд өөрсдийнхөө имижийг бүрдүүлж гангалдаг болжээ. Дэлхийн хэмжээний бүх брендууд Солонгос залуусын форум болоод МТ-ийн шинэ дэвшлүүд богино хугацаанд тэдний хэрэглээ болчихсон байна. Тэдний хэрэглээний энэ их “шунал тачаал”, хүсэл эрмэлзлэл нь эдийн засгийн өсөлт, шинэ технологи хурдан нэвтрэх, бүтээмж өсөхөд эерэгээр нөлөөлж байгааг мэдэрлээ.
Харин бид хаана яваад байнаа? Монгол улсад маань маш их боломж байгаа ч бид арай өөр замаар яваад байгааг энд ирээд улам бүр мэдэрлээ. Ид шидийн зам ч гэх юмуу даа? 10 жилийн өмнө их сургуулийн 1-3 курсынхэнд Монголын түүхийн хичээл дээр шашны тухай ярилцаж байхад Бөө мөргөлийн тухай ойлголт бараг байхгүй бол одоо шал өөр , оюутнуудын бараг 90 гаран хувь нь бөө юмуу бөөгийн түшээтэй, хамаатан садан, найз нар нь бөө болсон, тодорхой хэмжээний цаг хугацааг түүнд зарцуулж, ид шидээр ажлаа гүйцэлдүүлэх хэмжээний болчихсон. Миний хичээл бараг бөө судлаачдын цугларалт шиг л болчихсон байна. Бид ид шидийг илүү их мөрөөдөөд байгаа бололтой. Манай дарга нар туршлага судлана, мэдээлэл олж авна гээд төсвийн мөнгөөр гадагшаа зөндөө явдаг. 7 хоногт нисэхийн 2 компанийн 10 нислэгээр дүүрэн хүмүүс 2 улсад зорчиж байна. Таминээ бид мааш их хоцрогдож байгаагаа Солонгос улсын хориглодог борц, мах, хиам, архи дарс, хэвийн боов, липтон цай, бохь зэрэг олон зүйлсийг мэдсээр байж аз мэдэн Солонгосруу зөөж, буцаж ирэхдээ нэгэнт нэмүү өртөг нь шингэсэн зөөж болох бүхий л хэрэглээний бүтээгдхүүнүүдийг ёлконы мод болтлоо зөөж ирж байхдаа л хоцрогдлоо мэдэрлээ. Бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүнийг авахдаа МТ-ийн дэвшлээс нь суралцах, хамтран ажиллах, хамтран Монголдоо нэвтрүүлэх зэрэг тууштай бодлого явуулдаг болоосой. Багш, судлаачдаа суралцаж байсан газар луу нь хааяа нэг "тийм юм маш сайн судлаад ир" гээд явуулж байгаасай.
Интернетийн ийм хурдаас сэтгэл ханамж аваагүй удсан байна лээ. Энд энгийн юм шиг боловч Монголд гайхамшиг болох зүйлийг хэдий хүртэл зүгээр хараад суух юм бэ?
Subscribe to:
Post Comments (Atom)

0 comments:
Post a Comment